Збигнев Бжезински

Збигнев Казимеж Бжезински (пол. Zbigniew Kazimierz Brzeziński; 1928 оны 3-р сарын 28-нд Польшийн Тернополийн Бережаны хотод төрсөн- 2017 оны 5-р сарын 26-нд АНУ-ын Виржини мужийн Фолс Черч хотод нас барсан) - Польш гаралтай Америкийн улс төр судлаач, социологич, төрийн зүтгэлтэн. АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч Жимми Картерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх (1977-1981). "Гурвалсан комисс"-ыг (АНУ-Баруун Европ-Япон) Дэвид Рокфеллертай хамт үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд 1973-1976 онд захирал нь байсан. Жонс Хопкинс Их сургуулийн Стратеги, олон улсын судалгааны төвийн гишүүн, мөн тус сургуулийн Олон улсын гүнзгийрүүлсэн судлалын сургуулийн профессор. Олон улсын харилцааны алдартай "Шатрын их хөлөг: Америкийн тэргүүлэх байр суурь ба түүний геостратегийн зайлшгүй шаардлага" (англи. The Great Chessboard: American Dominance and its Geostrategic Imperatives) ном зэрэг олон бүтээлийн зохиогч. Удаан хугацааны турш АНУ-ын гадаад бодлого тодорхойлогчдын нэг байсан.

Збигнев Бжезински. 1977 он

"Вашингтоны гадаад бодлогын хамгийн алдартай бөгөөд нөлөө бүхий ахмад дайчдын нэг" гэж Euronews суваг 2013 онд түүнийг танилцуулж байжээ. Тэрбээр Америкийн урлаг, шинжлэх ухааны академийн (American Academy of Arts and Sciences) гишүүн байжээ. 1981 онд тэрбээр АНУ-ын энгийн иргэдэд олгодог хоёр дээд шагналын нэг болох "Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх чөлөөний медаль"-иар (англи. Presidential Medal of Freedom) шагнагджээ.

Бага нас

засварлах

Албан ёсны намтарт дурдсанаар тэрбээр Польшийн язгууртан, дипломатч эцэг Тадеуш Бжезински (1896-1990), эх Роман Леония (1896-1985) нарын гэр бүлд төржээ. Эцэг Тадеуш Бжезински 1931-1935 онд Германд ажилласан байна. Ийнхүү Збигнев Бжезински амьдралынхаа эхний хэдэн жилд нацистуудын хүчирхэгжилтийн эхний үеийг өөрийн нүдээр харжээ. 1936-1938 онд Тадеуш Бжезински Иосиф Сталины их хэлмэгдүүлэлтийн үеэр Зөвлөлт Холбоот Улсад илгээгдсэн бөгөөд хожим нь еврейчүүдийг нацистуудаас аврах ажилд оролцсон гэж Израил улсын талархлыг хүлээсэн байна. 1938 онд дайн эхлэхийн өмнөх жил Тадеуш Бжезинскиг Канадын Монреальд Польшийн Ерөнхий консулаар илгээжээ. Бжезинскийгийн гэр бүл Стэнлийн гудамжинд Польшийн Ерөнхий консулын газрын ойролцоо амьдардаг байсан байна. 1939 онд нацист Герман, ЗХУ "Молотов-Риббентропын гэрээ"-нд гарын үсэг зурж хоёр гүрэн Польш руу довтолж Польш орон эзлэгдсэнээр тэдний гэр бүл буцах боломжгүй тэндээ үлдэх болжээ. Дайн түүнд маш их нөлөө үзүүлсэн тухай тэрбээр сүүлд хэлэхдээ: «Польшийн эсрэг онцгой их хүч хэрэглэсэн нь миний ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж, дэлхийн улс төрийн нэгэн томоохон хэсэг бол гүн гүнзгий том тэмцэл юм гэж ойлгоход хүргэсэн» гэжээ.

Тэрбээр Канадад Монреалийн хөвгүүдийн католик "Лоёола коллеж" дүүргээд 1945 онд Монреалийн МакГилл Их сургуульд сурч 1949 онд Бакалавр, 1950 онд Магистрын зэрэг хамгаалсан байна.

