Карл Хайнрих Маркс (Герман: Karl Heinrich Marx; 1818 оны 5 дугаар сарын 5-нд Пруссийн Трир хотод төрж, 1883 оны 3 дугаар сарын 14-нд Британийн Лондон хотод нас барсан) нь XIX зууны философич, улс төрийн эдийн засагч болон хувьсгалч байжээ. Түүнийг "Коммунизмын эцэг" хэмээн нэрийдэх нь элбэг бөгөөд, тэрбээр сурган хүмүүжүүлэгч болон улс төрийн зүтгэлтэн байв. Маркс нийгмийн болон улс төрийн асуудлуудыг хөндөж байсан ба түүхийн анализ хийснээрээ ч алдартай билээ. Түүний баримталж байсан үзэл бодол нь Коммунист Намын Тунхаг (1848) бүтээлийн "Эдүгээг хүртэл оршин байсан нийгмийн түүхүүд нь ангийн тэмцлийн түүх юм." хэмээх эхний мөрөөс харагддаг. Маркс нь капитализмыг, урьд нь байсан, нийгэм болон эдийн засаг дээр тулгуурласан нийгмүүдийн адил дотоод шалтгаануудын улмаас сүйрнэ хэмээн үздэг байв.

Карл Маркс

Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа түүний үзэл суртлууд хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө багагүй үзүүлсэн билээ. Энэхүү нөлөө нь Оросын Октябрийн хувсгалын марксист большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авсан бөгөөд XX зуунд марксист үзэлд бага ч болов автаагүй газар ховор байв.

Карл Маркс 1818 оны 5 дугаар сарын 5-нд Германы Трир хотод еврей гаралтай өмгөөлөгч Хенрих Маркс (1777—1838), Хенриетта Маркс нарын хүү болж төрсөн. Тэрээр Трир хотын Фридрих-Вильхельмийн гимназид сурсан.

Бонн, Берлиний их сургуульд суралцан хуулийн болон эдийн засгийн боловсрол эзэмшжээ. Гегелийн философийн нөлөөн дор философи, эрх зүйн судалгаа хийж, “Демократ ба Эпикурын натурфилософийн ялгаа” сэдвээр 1841 онд Иенийн их сургуульд философийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Тухайн үеийн Пруссийн хаант засаглалтай үзэл санааны зөрөлдөөнтэй байсан болохоор их сургуульд багшлах сонирхолоо орхиж, чөлөөт сэтгүүлч, нийтлэгчийн ажлыг дагнан эрхлэх болжээ.

Маркс улс төр, эдийн засгийн сэдвээр Европ, Америкийн хэд хэдэн сонин сэтгүүлд нийтлэлээ тогтмол хэвлүүлдэг байсан бөгөөд улс төрийн амьдралд идэвхтэй оролцогч төдийгүй түүнийг зохион байгуулагч нь байв. К.Маркс 1847 онд Шударгачуудын холбоонд (хожим нь Коммунистуудын холбоо болсон) Фридрих Энгельсийн хамт гишүүнээр элсэж, 1848 онд Коммунистуудын төв хороог удирдаж байсан бөгөөд тэр үед алдарт “Коммунист намын тунхаг”-ийг Ф.Энгельстэй хамтарч зохиосон. 1864 онд “Олон улсын ажилчдын нөхөрлөл” буюу Нэгдүгээр Интернационалыг байгуулахад идэвхтэй оролцож, хэрэг дээрээ түүний удирдагч нь байв. Нэгдүгээр интернационалын “Зохион байгуулалтын тунхаг”, “Түр дүрэм” зэрэг олон баримт бичгийг боловсруулжээ. Маркс улс төрийн янз бүрийн хөдөлгөөн, тэр тусмаа ажилчны болон социалист хөдөлгөөнийхөнтэй байнга санал зөрдөг байсан юм. Залуу насаа буюу 1843 оноос Франц, Бельги зэрэг орноор хөөгдөж дүрвэн амьдарч байгаад 1849 онд хоёр дахь эх орон болох Англид суурьшин насан эцэс болтлоо амьдарчээ. Маркс бага наснаасаа үерхэж ирсэн, том эгч Софийн найз Женни фон Вестфалентай 1843 онд ханилж олон хүүхэд төрүүлснээс гурав нь балчир үедээ нас баржээ.

