Илань жоу (хятадаар:益蘭州; пиньинь:yì lánzhōu) бол Юань улсын Давааны арын төлөөний мужийн баруун хойд зүгт, одоогийн Тува улс, Алтайн БНУ хавийн газрыг хамарч байсан засаг захиргааны нэгж. Илань гэдгийг түрэг хэлээр могой гэсэн үг бол жоу гэдэг нь хятадын уламжлалт нутаг дэвсгэрийн хуваарь нэгж бөгөөд энэ нь монголоор хошуу, сумтай ойролцоо гэж болно.

Иланьжоуг Буянт хааны үед Давааны арын мужид байгуулжээ. Төв суурин нь одоогийн Кызыл хотоос баруун өмнө зүгт байсан гэж үздэг. Уг газар нь 1207 онд Их Монгол Улсад дагаар орсон ч, олон удаа бослого гаргаж байсан ч тухай бүрт нь монгол цэргийн хүчинд дарагдаж байв. 1270 оноос Хубилай хаан өөрийн хятад зөвлөхийн зааснаар Киргиз, Ангар, Хэм Хэмчигүд, Иланьжоу, Ханхан зэргийн таван нутагт заргачийн газрыг байгуулж, заргач, замч, хамгаалах цэрэг томилжээ. 1276 оноос Киргиз аймагт нутаглаж байсан Мөнх хааны удмын Ширэхи, Сарбан, Тугтөмөр нарын залуу ноёд Хайду ханы эсрэг дайтахаар явах замдаа умрыг түвшитгэгч ван Номуган, чинсан Антун нарыг баривчлан Хайду ханд тушааж, Хубилай хааны захиргааг эсэргүүцэн бослого гаргажээ. Энэ үеэс хойш 1293 онд баяд аймгийн Тутуха жанжин кипчак, асудаас бүрдсэн их цэрэг эзлэн түвшитгэх хүртэл Хайду ханы Өгэдэйн хант улс, Хубилайн Юань улс хоёрын дунд холбирч байсан. Тутуха ноён албан хүчээр Киргиз, Кем Кемчигүд, Иланьжоу, Ангар мөрний газрын урвамтгай ардыг Ляояны Доянь харуул, Дайду, Шаньдун болон бусад газарт цөлж суулгасан байдаг. Үүнээс хойш Иланьжоуд 1362 онд Янзай ван Арухунтөмөр ван бослого гаргах хүртэл томоохон үймээн гарсангүй юм.

Холбоотой мэдээлэл

засварлах