Зинедин Зидан

(Зидан-с чиглүүлэгдэв)

Зинедин Язид Зидан (Франц: Zinedine Yazid Zidane, Араб: زين الدين زيدان, Zīn ad-Dīn Zīdān) нь (1972 оны 6 сарын 23-нд төрсөн), Зизу хэмээх хочоороо алдаршсан Францын хөлбөмбөгчин юм.

Зинедин Зидан
Зидан Реал Мадридад 2017 онд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Зинедин Язид Зидан[1]
Төрсөн огноо 1972 оны 6 сарын 23 (1972-06-23) (52 настай)[2]
Төрсөн газар Марсель, Франц
Өндөр 1.85 м[3]
Байрлал(ууд) Довтлох чиглэлийн хагас хамгаалагч
Өсвөрийн баг
1981–1982 AS Фореста
1982–1983 US Сент-Анри
1983–1987 SO Септем-ле-Валлон
1987–1989 Каннес
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1989–1992 Каннес 61 (6)
1992–1996 Бордо 139 (28)
1996–2001 Ювентус 151 (24)
2001–2006 Реал Мадрид 155 (37)
Нийт 506 (95)
Шигшээ баг
1987–1988 Франц U16
1988–1989 Франц U17 4 (1)
1989–1990 Франц U18 6 (0)
1990–1994 Франц U21 20 (3)
1994–2006 Франц 108 (31)
Дасгалжуулсан баг
2014–2016 Реал Мадрид B
2016–2018 Реал Мадрид
2019–2021 Реал Мадрид
Медалийн хураангуй
Эрэгтэйчүүдийн хөлбөмбөг
 Франц улсыг төлөөлөн
Хөлбөмбөгийн ДАШТ
Ялагч 1998 Франц
Дэд байр 2006 Герман
УЕФА АШТ
Ялагч 2000 Бельги–Нидерланд
*Клубын дотоодын лигийн тоглолт, гоолууд

Алжирын Кабылаас гаралтай тэрээр Францын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болон 4 клубт, түүний дотор хамгийн сүүлд Реал Мадрид клубт тоглож байсан. Өөрийн цаг үеийн шилдэг хөлбөмбөгчин гэгддэг. Гайхамшигтай бөмбөг эзэмшилт, тэнцвэр, дамжуулалт, цохилт болон чөлөөт цохилтын чадваруудаар нь түүнийг Францад Мишель Платинитай адилтган шилдэг холбогч гэдэг байна.

Зиданы 1998 оны ДАШТ-ий шигшээ тоглолтонд Бразилын хаалганд мөргөж хийсэн 2 гоол Францыг анх удаа аваргын тавцанд хүргэсэн билээ.

Тэрээр ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчнөөр 3 удаа (1998, 2000, 2003) сонгогдсон 2 тамирчны нэг (нөгөөх нь Роналдо), мөн нэг удаа Европын шилдэг хөлбөмбөгч (1998) болж байв.

Зидан 2006 оны ДАШТ-д оролцоод зодог тайлсан.

Зинедин Зидан нь Францын Марсель хотноо төрсөн хэдий ч төрөлх хотынхоо Олимпик клубт тоглож байсангүй. Тэрээр Ювентуст 3 сая фунтаар худалдагдах хүртлээ Францын лигийн Кан, Бордо багуудад алба хашиж байв.

2001 онд Италийн Ювентус багаа орхиж Испанийн алдарт Реал Мадрид багтай 4 жилийн гэрээ байгуулсан. Уг солилцоо нь 66 сая евро-гоор биеллээ олсон бөгөөд энэ нь Зиданыг дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч болгожээ. Тэрээр Дэвид Бекхэм, Рауль Гонзалес, Луйш Фигу, Роналдо болон Роберто Карлос зэрэг шилдэг хөлбөмбөгчидтэй мөр зэрэгцэн тоглож байлаа. 2001-2002 оны улирлын УЕФА Аваргуудын Лигийн шигшээ тоглолт Глазго хотын Хампден Парк цэнгэлдэх хүрээлэнд болоход тэрээр хожлын гоолыг оруулж байсан түүхтэй.

2006 оны 5 сарын 7-нд Зидан Реал багийн бүрэлдэхүүнд Сантьяго Бернебау цэнгэлдэх хүрээлэнд сүүлчийн тоглолтоо хийсэн. Уг тоглолтонд Реалчууд "ZIDANE 2001 - 2006" хэмээх бичээс бүхий өмсгөлтэй тоглосон юм. Вижареал CF-тэй хийсэн уг тоглолтонд Зидан нэг гоол оруулсан бөгөөд тоглолтын дараа эсрэг багийн хагас хамгаалагч Хуан Роман Рикельметэй өмсгөлөө солилцжээ.