Маркс нь нэлээн ядуу байсан ба энэ тухайгаа хэрвээ би дахин амьдрах юм бол гачигдаж дутагдсан энэ л амьдралаа дахин сонгохдоо эргэлзэхгүй боловч гэр бүлээ зовоохгйн тулд эхнэр л хэзээ ч авахгүй байсан гэж хамтран зүтгэгч ивээн тэтгэгч Ф.Энгельст бичсэн захидалдаа дурьдсан байдаг. Марксын олон бүтээлд ердийн маргаан, санал зөрөлдөөнийг хатуу зүхэл болгох, эсвэл ёжлолыг бүдүүлэг хэллэгээр илэрхийлэх явдал ихээхэн ажиглагддаг. Тэр нийгмийн институт болон өөрийн сөргөлдөгчийн “багийг хуулах” сэтгэлгээ бүхий хүмүүсийн тоонд багтана. Капитализм мөхнө гэдэгт бат итгэж байсан Марксад эвлэршгүй шинж бие хүний хувьд онцлог болж байсан төдийгүй түүний сургаалын мөн чанар болж байсан гэлтэй. Маркс шинжлэх ухааны эрэл хайгуулын үнэ цэнийг ойлгож ухамсарлахын зэрэгцээ ертөнцийг хувьсгалчаар өөрчлөн байгуулах үйлсэд шинжлэх ухааныг хэрэгсэл болгон ашиглахыг урьтал болгодог байв. Үүнийг “Философичид ертөнцийг зөвхөн янз бүрээр л тайлбарлаж байлаа, хэргийн гол нь түүнийг өөрчлөхөд л байгаа юм” гэсэн түүний алдарт үгнээс харагдана.

Марксын сургаал дэлхийн улс орнуудад нөлөөлсөн нь

засварлах

Карл Маркс бол ХIX зууны хамгийн нөлөө бүхий алдартай нийгмийн сэтгэгчдийн нэг. Түүний үзэл санаа зуун тавь гаруй жилийн турш дэлхийн коммунист ба ажилчны хөдөлгөөний улс төрийн бодлогыг тодорхойлж албан ёсны үзэл суртал нь болж байв. Орос оронд Октябрийн социалист хувьсгалыг мандуулсан В.И.Ленин “Марксын сургаал үнэн учраас хүчтэй” гэж хэлж байжээ. Марксист сургаал ХХ зуунд дэлхийн хүн амын бараг тал хувийг, газар нутгийн гуравны нэгийг хамран дэлгэрч, социализм дэлхийн систем болон бараг тавин жилд оршин тогтножээ. Марксын сургаал 150-иад жилийн турш дэлхий нийтэд хурдацтай түгэн дэлгэрч, хүн төрөлхтний бараг тал хувийн хувь заяатай холбогдсон социализмийн эх үндсийг тавьж, ЗХУ-д 70 гаруй, Европ, Азийн бусад социалист оронд бараг 45 жил нийгмийн хэв хэмжээ болж байжээ.

