Доржзовдын Энхтуяа

Доржзовдын Энхтуяа (1973 онд төрсөн) нь Монголын сэтгүүлч, улс төрч. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн бөгөөд сэтгүүлч, олон улсын харилцаа судлаач мэргэжилтэй. Тэрбээр Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд 8 хүүхэдтэй айлын отгон охин болж мэндэлжээ. Аав Доржзовд нь малын эмч, ээж Сугар нь багш мэргэжилтэй. Сэтгүүлч мэргэжилтэй Энхтуяа ажлын гараагаа 1992 оноос Монголын үндэсний телевизийн “Үдшийн хэмнэл” студиэс эхэлсэн. Тухайн үед залууст зориулсан телевизийн нэвтрүүлэг бараг байгаагүй бөгөөд тэр үеийн залуусын дунд чамгүй сайн танигдсан. 2020 оны 10-р сард болсон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Баянгол дүүргийн 3-р тойргт нэр дэвшиж ялалт байгуулан Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Доржзовдын Энхтуяа
ХарьяалалМонгол
ИргэншилМонгол улс
Alma materГерман, Карлсруэ Технологийн Институт
Political partyАрдчилсан нам
ХаньДаваагийн Энхболд
Хүүхэд2 охинтой

Гэр бүл, бага нас засварлах

Д.Энхтуяа хэдийгээр Өмнөговь аймагт төрсөн ч Улаанбаатар хотод сурч хүмүүжиж өссөн. Аав ээж нь эрдэм номын хүмүүс тул бүх хүүхдүүдээ боловсрол мэргэжилтэй болоход нь чамгүй сайн анхаарчээ. Аав нь энгийн малчин айлын хүүхэд бол ээжийн талынхан нь эрдэм боловсрол өндөртэй язгууртан угсааны хүмүүс байжээ. Түүний нагац өвөө нь хүүхэд байхаасаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Овоотын хийдэд шавилж монгол, төвөд ном сурсан бөгөөд хэлмэгдүүлэлтийн үед хийдээ орхиж хар болсон ч номоо орхиогүй гэдэг. Тэдний гэр бүлээс зохиолч, сэтгүүлчид гээд бичгийн хүмүүс их төрсөн. Түүний том ах зохиолч Д. Энхболд Монголын үргэлжилсэн үгийн зохиолын нэрт төлөөлөгч бөгөөд “Паанан” туужаараа олны танил болсон.

Боловсрол засварлах

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг орос, англи хэлний орчуулагч багш мэргэжлээр 1997 онд төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй болох зорилгодоо хөтлөгдөн Герман улсыг зорьж 2004 онд Карлсруэгийн их сургуулийг олон улсын сэтгүүлч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгсчээ. 2017-2018 онд ИБУИНВУ-ын Лондон хотын Метрополитаны их сургуульд олон улсын харилцаа, улс төрийн бодлого судлал (Political science) чиглэлээр суралцсан. Орос, герман, англи хэлтэй.

Ажлын туршлага засварлах

Түүний ажлын гараа Монголын үндэсний телевизтэй салшгүй холбоотой. Сэтгүүлч, хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн тэрээр мэргэжлийн сэтгүүлч болохоор шийдэн Герман улсад сурч төгсөж ирснээсээ хойш Ийгл ТВ-д сэтгүүлч редактороор ажиллаж байх хугацаандаа улс төр нийгмийн амьдралтай холбоотой сэдвүүдээр дагнаж ажиллаж байжээ. Тэрээр энэ салбартаа чамгүй амжилт үзүүлж, удирдах манлайлах ур чадвараа олон талаар харуулсан байдаг. Тиймдээ ч NTV телевизэд 2010-2012 онуудад мэдээ шуурхай нэвтрүүлэг хариуцсан дэд Захирал, 2012-2013 онд УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2013-2016 он дуустал МҮОНРТВ-ийн Дэд захирал гэсэн хариуцлагатай ажил албанд томилогдож байгаад 2018 оноос ТВ2 телевизийг байгуулан удирдаж байна. 2020-2024 оны Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч гишүүн.

Санаачилж, гүйцэтгэсэн төсөл хөтөлбөрүүд засварлах

  • МҮОНРТ-ийн дэд захирлаар ажиллах үедээ Монгол улсын түүхэн баримт болох 16мм-ийн хальс дээрх 30,000 ширхэг дамартай хальс байгааг хойч үедээ өвлүүлж үлдээх зорилгоор дижитал хэлбэрт шилжүүлэх төслийг санаачлан хэрэгжүүлсэн нь одоо олон нийтэд цацагдаж эхэлсэн.
  • НХХЯамтай хамтран кино урлагаар дамжуулж нийгэмд эерэг сайн зүйлсийг түгээх зорилгоор өнөөгийн гэр бүл түүнийг тойрсон амьдралыг харуулсан “Хоймор өнжих нар” 57 ангит бүрэн хэмжээний кино төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

УИХ-ын Тамгын Газар засварлах

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, мэдээ мэдээллийг тоймлон долоо хоног бүр хэвлэлийн хурал зохион байгуулах ажлыг санаачилсан. Үүний үр дүнд нийт иргэд хугацаа алдахгүй мэдлэг мэдээлэл авах боломжтой болсон.

“Хүүхдээ хайрлая сан” ТББ засварлах

Сургуулийн өмнөх насны хүүхдийн өсч бойжиход эрүүл саруул орчин бүрдүүлэх, сайжруулах тал дээр анхаарч ажилладаг. Энэ ажлын хүрээнд орон нутгийн цэцэрлэгүүдэд хэрэгцээтэй зүйлс болон мөнгөн хандив үзүүлдэг. Хамгийн сүүлд 2020 оны 1-р сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумын цэцэрлэгийн бага ангийг тохижуулж өгсөн.