Исай Калистратович Калашников
Исай Калистратович Калашников (1931 оны VIII сарын 9, Шаралдай гацаа, Мухаршивэр аймаг, ЗСБНӨЗБУ - 1980 оны V сарын 30, Москва) - Зөвлөлтийн зохиолч, ЗСБНХУ-ын Зохиолчдын эвлэлийн гишүүн (1963), Буриадын Ардын уран зохиолч (1973), ЗСБНӨЗБУ-ын Төрийн шагналын эзэн (1970). "Догшин жаран" хэмээх Чингис хааны тухай түүхэн романы зохиолч гэдгээрээ алдартай.
Намтар
засварлахШаралдай гацаанд семейскийн (Семейскүүд (семейские) бол XVIII зууны үед Оросын хатан хаан II Екатеринагийн тушаалаар Өвөр Байгалийн бүс нутагт цөлөгдөж очсон оросын үнэн алдартны (православие, orthodoxy) шашны "хуучин шүтлэгтнүүд"-ийн ("старообрядчество") удам юм. "Хуучин шүтлэгтнүүд" нь 1651-1660 оны Оросын шашны шинэчлэлээс өмнөх үнэн алдартны дэг жаягийг дагадаг хүмүүс болно) гэр бүлд төрсөн. Сургуулийн 4-р ангиа төгсөөд юуны өмнө хоньчноор, тэгээд тракторын бригадад ажиллаж эхэлжээ. 1950 оноос Итанцинскийн ойн аж ахуйд (Кома гацаа, Байгалийн шадар аймаг) мод бэлтгэх, мод боловсруулах, мужаан, токарьчин зэрэг ажлыг хийв.
Анхны өгүүллэг "Сашка" нь "Буриад Монголын үнэн" ("Бурят-Монгольская правда") сонинд хэвлэгдсэн байна. 1954 оноос "Буриад Монголын комсомол" ("Бурят-Монгольский комсомолец") сонины ажилтан байв. Дунд боловсролоо оройн сургуулиар олж авсан.
1959 онд "Байгалийн дээгүүрх гэрэл" ("Свет над Байкалом") сэтгүүлд Калашниковын анхны роман "Сүүлчийн ухралт" ("Последнее отступление") (Өвөр Байгаль дахь иргэний дайны тухай) хэвлэгджээ. Романы гол баатрууд нь түүний төрөлх Шаралдай гацааны оршин суугчид юм. Цаашид "Төгөл" ("Подлесок"), "Намаг дундуур" ("Через топи") туужууд нь дагалдан гарав.
1963 онд ЗСБНХУ-ын Зохиолчдын эвлэлд элссэн. 1963-1965 онд Москва дахь М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын өндөржүүлсэн курсад суралцав. 1965 онд ЗСБНӨЗБУ-ын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар сонгогджээ.
XX зууны эхний хагас дахь Өвөр Байгалийн семейск-хуучин шүтлэгтнүүдийн амьдралыг харуулсан "Цоорхой өвс" ("Разрыв-трава") роман нь 1970 онд хэвлэгдэв. "Цоорхой өвс" роман нь "Роман-газета"-д, дараа нь "Современник" хэвлэлийн үйлдвэрт хэвлэгдсэн байдаг. Энэ бүтээлээрээ зохиолч ЗСБНӨЗБУ-ын Төрийн шагнал хүртжээ. Уг романаас сэдэвлэсэн жүжгийг Оросын драмын театрын тайзнаа тавьсан байна.
1973 онд түүнд "Буриадын Ардын уран зохиолч" хэмээх цол олгов.
1978 онд Чингис хааны амьдралын тухай өгүүлсэн "Догшин жаран" ("Жестокий век") түүхэн роман нь хэвлэгджээ.
1979 онд Мосфильм Калашниковын "Мөрдөн байцаалт" ("Расследование") туужаас сэдэвлэн "Чимээгүй хашхираан" ("Крик тишины") уран сайхны киног бүтээв. Киноны зохиогч нь зохиолч өөрөө байлаа. Мөн 1979 онд энэ туужаас сэдэвлэн "Мөрдөн байцаалт" радио жүжгийг тавьжээ (дүрүүдэд: Лев Дуров, В.Погорельцев, Б.Толмазов).
Бусад бүтээлүүд: "Талбай гатлахтай адил хялбар биш" ("Не поле перейти") (1982), "Ургаж буй нахиа" ("Деревцу - расти") (дараа нь "Төгөл" ("Подлесок") нэрээр хэвлэгдсэн) (1962), "Хүмүүст" ("К людям") (1964), "Намаг дундуур" ("Через топи") (1966), "Мөрдөн байцаалт" ("Расследование") (1978) туужууд ба олон тооны богино өгүүллэгүүд.
Калашниковын бүтээлүүдийг казах, киргиз, буриад, немец, туркмен, чех, эстони болон бусад хэлээр орчуулжээ.
Дурсгал
засварлах- И.К.Калашниковын нэрэмжит Утга зохиолын шагнал - 1998 онд Улаан-Үд хотын захиргаанаас бий болгосон.
- Шаралдай гацаанд И.К.Калашниковын гэр-музей нээгдэв.
- Шаралдай гацааны гудамжуудын нэгийг И.К.Калашниковын нэрээр нэрлэсэн.
- Шаралдай гацааны ерөнхий боловсролын дунд сургууль И.К.Калашниковын нэрэмжит болов.
- Улаан-Үд хотын төв номын сан И.К.Калашниковын нэрэмжит болсон.
- Улаан-Үд хотын И.К.Калашниковын нэрэмжит 47-р сургуулийн нутаг дэвсгэр дээр зохиолчийн хүрэл цээж баримлыг суурилуулжээ.
- Улаан-Үд хотын гудамжуудын нэгийг И.К.Калашниковын нэрээр нэрлэсэн.