Марксын сургаал ба марксизмууд

засварлах

К.Маркс ихэнх суут сэтгэгчдийн адил эрдэм судалгааны ажлаа дагнан эрхэлсэн эрдэмтэн хүн байсангүй. Тэрбээр идэр залуугаасаа капиталист нийгэм дэх дарлал, мөлжлөг, бурангуй ёсыг илчлэн шүүмжилсэн нийтлэлүүд бичиж, нийтлэлчийн хөдөлмөрийг шинжлэх ухааны болон улс төрийн хувьсгалч үйл ажиллагаатайгаа хослуулж Европ болон АНУ-ын хэд хэдэн сонин, сэтгүүлд зохиолч ба редактораар хамтран ажиллаж байжээ. Маркс пролетари нар бол капитализмыг булшлах хувь тавилантай хүч гэж үзээд тэднийг гэгээрүүлэх, зохион байгуулах ажлыг биечлэн хийж байсан хувьсгалч, тэмцэгч хүн байлаа. К.Маркс үнэхээр сэтгэл зүрхээрээ хувьсгалч, тэмцэгч хүн байсан явдал түүний бүтээсэн онол сургаалыг ойлгох түлхүүр нь билээ. Нөгөө талаас марксизм гэдэг нэрийн дор больщевизм, ленинизм, сталинизм, маоизм мэт догматик мөртлөө хувьсгалч чиглэл дэлгэрээд зогссонгүй нийгмийн биет практик үйл болж байсан билээ. XIX зууны эцэс ХХ зууны эхээр Марксын сургаалыг нэг талаас Э.Бернштейн, К.Каутский нарын ажилчны хөдөлгөөний реформист зүтгэлтнүүд, нөгөө талаас Ленин, Троцкий мэт большевик, меньшивик хувьсгалчид өөр өөрийнхөө үндэслэлийн үүднээс тайлбарлан хэрэглэж байв. Маркс амьдралынхаа туршид үл ойлгогдох хүн байсан ч, түүнийг нас барсны дараа түүний үзэл суртлууд хөдөлмөрчдийн хувьсгалд нөлөөгөө багагүй үзүүлсэн билээ. Энэхүү нөлөө нь Октябрийн хувсгалын марксист большевикуудын ялалтын ачаар улам хүчээ авсан бөгөөд XX зуунд марксист үзэлд бага ч болов автаагүй газар ховор байв. 1851 онд New York Herald Tribune-д түр зуур нийтлэл бичиж байв. 1855 онд Марксын гэр бүлийн хүү Эдгар сүрьеэгийн улмаас нас баржээ. Энэ хооронд Марксын улс төрийн эдийн засгийн талаарх ажил явц муутайгаар үргэлжилж байлаа. Маркс 1857 онд капитал, хөдөлмөрийн хөлс, гадаад худалдаа, дэлхийн зах зээл, өмч хувьчлалын талаар 800 гаруй хуудас бүхий гар бичмэл боловсруулсан боловч, энэ нь сая 1941 онд л Грунрисс нэрээр олон нийтэд хүрсэн билээ. Амьдралынхаа сүүлийн арван жилд Маркс эрүүл мэндийн хүндрэлүүдийн улмаас урьдын адил хүчтэй тэмцэж чадахаа больсон хэдий ч ОХУ, Герман дахь үйл явдлуудын талаар шүүмжлэл бичдэг байжээ.