Шигшээ баг

засварлах

Зидан Франц, Алжирын давхар иргэншилтэй бөгөөд анхандаа Алжирын шигшээ багт тоглох хүсэлтэй байсан боловч тухайн үед дасгалжуулагч байсан Абделхамид Кермали түүнийг уриагүй ажээ. Ийнхүү Зидан 1994 оны 8 сарын 17-нд Чехийн багтай хийсэн Францын шигшээ багийн тоглолтонд "3 өнгөт" өмсгөлийг өмссөн юм. Уг тоглолтын 63 дахь минутанд Зиданыг сэлгээгээр ороход 2-0-ээр хожигдож явсан Францын баг 2-2-ын харьцаагаар тоглолтыг дуусгаж чадсан байна.

Зидан Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж 1998 оны Хөлбөмбөгийн ДАШТ-нд оролцон, Бразилын багтай тоглосон шигшээ тоглолтонд толгойгоороо 2 гоол оруулан багийнхаа ялалтанд маш их хувь нэмэр оруулсан юм. Францын баг анх удаа дэлхийн аварга болсон бөгөөд сүүлийн 20 жилийн турш эзэн орны баг түрүүлж чадаагүй байсныг эвдсэн юм. Тэрээр уг ДАШТ-ий хэсгийн эхний тоглолтонд өрсөлдөгч Саудын Арабын багийн ахлагч Фуад Аминыг санаатайгаар гишгэсэн хэмээн улаан хуудсаар торгуулан талбайгаас хөөгдөж, дараах 2 тоглолтонд оролцох эрхээ хасуулсан. Зиданы ойр дотныхны ярианаас үзвэл Амин түүнийг доромжилсон ажээ.

2 жилийн дараа Зидан багтайгаа хамт 2 дахь том тэмцээнийхээ түрүүг авсан. 2000 оны ЕАШТ-ий шөвгийн тоглолтонд Испанийн багийн хаалганд хаалттай цохилтоос оруулсан гоол, хагас шигшээд Португалын багийн хаалганд торгуулийн цохилтоор оруулсан алтан гоол нь Францын багийг шигшээ тоглолтонд хүрэх замыг зассан билээ. Энэхүү амжилтаараа Францын шигшээ баг дэлхийд чансаагаараа тэргүүлэх болж, Баруун Германы баг 1976 онд 2 жилийн өмнө Дэлхийн аварга болсныхоо дараа Европын аваргын хэргэмд хүрсэн амжилтыг давтсан бөлгөө.

2002 оны Хөлбөмбөгийн ДАШТ-д тэрээр гэмтлийн улмаас олигтой тоглолт үзүүлж чадаагүй. Өмнөх тэмцээний аварга Францын баг ч ганц ч гоол оруулалгүй, ганцхан оноотойгоор тэмцээнээ өндөрлөсөн билээ. Зидан уг ДАШТ-ий эхний 2 тоглолтыг гэмтлийн улмаас өнжиж, ганцхан тоглолтонд оролцсон нь багийн амжилтанд сөргөөр нөлөөлсөн юм.

2004 оны 8 сарын 12-нд ЕАШТ-д, уг тэмцээнд түрүүлсэн Грекийн багт хожигдон хасагдсаны дараа Зидан дахиж шигшээ багтаа тоглохгүй гэдгээ зарласан.

Гэвч Францын баг 2006 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан тэмцээнд маш муу тоглож, ДАШТ-д оролцох эрхээ олж авч чадах эсэх нь эргэлзээтэй болоод байсан үед Зидан буцаж ирсэн юм. Шигшээ багаасаа зодог тайлаад байсан хагас хамгаалагч Клод Макелеле, хамгаалагч Лилиан Тюрам нарын "алтан үе"-ийнхэн ч бас багтаа буцаж ирэв. Ийнхүү 2005 оны 9 сарын 3-нд Фарерын арлын багийг 3-0-ээр хожсоноор Францын баг Германыг зорих эрхтэй болсон юм.

2006 оны 5 сарын 27-нд Францын баг Мексикийн багийг Сен-Дени дэх Стад де Франц цэнгэлдэх хүрээлэнд 1-0-ээр хожиход Зидан шигшээ багийнхаа хувцсыг 100 дахь удаагаа өмссөн байна. Ийнхүү тэрээс Францын тамирчдаас Марсель Десайи, Дидье Дешам, Лилиан Тюрам нарын дараа зуугийн босгыг давсан дөрөв дэх хүн болжээ.

