Елюй Иле
Елюй Иле (хятадаар: 耶律夷列, пиньинь: Yélǜ yí liè) (?-1163) нь Хар Хидан Улсыг 1150-1163 оны хооронд захирсан хоёр дахь гүрхан юм. Тэрээр Елюй Даши хаан, Сяо Табуянь хатан хоёрын хөвүүн.
1143 онд Хар Хиданы хаан Елюй Даши нас барсны дараа түүнийг нас балчир байсан тул Сяо Табуянь хатан хөвүүнээ нас биед хүрэх хүртэл Хиданы төрийг барьсан. 1150 онд нас биед хүрсний дараа Елюй Иле тус улсын хаан сэнтийд өргөмжлөгдсөн. Ляо улсын сударт 1151 онд Шяньчингийн оныг халж, Шаосин (紹興)-гийн тэргүүн оныг тунхагласан тухай мэдээ байдаг ч, археологийн олдворт Шюйшин юаньбао (續興元寶) гэх нэртэй зоос гарсан, иймээс түүний оны цолыг эх сурвалж дээр андуурч бичсэн магадтай юм.[1]
Тэрээр гүрхан болсны дараа улс даяар хүн амын тооллого явуулсанд 84500 өрх бүртгэгджээ. 1156 онд Алтан улсад элч илгээн найрамдлын гэрээ байгуулахаар оролдсон ч, бүтэлгүйтсэн. Мөн жил Харлуг аймгийн Айяр бегээр удирдуулж Бухар, Самарканд хотод бослого гаргасан. Уг бослогыг 1158 онд дарсан ч, түүний дараа Харлугуудыг Бухар, Самарканд хавийн нутгаас Кашгар луу хөөх шийдвэр гарсан. Энэ асуудлаас болж багагүй үймээн гарах үеэр 1163 онд Елюй Иле тэнгэрт хальсан. Түүнийг нас барах үед хөвүүн Жилүгү нь бага балчир байсан, иймээс талийгаач ханы охин дүү Елюй Пүсүванийг тус улсын төр баригчаар сэнтийд залсан.
Эшлэл
засварлах- ↑ Vladimir Belyaev; Vladimir Nastich; Sergey Sidorovich (2012). "THE COINAGE OF QARA KHITAY: A NEW EVIDENCE (on the reign title of the Western Liao Emperor Yelü Yilie)" (PDF). The 3rd Simone Assemani Symposium on Islamic Coins, Trieste (англи хэлээр).
Өмнөх Сяо Табуянь |
Хар Хидан Улсын Гүрхан 1150-1163 |
Дараах Елюй Пүсүвань |