Үзэл санааны үндэс

засварлах

К.Марксын шинжлэх ухааны өргөн мэдлэг, судалгааны ажлынх нь хамаарсан хүрээ, шийдвэрлэх асуудлын үндэслэгээ нотолгооны тавил, харилцан шалтгаан болон системлэг шинжийг илэрхийлсэн байдал зэргийг эрдэмтэн судлаачид үнэнхүү биширдэг. Түүнийг шинжлэх ухааны яг ямар салбарын сэтгэгч болохыг тогтооход нэлээд бэрхшээлтэй бөгөөд нийгмийн шинжлэх ухааны бараг бүх салбараар судалгаа хийж, мөн байгалийн шинжлэх ухааны талаар онол, таамаглал дэвшүүлсэн байдаг. Марксын философи, түүх, улс төр, эдийн засгийн бүтээлд нь ямагт социологийн асуудал дэвшигдэж, тэр ч байтугай ажилчдаас авах судалгааны анкетыг боловсруулсан байдаг. Францын “Revue socialiste” сэтгүүлд 1880 оны дөрөвдүгээр сард “Ажилчдад зориулсан анкет” хэвлэгдсэн бөгөөд түүнд ажилчдын хөдөлмөр, ахуй болон улс төрийн тэмцэлтэй холбогдол бүхий дөрвөн бүлэг, 99 зүйл асуултыг багтаажээ. 1970-аад он хүртэл Марксыг социологийн шинжлэх ухааны салбарт төдийлөн хамааруулдаггүй байлаа. Энэ үеэс эхлэн Өрнөдийн орнуудад неомарксист сургаал хүчтэй дэлгэрч, эхэн үеийн капиталист нийгмийг задлан шинжилсэн эдийн засгийн судалгаа төдийгүй нийгмийн өөрчлөлт хөгжилтэй холбогдсон онол сургаал судлаачдын анхааралд ямагт байж түүнийг сонгодог социологийг үндэслэгчийн нэг гэж хүлээн зөвшөөрөх болжээ. Марксын сургаалын онолын эх сурвалжийг: a. Францын социалист үзэл b. Гегелийн философи c. Английн улс төр, эдийн засгийн ухаантай холбон үздэг уламжлалтай билээ. Марксын социологийн болон улс төрийн үзэл санаа төлөвшихөд XIX зууны социалистууд, ялангуяа Сен-Симон их нөлөөлсөн гэж үздэг. Социологийн талаас Карл Маркс: 1. Аж үйлдвэрийн үүрэг 2. Өмчийн хэлбэрүүд ба ангийн, ялангуяа пролетари ач холбогдол 3. Хувьсгалт ахицууд чухал болохыг үнэлэхэд Сен Симон их нөлөөлжээ. Тэрбээр Марксаас өмнө орчин үеийн төр бол аж үйлдвэрийн нийгмийн хөгжилд тээр юм гэсэн санааг үндэслэжээ. Марксын социалист-коммунист чин зорилго төлөвшихөд Сен Симоны нөлөө асар их байжээ. Германы сонгодог философи, тодруулбал Гегелийн философиос нийгмийн объектив хууль, хөгжил, дэвшлийн явц хийгээд нийгмийн зөрчил, эрхэм дээд эрмэлзэл, төрийн зохистой шинж зэрэг санааг авсан гэж үздэг. Английн улс төр, эдийн засгийн ухааны уламжлалаас засаглалын хэлбэр, хөрөнгөтний хувьсгал, үйлдвэрийн бүтээгдэхүүн, зах зээлийн харилцааны асуудлыг уламжлан авчээ. Карл Марксын туурвилын эс төгссөн, олон утгат байдал, өөр өөр шинжлэх ухаан нэгдэн нийлсэн байдгийг харгалзвал түүний социологийг тайлбарлахад нөхөж сэргээх явдал гарцаагүй бөгөөд хэрэгтэй. Энэхүү нөхөн сэргээлт их бага аль нэг хэмжээгээр тохирч байхын тулд: 1. Марксын номлол юм уу Марксын марксизмыг Марксаас хойш үүссэн марксизм юм уу марксизмуудаас 2. Марксын бүтээлийн шинжлэх ухааны ба шинжлэх ухааны бус бүрэлдэхүүнийг 3. Шинжлэх ухааны бүрэлдэхүүн дотор нь социологийн болон бусад нийгмийн ухаанд хамаарах социологийн бус талууд 4. Марксын социологи ба марксч социологийг, өөрөөр хэлбэл Марксын үзэл санаануудыг хөгжүүлсэн, тайлбарласан, хэрэглэсний үр дүнд болсон социологийн онол, хандлагуудыг байнга ялгаж заалгах нь чухал болно.