2006 оны ДАШТ

засварлах

Хэсгийн 2 дахь тоглолтын сүүлийн минутанд Зидан тоглолтыг саатуулсан хэмээн шар хуудсаар торгуулан, 1 тоглолт өнжихөөр болсон юм. Баг нь хэсгээсээ шалгарахгүй бол энэ нь түүний сүүлчийн тоглолт байж болох байсан ч азаар баг нь түүний эзгүйд Тогогийн багийг 2-0-ээр хожиж, фэнүүдэд Зиданыг дэлхийн аваргын дэвжээн дээр дахиж харах завшаан тохиолдсон юм.

Шөвгөрөх тоглолтонд Испанийн багийг 3-1-ээр хожиход Зидан 1 гоол хийж, 1 гоолын дамжуулалтыг хийсэн байна. Түүнчлэн өмнөх тэмцээний аварга Бразилын эсрэг хийсэн шөвгийн тоглолтонд хожлын ганц гоолыг дамжуулсан бөгөөд уг тоглолтын шилдэг тоглогчоор нэрлэгдсэн. Португалтай хийсэн хагас шигшээ тоглолтонд мөн л хожлын ганц гоолыг Зидан торгуулийн цохилтоос оруулан багаа шигшээ тоглолтонд хүргэв.

2006 оны ДАШТ-ий шигшээ тоглолт

засварлах

2006 оны 7 сарын 9-нд болсон ДАШТ-ий шигшээ тоглолт Зиданы хувьд сүүлчийн тоглолт байлаа. Италийн багтай хийсэн уг тоглолтын 7 дахь минутанд Зидан торгуулийн цохилтоор гоол оруулж, 2 дэлхийн аваргын шигшээ тоглолтонд гоол оруулсан амжилтаараа Пеле, Пол Брайтнер, Вава нартай эн зэрэгцэв. Мөн ДАШТ-ийн шигшээ тоглолтонд хамгийн олон буюу 3 гоол оруулсан Вава, Жефф Харст, Пеле нартай мөр зэрэгцлээ.

Гэвч тэрээр Италийн багийн хамгаалагч Марко Матерацциг тоглолтын 110 дахь минутанд мөргөж унаган улаан хуудсаар торгуулан талбайгаас хөөгдөв. Уг тоглолт 1-1 буюу тэнцээгээр өндөрлөж, торгуулийн цохилтын үе дүнд өрсөлдөгчид нь дэлхийн аварга болох нь тэр.

Болсон явдлын үнэн мөнийг тэр хоёроос өөр хүн мэдэхгүй ч уруул уншигчдын дүн шинжилгээгээр Матерацци итали хэлээр "Чи бол алан хядагч янхны хүү" гэж хэлсэн аж. Энэ тухай "хохирогч" Матерацци "Би түүнийг алан хядагчаар нь дуудаагүй. Би тийм үг хэрэглэдэг ч үгүй" гэсэн байна. Харин уг үйл явдал болохын өмнө 2 тоглогч зууралдах үед Матерацци Зиданы цамцнаас татсан бөгөөд Зидан түүнд хандаж "хэрвээ чи миний цамцыг авмаар байгаа бол тоглолтын дараа болъё" гэж хэлсэн нь үнэн юм байна.

Гэвч маргааш нь Зидан ДАШТ-ий шилдэг тоглогчид олгодог Алтан бөмбөг шагналын эзнээр тодров.

Францын баг Парист буцаж ирэхэд ард иргэд тэднийг халуунаар угтаж авсан бөгөөд Берлинд шигшээ тоглолтыг үзэж сонирхсон ерөнхийлөгч Жак Ширак тамирчидтай үдийн зоог барьсан байна.

Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд

засварлах

Ювентус багийн бүрэлдэхүүнд

засварлах

Реал Мадрид багийн бүрэлдэхүүнд

засварлах

Хувийн шагналууд

засварлах

Хувийн амьдрал

засварлах

Зиданы эхнэр Вероник Зидан нь Испани гаралтай бөгөөд бүжигчин, загвар өмсөгч байсан. Тэд 1993 онд гэрлэж, Энцо, Лука, Тео, Эляз хэмээх 4 хөвгүүний эцэг эх болцгоожээ. Зидан өөрийгөө "Исламын шашинтан" гэсэн байдаг.

Цахим холбоос

засварлах
  1. "Acta del Partido celebrado el 12 de mayo de 2019, en San Sebastián-Donostia" [2019 оны 5 сарын 12-нд Сан Себастьян-Доностиад болсон тоглолтын тэмдэглэл] (испани хэлээр). Испанийн Хааны хөлбөмбөгийн холбоо. Эх хувилбараас архивласан: 2019-12-14. Татаж авсан: 2019-06-14.
  2. "Зинедин Зиданы танилцуулга". ESPN Soccernet. Эх хувилбараас архивласан: 2011-06-28.
  3. "Зинедин Зидан". Ювентус. Эх хувилбараас архивласан: 2000-06-13.