Шадавын Лувсанвандан

Бэсүд овогт Шадавын Лувсанвандан (* 1910 оны 1 сарын 20-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд[1]; † 1983 оны 7 сарын 3) нь орчин үеийн монгол хэл шинжлэлийн ухааныг олон салбар бүхий бие даасан цогц шинжлэх ухаан болгон хөгжүүлэх их үйл хэрэгт өөрийн бүтээлч сэтгэлгээ, бүхий л амьдралаа бүрэн зориулсан нэрт эрдэмтдийн нэг нь ерөнхий хэл шинжлэлийн гарамгай онолч, ахмад дуун хөрвүүлэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, Монгол улсын төрийн шагналтан, Монгол улсын гавьяат багш, ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич), хэл шинжлэлийн ухааны доктор (Sс.D), профессор багш.

Ш.Лувсанвандан 1936 оны намраас эхлэн 1943 он хүртэл Монгол улсын Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дуун ухааны тасагт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байхдаа 1938-1940 онд “Шинэ толь” хэмээх шинжлэх ухааан, танин мэдэхүйн сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүнээр хавсран ажиллаж байв. 1945 оноос хойш Монгол Улсын Их Сургуульд монгол хэлний багш, монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч (1949-1957), эрдэм шинжилгээний ахлах ажилтан зэрэг ажил албыг тасралтгүй үр бүтээлтэй хийж явжээ.

Монголын утга соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд профессор Ш.Лувсанванданы оруулсан бодит хувь нэмэр, туурвиж бүтээсэн олон талтай, үр бүтээлтэй үйл ажиллагааг төр засгаас өндрөөр үнэлж, 1941 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн хорин жилийн ойгоор Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1952 онд МУИС-ийн арван жилийн ойгоор Сүхбаатарын одонгоор шагнаж байжээ. Ш.Лувсанвандан багштан 1956 онд профессор цол хүртэж, 1961 онд Монгол Улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич)-ээр сонгогдож, 1972 онд Хэл бичгийн ухааны шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хүртэж, улмаар 1980 онд Монгол улсын Гавьяат багш гэсэн эрхэм цолыг хүртсэн эрин үеийн их алдартан болно.

Тэрээр 1983 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүнд өвчний улмаас насан өөд болжээ.

Түүний бүтээл туурвил нь ямагт ерөнхий хэл шинжлэлийн онолын гүн гүнзгий үндэслэлтэй, хэлний бодит баримт нотолгоо сайтай байдгаараа бусдаас онцгойрон ялгардаг билээ. Академич Ш.Лувсанвандан багш "Орчин цагийн монгол хэлний шууд ба шууд бус тийн ялгал" (1965), "Орчин цагийн монгол хэлний урт эгшгийн гарлын тухай асуудалд" (1966), "Монгол хэлний үгсийг аймаглах тухай асуудалд" (1967), "Фонемын онолын тухай асуудалд" (1968), "Морфемын онолын тухай асудалд" (1968), "Хэлний нөхөх, үл нөхөх байрлалын тухай асуудалд" (1969), "Хэл шинжлэлд хийсвэрлэх аргын холбогдох нь" (1972), "Хэл, хэлэх хоёрын учир" (1973), "Хэл - дохионы тогтолцоо болох нь" (1975), "Хэл, түүний нэгжүүдийн хувирах, тогтох тухай асуудалд" (1976), "Хэлний өнгөн бүтэц, гүн бүтцийн тухай асуудалд" (1978), "Нийлмэл өгүүлбэр" (1981) тэргүүтэн хэл шинжлэлийн онолын өгүүллүүд бичиж хэвлүүлснийг зориуд онцлон дурдалтай.

Орчин үеийн монгол хэл шинжлэлийн онолын бүтээл туурвилаараа эрин цагийг эзэлсэн их эрдэмтдийн эрэмбэ чансааг манлайлагч нь академич Шадавын Лувсанвандан мөн гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховорхон буй за. Монгол хэл шинжлэлийн түүхэнд оруулсан онол сургаалын хэрэглээний бодит ач холбогдол, хожмын үр өгөөжөөрөө хэдэн үеийн монгол хэл бичиг судлаач нарыг сурган хүмүүжүүлсэн их эрдэмтэн, ерөнхий хэл шинжлэлийн гарамгай онолч, ахмад дуун хөрвүүлэгч, нэрт сурган хүмүүжүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн, Монгол улсын төрийн шагналтан, Монгол улсын гавьяат багш, ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич), хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор (Sс.D), профессор Бэсүд овогт Шадавын Лувсанвандан багшийн эрдэм шинжилгээний бүтээл туурвил нь дотоод, гадаадын монгол судлаач нарт илүү их хүртээмжтэй, тэдний судалгаа шинжилгээний ажил төрөлтэй байнгын нягт холбоотой байдгийн нууц нь хэлний нэгжийг ертөнцийн юмс, үзэгдлийн хөгжил хөдөлгөөн, учир шалтгааны хууль ёстой харьцуулан үзэж, шүтэн барилдуулсан эцсийн дүгнэлт гаргадагт оршино.

Эх сурвалж

засварлах
  1. "mongolinternet.com". Archived from the original on 2018-02-17. Татаж авсан: 2019-06-27.