Философийн хүн судлал, хүн нийгэм хоёр

засварлах

Аливаа нийгмийн том онол өөртөө хүний тухай онолыг илт юм уу илт бишээр агуулж байдаг. Өөрөөр хэлбэл онолын социологитой тодорхой философийн хүн судлал үргэлж хамт байдаг. Марксын социологи ч ийм байжээ. Маркс хэдийгээр философийн хүн судлал бүтээх зорилт тавиагүй ч гэсэн хүний тухай үзэл баримтлал нь их буурьтай байлаа. Марксын үзсэнээр хүн бол юуны өмнө үйлдвэрлэгч юм. Үйлдвэрлэн бүтээгч хөдөлмөр л хүнийг амьтнаас ялгаж байдаг. Маркс хүнийшлийн дараах дөрвөн илэрлийг тодруулжээ. 1. Ажилчны хөдөлмөрийн бүтээгдэхүүнийг өөр хүмүүс завшдаг учраас тэр өөрийнхөө хөдөлмөрийн бүтээгдэхүүнээс хагацдаг. 2. Ажилчин үйлдвэрлэлийн үйл явцаас хүнийшдэг. Ажил нь дотоод сэтгэлийн хангамж өгдөггүй харш үйл ажиллагаа болж гаднаас тулгасан зүйл болдог. Хэн нэгний тушаалаар хийж байгаа албадлын хөдөлмөр болдог. Ажил нь чухамдаа худалдах таваар болж ажилчны хувьд тэр таваарын хамаг өртөг нь түүний худалдах бололцоо болдог. 3. Ажилчин өөрийнхөө хүний уг чанар юмуу өөрийнхөө “төрөлх ахуйгаас” хүнийшдэг. 4. Капитализм нийгмийн харилцааг зах зээлд эзэжл байгаа байр сууриар нь хүмүүсийг үнэлдэг цэвэр зах зээлийн харилцаа болгон хувиргадаг учраас ажилчин бусад хүмүүсээс хүнийшдэг. Ийнхүү хүнийшэл бол ангит нийгмийн дагуу болсон үзэгдэл бөгөөд дараалал мөлжлөг устсан байх ирээдүйн коммунист нийгэмд хүнийшэл устаж хүн өөртөө эргэж ирэх ажээ.

Нийгэм эдийн засгийн байгуулал

засварлах

Тухайн үедээ хөгжил дэвшлийг тодорхойлж байсан аж үйлдвэржсэн нийгэм буюу капитализм нь Марксын онолын гол объект болсон юм. Өмнөх сэтгэгчдээс нийгмийн хөгжлийн талаарх дэвшүүлсэн үзэл онолыг Маркс тодорхой нийгэмтэй холбож шинжилгээ хийснээр нийгэм гэсэн ойлголтын мөн чанарыг тодорхой болгожээ. Энэ талаар В.И.Ленин “Маркс нийгмийг ... дур зоргоор ямар нэгэн өөрчлөлтөд ордог бөгөөд тохиолдлын чанартайгаар үүсэж хувирч байдаг бие хүмүүсийн механик цогцос гэж үзэх үзлийг эцэс болгож тухайн үйлдвэрлэлийн харилцааны нийлбэр цогц болсон нийгэм эдийн засгийн байгуулал гэдэг ойлголтыг олж тогтоон, ийм байгууллын хөгжил бол байгаль-түүхийн процесс гэж үзэн нийгэм судлалыг анх удаа шинжлэх ухааны үндэслэлтэй болгосон юм” гэжээ. Нийгмийг системээр нь авч үзсэн Марксын энэ баримтлал нь социологийн шинжлэх ухааны хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна. Яагаад гэвэл социологийн шинжлэх ухаан гэдэг бол угтаа нийгмийг судлан шинжилсэн үзэл онолд тулгуурладаг билээ.

1861-1863 онд хийсэн “Эдийн засгийн гар бичмэл”, “В.Засуличийн захидалд өгсөн хариуны ноорог” зэрэг зохиолдоо Маркс формаци буюу “байгуулал” гэсэн нэр томъёог геологийн шинжлэх ухаанаас авсныгаа илэрхийлсэн байдаг. Харин “нийгмийн байгуулал” гэдэг нэр томьёог “Луи Бонапартын брюмерын арван найман” хэмээх зохиолдоо анх удаа хэрэглэжээ. Социологийн шинжлэх ухааны үүднээс нийгмийн байгуулал гэсэн энэхүү ойлголт нь нийгмийг систем болохын нь хувьд авч үзэж байгаа юм. Маркс тогтворгүй тэнцвэрийн байдалд оршин харилцан үйлчлэлцэж байдаг элементүүдээс тогтсон нийгмийн системийг нийгмийн байгуулал гэж үзэж байв. Нийгмийн үндэс суурь нь материаллаг баялгийг үйлдвэрлэх хүч ба үйлдвэрлэлийн харилцаа тодорхойлох аж. Үйлдвэрлэх хүч, үйлдвэрлэлийн харилцааны хоорондох зөрчил нь нийгмийн дэвшлийг хангах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ зөрчил туйлдаа хүрсэн нөхцөлд нийгмийн хувьсгал гарч, хуучин үйлдвэрлэлийн аргыг шинэ үйлдвэрлэлийн аргаар буюу нэг нийгэм солигдоно гэж Маркс үзжээ. Энэ бол нийгэм эдийн засгийн байгууллын тухай Марксын сургаалын гол цөм юм.


