Аобай (манжаар: ᠣᠪᠣᡳ, Мөлендорфф: Aobai; хятадаар: 鳌拜; пиньинь: Áobài) (1610–1669) бол манжийн Чин гүрний эхэн үеийн цэргийн жанжин, улс төрч, төр баригч сайд байсан хүн юм.

Аобай сайдын хөрөг

Аобай нь манжийн Сувань Гувалгия овгийн хүн. Манжийн Хөвөөт шар хошуунд харъяалагдаж байсан. Түүний өвөө Солго нь 1588 онд Нурхачид дагаар орж, цэргийн албанд зүтгэж эхэлсэн. Аобайгийн эцэг Үйчи нь ах Фиондон жанжны удирдлаган доор Мүгдэн хотын цэргийн түшмэлийн алба хашиж байсан. Аобай нь 1634 онд манжийн их цэрэгт багтаж, Цахарыг дайлсан аянд гавъяа байгуулсан тул сумын занги болсон. 1637 онд Чин гүрний арми Чосонь улс руу хийсэн довтолгоонд стратегийн жижиг түшиц газар Пидао арлыг эзэлж, Мин улсын цэргийн хуаранг устгасан гавъяа байгуулсан тул Батуру (монголоор Баатар) цолыг хүртсэн. 1643 онд Дээд эрдэмт хаан өөд болсны дараа Хоогэ ханхүүг дэмжиж байснаас болж, Доргоны талын ноёдтой зөрчилдөж байсан.

1644 онд Чин гүрний арми Ли Зичэнгийн удирдсан хятад цэргийг дайлж, олон гавъяа байгуулсан тул 1645 онд цэргийн жанжин болж, тушаал дэвшив. 1648 онд Хоогэ чин ван урвасан хэргээр цаазлуулсны дараа, Аобай нь хэргэм зэргээ хураалгаж, шоронд орсон. 1650 онд Доргон үхсний дараа хэргэм зэргээ сэргээлгэжээ.

1661 оны 2 сард Эеэр засагч хаан салхин цэцэг өвчнөөр өөд болох үедээ түүнийг Төрд туслагч сайд хэмээн өргөмжлөн, Энх амгалан хааныг 16 нас хүртэл туслан төрийн хэргийг шийдэх сайдын нэг болжээ. 1661-1669 оны хооронд Сонин, Эбилүнь, Суксаха нарын хамтаар төрд туслагч сайдын үүргийг хашиж байсан. 1667 онд дөрвөн сайдаас хамгийн хөгшин Сонин сайд өөд болсны дараа Аобайгийн өрсөлдөгч Суксаха сайдыг урвасан хэргээр гүтгэж ялд унагаж цаазлуулав. 1667-1669 оны хооронд төрийн эрхэд дангаар ноёрхож байв. 1669 онд Энх амгалан хааны түүнийг гэнэдүүлэн баривчилж, цаазаар авчээ.

1713 онд Энх амгалан хаан зарлиг буулгаж, Аобайд өршөөл үзүүлэн, тэргүүн дэсийн нань (一等男) цолыг нэхэн шагнаж, үр удмыг нь цагаатгав. Найралт төв хааны үед Аобайд тэргүүн зэргийн гүн (一等公) цол, Чао-у (超武) чимэг соёрхов. Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар эцэг хааныхаа Аобайд олгосон зарлигийг цуцлан, өвөг Энх амгалан хааны зарлигийг хэвээр үлдээв.

Сувань Гувалгия овгийн ахлагч Солго нь 10 хөвгүүнтэй байсны 2 дахь нь Фиондон жанжин, 9 дэх хөвгүүн нь Аобайгийн аав Үйчи юм.

Солго нь дараах есөн хөвгүүнтэй.

  1. Аду баян
  2. 1-р дэсийн гүн Фиондон: Нурхач хааны шилдэг таван жанжны нэг.
  3. Хурхачи баян
  4. Индахучи мэргэн
  5. Урхан
  6. Бабэн
  7. Лангэ
  8. Ярба
  9. Үйчи: Аобай сайдын аав.
  10. Аньгайфиянгу

Аобай нь Намуфу хэмээх ганц хөвгүүнтэй. Намуфу нь Шуанфу, Далишань, Дафу гэх гурван хөвгүүнтэй байсан.

Холбоотой хуудас

засварлах