Елюй Жилүгү (?-1213) (ханз: 耶律直鲁古; пиньинь: Yēlǜ Zhílǔgǔ) бол Хар Хидан Улсыг 1177-1211 оны хооронд захирсан гурав дахь гүрхан юм. Тэр бол тус улсын елюй угсааны сүүлчийн хаан юм.

Текеш шахтай хийсэн дайн

засварлах

Жилүгү нь Елюй Иле гүрханы хөвүүн бөгөөд, эцэг нь 1163 онд нас барах үед нас балчир байсанд авга эгч Елюй Пүсүвань төрийн хэргийг барьж эхэлсэн. 1177 онд Елюй Пүсүвань хатан хадам эцэг Сяо Волила (萧斡里剌)-д алуулсны дараа Жилүгүд гүрхан болох боломж олдсон. Хаан болсны дараа Сяо Дуолубу жанжны удирдсан арми Хорезмын Мерв, Саракс зэрэг хотуудыг эзлэн, Хорезмын Ил Арслан шахын хөвүүн Султан шахыг дахин Сартуулын шах болгож, Хар Хиданаас тэрсэлсэн Текеш шахын эсрэг тэмцэж байв. Тэр үед Текеш султан кипчакын аймгуудтай худ ургийн харилцаа тогтоож, Хар Хиданы умар, өрнө талаас довтолж эхлэв. Улмаар Хар Хиданы тал Хорасан орчмын Балх хот хүртэл газар нутгаа тэлэн өргөтгөв. 1193 онд Султан шах өөд болсны дараа Текеш султан дайсагнасан харилцаагаа эцэслэж, хуучин харилцаагаа сэргээв.

Гүртэй хийсэн дайн

засварлах

1198 онд Гүр угсааны Баха ал-Дин Сам гэгч Хорезмын эзэмшил Балх хотыг байлдан эзлэв. Алдсан хотоо эргүүлж авахаар Хорезмын Текеш султан, Хар Хиданаас цэргийн тусламж хүссэнд Хиданы Таянгу жанжнаар удирдуулсан 12000 цэргийн хамтаар Гүр рүү довтлохоор бэлдэж байтал Гүрийн талын гэнэтийн довтолгоонд өртөж ялагдав. Энэ явдлыг мэдсэн Елюй Жилүгү амь үрэгдсэн цэрэг бүрийн амийг 10000 динараар үнэлж, нөхөн төлбөр өгөхийг Текешээс шаардав. Текешд их хэмжээний хөрөнгө байгаагүй тул, саяханы дайсан Гүрийн Баха ал-Дин Самаас тусламж хүсч, Гүрээс авсан мөнгөөр Хар Хиданы нэхсэн их хэмжээний мөнгийг өгчээ. Үүний хариуд Гүрийн султанд буулт хийж, дайнаа зогсоов. 1200 онд хорезмын шах Текеш өөд болсны дараа хөвүүн Ала ал-Дин Мухаммад сартуулын шинэ эзэн болох үеэр гүрүүд Мерв, Саракс зэрэг хотуудыг довтлон эзлэв. Үүний эсрэг Мухаммад шах Хар Хиданы тусламжтайгаар 1200-1201 онд өрнөсөн дайнд Мухаммад шах алдсан нутгаа авч, гүрийг ялав. Гэвч 1204 гүрийн султан Шихаб ал-Дин ал-Гурийн удирдсан арми хорезмын төв рүү довтлож эхлэв. Мухаммад шах сөрөг дайралт хийсэн ч, ялагдаж хүнд байдалд орсны дараа Жилүгү хаанаас тусламж хүссэнд Таянгу жанжныг цэрэгтэй нь илгээн гүрийн армийг ухраан Андху тосгоны дэргэд болсон тулаанд Таянгу жанжин, Мухаммад шах, Хар хаант улсын Тажаддин Билгэ хан, Осман хан нарын нэгдсэн цэрэг гүрийн султан Шихаб ал-Диний армийг бут цохин олзлов. Гүрүүд буулт хийж Амударъяа мөрнөөр хилээ тогтоосны дараа Таянгу жанжин цэргээ авч нутаг буцав.

Хар Хятаны мөхөл

засварлах

1204 онд харлугийн Арслан хан бослого гаргахад хидан жанжин Таянгу бослогыг нухчин дарав. 1206 онд Их Монгол Улс байгуулагдсны дараа найманы Хүчүлүг хан зугтан ирэхэд, Жилүгү хааны өмгөөлөлдөө авч Хуньху гүнжээ гэргий болгон өгсөн. Зүүн зүгт монголчууд Найман, Мэргидийн үлдэгдэл бут цохин хил хязгаараа тэлэх хэрээр Хар Хиданы захиргаанд байсан Уйгурын Идүүд хан, Харлугийн Арслан хан нар ээлж дараалан Чингис хаанд дагаар оров. Түүнийг дагаад Алмалык дахь Хар Хятаны харъяаны захирагч ч Монголчуудад дагаар орсон байна. Хорезмын шах Мухаммад 1207 онд Хар Хиданы ноёрхлын эсрэг босч Бухарыг эзлэв. 1210 онд Хүчүлүг, Мухаммад шах хоёр эвсэл байгуулан Мухаммад шахыг Самарканд руу довтлох үеэр Хүчүлүг Узген хотыг эзлэн Жилүгү хааны эсрэг бослого гаргасанд, Самаркандыг орхин Хүчүлүг рүү довтлосон хэдий ч, Хорезмд Трансоксаны газрыг алдав. Харин Хүчүлүг 1211 онд Жилүгү ханыг ан хийж байхад нь барьж аван хаан суудлыг нь булаан авав.

Тэрээр гэрийн хорионд байсаар 1213 онд тэнгэрт халив. Түүний охин Хуньху гүнж, Хүчүлүг хоёрын дундаас Линхун нэрт охин төрсөн нь хожим Тулуй ноёны бага хатан болж, Хутугт нэрт хөвүүн төрүүлсэн.

Өмнөх
Елюй Пүсүвань
Хар Хидан Улсын Гүрхан
1177-1211
Дараах
Хүчүлүг