К.Маркс нь Капитал (1867-1894), Коммунист намын тунхаг (1848) зэрэг бүтээлдээ давхраажилтын асуудлыг хөндсөн байдаг. Түүнийхээр анги бол үйлдвэрийн хэрэгсэлтэй харилцах харилцаа/өмчлөх харилцаа/ , түүнээс хамааруулан амьдрах нөхцөлөө бүрдүүлэх аргаараа ялгаатай нийгмийн томоохон бүлэг юм. Жишээ нь, капиталист нийгэмд үйлдвэрийн хэрэгсэлийг өмчлөгч капиталист , амь зуухын тулд хөдөлмөрөө капиталистуудад зарж буй ажилчин анги гэсэн үндсэн хоёр том анги, шилжилтийн буюу завсрын бусад анги оршин байна. Капиталистууд өөрийн өмч болох үйлдвэрийн хэрэгсэл дээрээ ажилчдыг хөлслөн ажиллуулж, баялгийг бүтээдэг бөгөөд тэрхүү баялагийн ихэнх хувийг өөртөө үлдээж , харин ажилчдад өчүүхэн хувийг хөдөлмөрийн хөлс нэрийн дор өгөх замаар мөлждөг гэж үздэг. Ангийн ялгаа нь ашиг сонирхолыг ялгаа улмаар зөрчилд хүргэх ба ангийн зөрчил нь нийгмийн өөрчлөлтийг хөдөлгөх хүч болдог гэжээ. Капитализм дахь цөөнх баяжиж, олонхи ядуурсан төлөв нь ангийн зөрчлийг хурцатгаснаар тэгш байдлыг тогтоох өргөн олны хувьсгалт тэмцлийн түүхэн нөхцөл бүрдэнэ хэмээн үзсэн. Хэдий түүний энэхүү үзэл санаа нь бодит байдал дээр биеллээ олоогүй ч ажилчин ангийн эрх ашгийг анхаарах ёстойг сануулснаараа ач холбогдолтой. Мөн түүний үзэл санаа нь орчин үеийн зөрчилдөөний болон шүүмжлэлт онол хөгжихөд түлхэц үзүүлсэн.

Карл Марксын хожуу үеийн амьдралын замнал

засварлах

Маркс дэлхийн социологийн шинжлэх ухаанд жинтэй хувь нэмэр оруулсан онол, сургуулийг үндэслэсэн юм. Марксын социологийн онол нь нийгмийг систем болгон үзэж эдийн засаг, нийгэм, улс төрийн бүрэн хүрээнд задлан шинжилжээ. Нийгэм өөрийн зүй тогтлын дагуу хөгждөг гэсэн санаа Марксаас өмнө байсан хэдий ч түүнийг шалтгаан, хөгжил, үр дүнгийн үүднээс нэгтгэн боловсруулсан гэж болно. Тэр нийгэм, эдийн засгийн байгуулал, нийгмийн анги тэдгээрийн эвлэршгүй тэмцэл, нийгмийн хувьсгал, өмч, гэр бүл, төр, түүний мөхөл, бие хүн ба нийгэм, ёс суртахуун үзэл суртал, улс төрийн ухамсар зэрэг социологийн онол асуудлыг хооронд нь нягт уялдуулан бүр нарийвчлан задалж үнэлж дүгнэсэн төдийгүй онолын хэмжээнд боловсруулалт хийсэн юм. Эдгээр онол дүгнэлт ямар ч гэсэн зуу гаруй жилийн турш дэлхий дахинаа алдаршиж зарим улс орон амьдрал дээр хэрэгжүүлсэн. Марксын онолыг төрөл бүрийн “марксизм” болгохгүйгээр социологийн онолын нэг гэдэг үүднээс сайтар задлан шинжлэх нь жинхэнэ шинжлэх ухаанч хандлага байх болно.