Боловсрол

засварлах

Түүний магистрын ажил нь ЗХУ-ын төрөл бүрийн олон үндэстнүүдэд зориулагдсан байжээ. Бжезински Канад улсад дипломат карьераа эхлүүлэхийн тулд Их Британид үргэлжлүүлэн суралцах төлөвлөгөөтэй байжээ. Гэвч Их Британийн иргэдэд олгодог тэтгэлэг л байсан тул түүнд боломж олдоогүй байна. Бжезински дараа нь Харвардын их сургуульд Мерле Фиенсоны удирдлага дор докторын зэрэг хамгаалахаар сурч "ЗХУ болон Октябрийн хувьсгал, Владимир Лениний төр, Иосиф Сталины үйл ажиллагааны хоорондын харилцаа"-нд анхаарлаа хандуулж 1953 онд докторын зэрэг хамгаалсан байна. Тэр жилдээ Мюнхен рүү явж "Чөлөөт Европ Радио"-гийн Польшийн салбарын тэргүүн сэтгүүлч, зохиолч Ян Новак-Ежиоранскитай уулзжээ. Тэрбээр хожим Германы улс төрийн ухааны онолын багш Карл Иоахим Фридрихтэй хамтран 1956 онд Зөвлөлтийг илүү нарийн судалж, тоталитаризмын үзэл баримтлалыг тодорхойлж, түүнийг шүүмжлэх арга хэлбэрийг боловсруулсан байна.

Үзэл бодол

засварлах
 
Ерөнхийлөгч Ж.Картерын хамт, 1977 он.

Тэрбээр Харвардын профессорын хувьд Ерөнхийлөгч Дуайт Д.Эйзенхауэр, Жон Фостер Даллес нарын "төрийн удирдлагыг солих" бодлогыг эсэргүүцэж, аливаа дайсагнал нь Зүүн Европыг Зөвлөлт Холбоот Улс руу түлхэх болно гэж хэлжээ. 1956 оны "6-р сарын эсэргүүцэл", "Польшийн 10-р сарын үймээн", дараа нь 1956 оны "Унгарын хувьсгал" зэрэг нь Зүүн Европчууд Зөвлөлтийн засаглалыг аажмаар эсэргүүцэж чадна гэсэн З.Бжезинскин санааг тодорхой хэмжээгээр баталсан юм. 1957 онд тэрбээр хүүхэд байхаасаа хойш анх удаа Польшид айлчилсан бөгөөд түүний айлчлал нь Зүүн блок дахь гүн хагарлын талаарх өөрийн дэвшүүлж байсан үзэл бодлыг баталжээ. Тэрбээр "энх тайвны амлалт" гэж нэрлэсэн санаагаа боловсруулсан байна. Збигнев Бжезински 1958 онд Америкийн иргэншилтэй болсон байна.

1959 онд Харвардын Их сургууль З.Бжезинскийн оронд Хэнри Киссинжерт хүндэт профессор цолоо олгосон байна. Үүний дараа тэрбээр Нью-Йорк руу нүүж, Колумбийн их сургуульд багшилсан байна. Энд тэрбээр "Хүйтэн дайн эхэлснээс хойш Зүүн Европт анхаарлаа хандуулсан Зөвлөлтийн блок: Эв нэгдэл ба зөрчилдөөн"-ийг бичжээ. Тэрбээр мөн өөрийн эхнэр Эмили шиг Чехээс гаралтай, ирээдүйн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Мадлен Олбрайтыг сургаж, Вашингтонд ажиллаж байх хугацаандаа багшилж байжээ. Тэрбээр мөн Нью-Йорк дахь Гадаад харилцааны зөвлөлийн (англи. Council on Foreign Relations) гишүүн болж, -Билдерберг бүлэг"-т (Bilderberg Group) элссэн байна.

