Вильхелм Оствальд
Вильхелм Оствальд (гер. Wilhelm Friedrich Ostwald, латв. Vilhelms Ostvalds, 1853 оны 9 сарын 2 – 1932 оны 4 сарын 4) нь Германы физик-химич, гүн ухаантан, 1909 онд химийн шинжлэх ухааны Нобелийн шагнал хүртсэн.
|
Намтар
засварлах1853 онд Оросын эзэн хаант улсын харьяаны Лифляндын мужийн Рига (одоо Латвийн нийслэл) хотод архины мухлагийн эзний хүү болон мэндэлжээ. Эцэг Готфрид Вильхелм Оствальд, эх -Елизавета Лойкель.
1875 онд Дерптын Их Сургууль / өнөөгийн Эстонийн Тарту Их Сургуулийг / төгсөөд 1875-1881 онд багшилж байгаад 1882-1887 онд Ригын Политехникийн Сургуульд профессор, 1887-1906 онд Лайпцигийн Их Сургуульд багшилж байв.
1885 онд Оствальдын ялгах аргыг нээв. Мөн катализаторын талаар судалгаа хийж, бордоо болон динамитыг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой болгосон азотын хүчил гаргаж авах Оствальдын процессыг олжээ. Энэ арга нь одоог хүртэл үйлдвэрийн аргаар азотын хүчил гарган авах гол арга байсаар байна. Түүхий эд болох аммиакыг гарган авахын тулд Хабер-Бошийн процесстэй хамт хийгдэх нь олонтаа.
Химийн шинжлэх ухаанд моль гэдэг нэгжийг анх 1900-аад оны үед Оствальд хэрэглэсэн гэдэг.
Шинжлэх ухааныг зохион байгуулагчийн хувьд Оствальдын үйл ажиллагаа олонд танигдсан. Түүний Лайпцигийн их сургуулийн физик химийн лабораторид янз бүрийн орны оюутнууд, химичид шинэ шинжлэх ухаан - физик химийн чиглэлээр суралцсан бөгөөд тэдгээрийн ихэнх нь дараа нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэд болсон. Тэдний дунд Аррениус, Нернст, Рамсей, Габер нар байдаг.