Боловсрол

засварлах

Маркс арван гурван нас хүртлээ гэртээ хүмүүжжээ. Триерийн гимнази төгссөний дараа 1835 онд Боннын Их сургуульд элссэн боловч Триерийн Уушийн газрын Холбоонд элсэж нэг хэсэг захирал нь байсны улмаас дүнгүүд нь тааруу байжээ. Маркс уран зохиол, философид сонирхолтой байсан ч эцэг нь түүнийг ийм төрлийн мэргэжлээр амьдралаа хангалттай сайн авч явж чадахгүй хэмээн үзэж байв. Дараагийн жил нь эцэг нь түүнийг Берлин дахь Фридрих-Вильхельм их сургуульд оруулжээ.

Маркс 1849 онд Лондон руу нүүж, үлдсэн амьдралаа тэнд өнгөрүүлжээ. 1851 онд New York Herald Tribune-д түр зуур нийтлэл бичиж байв. 1855 онд Марксын гэр бүлийн хүү Эдгар сүрьеэгийн улмаас нас баржээ. Энэ хооронд Марксын улс төрийн эдийн засгийн талаарх ажил явц муутайгаар үргэлжилж байлаа. Маркс 1857 онд капитал, хөдөлмөрийн хөлс, гадаад худалдаа, дэлхийн зах зээл, өмч хувьчлалын талаар 800 гаруй хуудас бүхий гар бичмэл боловсруулсан боловч, энэ нь сая 1941 онд л Грунрисс нэрээр олон нийтэд хүрсэн билээ.

Амьдралынхаа сүүлийн арван жилд Маркс эрүүл мэндийн хүндрэлүүдийн улмаас урьдын адил хүчтэй тэмцэж чадахаа больсон хэдий ч Орос, Герман дахь үйл явдлуудын талаар шүүмжлэл бичдэг байжээ.

Карл Маркс нь Пруссийн бароны, боловсролтой охин Женни вон Вестфалентэй гэрлэжээ. Карл Марксын сүй нь нэг хэсэгтээ нууц байсан ба хэдэн жилийн туршид Вестфален болон Марксын гэр бүлүүд хоёул тэдний гэрлэлтийг эсэргүүцэж байв. Олон эсэргүүцэлтэй тулгарсан ч тэр хоёр 1843 оны 6-р сарын 19-нд гэрлэв.

1850 оны эхний хагаст Маркс Лондоны гурван өрөө байранд айдас түгшүүртэй, ядуу зүдүү амьдралаар амьдарч байжээ. Тэр үед Маркс Женни хоёр дөрвөн хүүхэдтэй болсон байсан ба дахин гурван хүүхэд төрүүлсэн боловч эдгээрээс гурав нь л насанд хүрч чадсан. Маркс ерөнхийдөө нийтлэл бичиж амьдардаг байжээ. Женнийн нагац ах нар болон эх нь нас барахад өвлөж авсан хөрөнгө нь Марксын гэр бүлийг нөхцөл арай дээгүүр, сууцанд амьдрах боломжтой болгов.

Нас барсан нь

засварлах

1881 онд эхнэр Женни нь нас барсны дараа Маркс салст бүрхэвчийн үрэвсэлтэй, болж амьдралынхаа сүүлчийн арван таван сард зовуурьтай байв. Өвчин нь даамжирч гуурсан хоолойн үрэвсэл, цээжний гялтан хальсны үрэвсэл болсны улмаас 1883 оны 3-р сарын 14-нд Лондонд нас баржээ. Түүнийг Хайгэйтийн оршуулгын газар 1887 оны 3-р сарын 17-нд оршуулсан ба түүний бунхан дээр "Орон бүхний пролетари нар нэгдэгтүн" хэмээх, коммунизмын тунхаг бичгийн сүүлчийн мөр болон Фэуэрбахын 11 дэх номлолын Ф.Энгелсийн хувилбарыг сийлжээ. "Гүн ухаантнууд дэлхийг олон янзаар тайлбарласан - гэхдээ хамгийн гол нь түүнийг өөрчлөх явдал юм."

Цахим холбоос

засварлах
  Commons: Карл Маркс – Викимедиа дуу дүрсний сан