1960-аад онд тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди, Линдон Жонсоны нарын засаг захиргаанд зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Зөвлөлт Холбоот Улстай хатуу бодлого явуулах чиг баримталж байсан. Ерөнхийлөгч Л.Жонсоны бүрэн эрхийн хугацаа дуусмагц тэрбээр дэд ерөнхийлөгч Хамфрийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаад 1968 онд ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилд оролцсон байна. Никсон-Киссинжерийн бодлогыг тууштай шүүмжилдэг хүн байжээ.

1977-1981 онд Ерөнхийлөгч Жимми Картерын захиргаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрбээр ЗХУ-ыг өндөр үнэтэй, анхаарал сарниулах цэргийн мөргөлдөөнд оролцуулах Тагнуулын төв газрын нууц хөтөлбөрийн идэвхтэй дэмжигч байсан бөгөөд ЗХУ-Афганистаны дайн эхэлсний дараа Ерөнхийлөгч Картерт бичсэн захиандаа: "Одоо Зөвлөлт Холбоот Улсад бидний "Вьетнамын дайн"-ыг бэлэглэх боломж гарч байна" гэж байжээ.

З.Бжезински 1978 онд БНХАУ-тай харилцаа тогтоохыг Ерөнхийлөгч Картерт зөвлөж, хоёр улсын харилцааг хэвийн болгох үндэс суурийг тавихаар Бээжинд айлчилсан юм. Энэ нь мөн АНУ-ын коммунизмын эсрэг урт хугацааны холбоотон Тайваньтай харилцаагаа албан ёсоор таслахад хүргэсэн юм.

Ерөнхийлөгч Картерын дор ажиллаж байсан Бжезински Польш дахь "Эв санааны нэгдэл"-ийг идэвхтэй дэмжиж нууцаар зөвлөж байсан гэдэг. Тэр ч байтугай шөнө дунд Пап лам II Иоанн Павелтай утсаар ярьж түүнд урьдчилан анхааруулж байсан байна. АНУ-ын хатуу байр суурь 1956 онд Унгарт, 1968 онд Чехословак улсад болсон Зөвлөлтийн өмнөх үйлдлээс өөр болгоход хүргэсэн юм.

1988 онд Бжезински Ерөнхийлөгч (том) Бушийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн бүлгийг даргалж, Бушийг ерөнхийлөгчид дэмжиж, Ардчилсан намаас салжээ. З.Бжезински тэр онд "зөнч" гэмээр ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачевын хийсэн шинэчлэл амжилтгүй болж, хэдэн арван жилийн дараа ЗХУ задран унахыг урьдчилан таамаглаж байсан "Их уналт" (англи. The Grand Failure) номоо хэвлүүлжээ.

Мөн 1997 онд түүний "Шатрын их хөлөг: Америкийн оройлол ба түүний геостратегийн шаардлагууд" ном хэвлэгдэж, АНУ-ын цаашдын гадаад бодлого, геополитик болон стратегийн талаар бичсэн алдартай бүтээл болсон юм.

Збигнев Бжезински Ерөнхийлөгч Билл Клинтоныг ерөнхийлөгч байх үед НАТО-г Дорнод руу тэлэх үзэл баримтлалын зохиогч байсан юм.

2017 оны 5-р сарын 26-ны орой эмнэлэгт 90 насандаа өөд болсон бөгөөд 6-р сарын 9-нд Вашингтонд албан ёсоор оршуулжээ. Түүнийг оршуулах ёслолд гэр бүлийнхэнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер гэргий Розалин, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт, польшийн улс төрч Адам Ежи Белян, Латви Улсын АНУ-д суугаа Элчин сайд Андрис Тейкманис нар байлцсан байна.

Тэрбээр уран барималч Эмили Бенеш (1932 онд төрсөн), Чехословакийн Ерөнхийлөгч Эдвард Бенешийн зээ охинтой гэрлэж, тэд гурван хүүхэд төрүүлжээ: хүү Ян (1963 онд төрсөн), хүү Марк (1965 онд төрсөн, 2022 оноос АНУ-аас Польшид суугаа Элчин сайд), охин Мику (1967 онд төрсөн).

Мөн тэрээр Лех Бжезински гэж дүүтэй байсан.