Дожоогийн Цэдэв
Дожоогийн Цэдэв (1940 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрж, 2023 онд Улаанбаатар хотод нас барсан) - Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн (2007 он), эрдэмтэн зохиолч.
Намтар
засварлахТэрбээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын бага сургуульд сурч байхдаа 1952 онд анхны шүлэг нь орон нутгийн сонинд хэвлэгдсэнээс хойш тэрбээр яруу найраг, шүлэг, найраглал, сонет, дууны үг бичиж, мөн үргэлжилсэн үгийн чиглэлд тууж, өгүүллэг, аян замын тэмдэглэл, эссэ зэрэг бүтээж туурвиж байсан бол эрдэм шинжилгээний чиглэлд “Монголын нууц товчоо”, зохист аялгуу, намтар судлал, уран зохиолын уламжлал шинэчлэл, утга соёлын түүх судлал зэрэгт өөрийн оюун санаа, ухаан бодлыг тасралтгүй чилээсээр иржээ.
1956-1958 онд Улаанбаатарт Багш нарыг бэлтгэх сургууль, 1958-1963 онд МУИС-д суралцан төгссөн. Хэл бичиг, утга зохиолын багш мэргэжилтэй.
1963-1966 онд ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт Аспиртантурын зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1967 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1971 оноос эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1974 оноос Улаанбаатар хотын соёл урлагийн байгууллагуудын намын хорооны нарийн бичгийн дарга,
1977-1990 онд МЗЭ-ийн хорооны дарга, 1990 оноос Соёлын яамны Соёл урлагийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан,
1992 оноос Японы Токиогийн их сургуульд зочин профессор, СУИС-ийн Соёл урлаг судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1998-2010 онд СУИС-ийн захирлаар ажилласан.
2023 оны 1-р сарын 6-нд Улаанбаатар хотноо нас барсан.
Бүтээл
засварлахТэрээр 1971 онд “Монгол яруу найргийн уламжлал, шинэчлэл” сэдвээр дэд эрдэмтний зэрэг, 1977 онд “Монголын нууц товчооны билгэдэл зүй” сэдэвт зохиолоор шинжлэх ухааны доктор цол хамгаалсан.
Өгүүллэг яруу найргийн 8 ном гаргасан.
Зарим ном нь ОХУ, Болгар, Казакстан, Хятад зэрэг улсуудад хэвлэгджээ.
Түүний туурвисан “Тавын даваа буюу ухаа хамбан зодогт”, “Орчлонгийн хүрд” туужууд, “Шөнийн гэрэл”, “Хөндий тоосорч байна”, “Уурга”, “Дангийн даавуун майхан”, “Айргийн амт” өгүүллэгүүд, “Сэвтээ нь үгүй сэтгэл”, ”Оюутан цаг насны баясгалан”, ”Алтан намар”, ”Энх улирал”, ”Анхны хайр” дууны шүлэг, ”Зүрхний айзам” бэсрэг найраглал нь өдгөө нэгэнт Монголын их утга зохиолын алтан сан хөмрөгт хүндтэй байр суурийг эзэлсэн юм. 100 гаруй дууны үг бичсэн.
Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит утга зохиолын шагналт.