Нирван
Нирван гэдэг нь Нирвана гэх Самгард үг бөгөөд гаслангаас тонилох, зовлонгоос гэтлэх гэсэн утгатай үг юм. Энэ нь Буддизмын эрхэм гол зорилгын нэг бөгөөд Бурхан багш зовлонгийн шалтгаан болсон 84000 муу сэтгэлийн ерөндөг болгож 84000 цогц өөр өөр аргуудыг агуулсан 84000 цогц ном айлдсан гэдэг. Дашрамд дурдахад тэдгээр 84000 цогц номоос эдүүгээ Гаанжуурын 108 боть ном нь цагийн уртад усталгүй үлдсэн гэж Буддистууд үздэг байна. Нирвааныг бурханы шашинд ерөнхийдөө хоёр ангилдаг байна.
1. Их хөлгөний нирваан буюу Үл орших нирваан
2. Бага хөлгөний нирваан гэж ангилна.
Бага хөлгөний нирвааныг дотор нь бас хоёр ангилдаг. Тэр нь
1. Үлдэгдэлтэй нирваан
2. Үлдэгдэлгүй нирваан хэмээн ангилдаг гэжээ.
Нийтдээ нирваан нь гурван янз байгаа гэж ойлгож болох юм.
Нирвааны хутгийг олох арга нь муу сэтгэлийг тэвчих бөгөөд муу сэтгэлийг тэвчихэд муу сэтгэлийн уг үндэсийг устгах хэрэгтэй гэдэг бөгөөд тэрхүү уг үндэсийг хоосон чанарыг онож ухаарсанаар устгах боломжтой хэмээн үздэг байна. Хоосон чанарыг ухаарна гэдэг нь шүтэн барилдлагыг ойлгохоос шууд хамааралтай ба шүтэн барилдлага нь оршихуйн бодит уялдаа холбоог хэлдэг байна. Товчдоо бодит байдалд мунхагласан оюун нь мунхаг буюу муу сэтгэлийн үндэс гэж Буддизм үздэг. Муу сэтгэлээр үйл хурааж тэр үйлээрээ зовлонт орчлонд орчдог байна.