Фиондон (манж хэл: ᡶᡳᡠᠩᡩᠣᠨ, галиг: fiongdon; хятад: 費英東; пиньинь: Fèiyīngdōng) (1564–1620) бол манжийн Хожуу Алтан Улсын өрлөг жанжин, Нурхач хааны шилдэг таван жанжны нэг юм.

Сувань Гувалгия овгийн эзэн ноён Солгогийн дэд хөвгүүн. 1588 оноос Нурхачид зүтгэж эхэлсэн. Тэрбээр Нурхачийн төлөө үнэнч шударгаар зүтгэж, дайн тулаанд идэвх зүтгэлтэй байжээ. Нэгэн удаа Фиондоны хүргэн ах Дүйцин баян хэмээгч Нурхачийн эсрэг хуйвалдаанд оролцоход уг явдлыг нуулгүй илчлэн барьж өгсөнд, Нурхач түүнийг заргач ноён болгож, эрүү заргыг шүүх, маргаан будилааныг таслах үүргийг хариуцуулжээ.

1598 онд Нурхачийн ууган хөвгүүн Цүень бэйлийн удирдлага доор Варка, Аньчулаку тэргүүтэй хорь гаруй овог, хот тосгодыг эзлэн авав. 1615 онд Нурхач бээр найман хошууг байгуулахад Фиондоноор хөвөөт шар хошууг захируулан, тус хошууны эзэн болжээ. 1616 онд Нурхач Хожуу Алтан улсыг байгуулахдаа Фиондоныг таван их сайдын нэгээр өргөмжлөн, тус улсын заргач болгов. 1619 онд цэрэг захиран Мин улсын харьяанд байсан Фушунь хотыг довтлов. Мин улсын жанжин Ту Сүний эсрэг Сарху уулын дэргэд тулалдан ялж, ялснаар Мин улсын 400,000 хэмээн алдаршуулсан цэргийн хүчний нэг хэсгийг бут ниргэсний дараа тус жилийнхээ намар нь зүрчидийн Ехэнара овгийн Гинтайшийн удирдсан цэргийн эсрэг байлдаж, ялснаар Мин улс-Ехэнара аймгийн холбоотны цэргийг ээлжлэн ялахад манлай цэрэг удирдан оролцжээ. 1620 онд Фиондон жанжин өвчнөөр нас барсан.

1632 онд Дээд эрдэмт хаан түүнийг Жи И гүн (直义公) цолоор нэхэн өргөмжлөв.[1] 1636 онд Дээд эрдэмт хаан өөрийн өвөг дээдэстээ зориулж тахилын сүм байгуулсны дараа зүүн жигүүрт нь Фиондоны нэрийг байрлуулж, тахив.[1] 1659 онд Эеэр засагч хааны зарлигаар 3-р зэргийн гүн цолоор нэхэн өргөмжлөв.[1] 1670 онд Энх амгалан хааны зарлигаар түүний бунхны дэргэд хөшөө босгож, бичээс сийлүүлэв.[1] 1778 онд Тэнгэрийн тэтгэсэн хааны зарлигаар тэргүүн зэргийн гүн цолоор нэхэн өргөмжлөв.[1]

Үр хойчис

засварлах
  • Өвөө: Сувань Гувалгия овгийн ахлагч Чанкани мэргэн (常喀尼墨尔根)
  • Аав: Сувань Гувалгия овгийн ахлагч Солго
  • Ах дүүс: Аду баян (阿都巴颜), Хурхачи баян (琥尔哈齐巴颜), Иньдахучи мэргэн (音达户齐墨尔根), Урхан (吴尔汉), Бабэнь (巴本), Ланькэ (朗格), Ярба (雅尔巴), Вэйци (卫齐), Ангайфиянгу (安盖费扬古)
  • Эхнэр: Айсингиоро овгийн Цүень бэйлийн ууган охин (1601-1662). Цүень бэйл бол Нурхачийн ууган хөвгүүн юм.
  • Хөвгүүд:
  1. Наньчин (南钦)
  2. Нахай (納海), 3-р зэргийн жанжин
  3. Накабу (那卡布)
  4. Туохуй (托惠), хааны шадар сайд
  5. Сэхай (色海)
  6. Суохай (索海), 2-р дэсийн заланы занги
  7. Тулай (圖賴), 1-р дэсийн гүн
  8. Суожи (索吉)
  9. Суваньян (苏完颜)
  10. Чахани (察哈尼), 3-р дэсийн амбан занги
  11. Дүүгийн хөвгүүн Обой (鳌拜), Энх амгалангийн өмнөөс төрийг захирч байсан дөрвөн сайдын нэг
  • Охид:
  1. Нэр тодорхойгүй охин, Шурхачийн 5-р хөвгүүн төрийн хэхуй бэйл Сайсангугийн хатан болсон
  2. Нэр тодорхойгүй охин, Шурхачийн 8-р хөвгүүн хошой жянь чин ван Фиянгугийн хатан болсон.
  3. Нэр тодорхойгүй охин, Нурхачийн отгон дүү бэйл Баяарагийн хатан болсон.
  4. Нэр тодорхойгүй охин, төрийн цүэхоу бэйл Дурхугийн хатан болсон. Дурху бол Цүень бэйлийн ууган хөвгүүн Дудугийн ууган хөвгүүн юм.

Холбоотой хуудас

засварлах
  1. 1.0 1.1 1.2 1.3 1.4 《清史稿》卷二百二十五/ 列傳十二/ 費英東