Шихихутуг
Шигихутуг (1180-1260) бол Их Монгол Улсын төрийн зүтгэлтэн, их заргач бөгөөд Чингис хааны хамтран зүтгэгчдийн нэг юм. Тэрээр Чингис хаан, Өгэдэй хаан, Гүюг хаан, Мөнх хааны үед төрийн алба хашиж байв. Шигихутуг Хубилай-Аригбөхийн дайны үед нас баржээ. Түүний талаар "Монголын нууц товчоо", "Судрын чуулган" зэрэг түүхийн сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Зарим судлаачдын таамаглаж байгаагаар Шигихутуг "Монголын нууц товчоо"-г бичсэн байх магадлалтай ажээ.
Угсаа гарал
засварлахТүүнийг анх хэрхэн олж өсгөсөн талаар сурвалж бичиг бүрт харилцан адилгүй тэмдэглэжээ.
- МНТ-ны 135 дахь зүйлд "...Tatar-un qoryalaysan Naratu šitüen-e bauysan nuntuy-tur talaqui-dur nigen üčüken kőüken-i gēgsen-i bidan-u čeriüd nuntuy-ača oljuuy. Altan eemeg dörebčitü daji toryan buluya-ar dotorlaysan heligebčitü üčüüken kőüken-i ačiraju Činggis qayan Högelün eke-de sauq-a ke[m]en őgbe. Hőgelün eke ügülerün: Sayin kü[m]ün-ü kő[b]ün aju[y]u je. Hujaur sayitu kü[m]ün-ü uruy aju[y]u je. Tabun kő[b]üd-iyen deü jiryuduyar kő[b]ün bolyan Šikiken quduqu ke[m]en nereyidčü eke asaraba..."[1] (Татарын хороолсон Нарт шүтээнээ буусан нутагт талахуйд нэгэн өчүүхэн хүүхдийг гээснийг бидний цэргүүд нутгаас олжухуй. Алтан ээмэг дөрөвчит даж торгон булгаар доторлосон элгэвчит өчүүхэн хүүхнийг ацарч (авчирч) Чингис хаан Өгэлүн эхэд асар хэмээн өгөв. Өгэлүн эх өгүүлрүүн: Сайн хүмүүний хөвгүүн ажгуу зэ. Язгуур сайт хүмүүний ураг ажгуу зэ. Таван хөвүүдийнхээ дүү зургадугаар хөвүүн болгон Шихихэн хутуху хэмээн нэрийдэж эх асрав)
- Ц.Сүрэнхорлоо гуайн 2002 онд Орос хэлнээс орчуулсан Судрын чуулган-д "Татаар угсаатныг хоосруулж байх тэр үед Чингис хаан бас л хүүхэдгүй байсан, түүний авааль гэргий Бөртэ үжин хүүхэдтэй болохыг хүсдэг байжээ. Чингис хаан замын хажгууд унасан хүүхдийг гэнэт өргөн авч Бөртэ үжинд өгч явуулан: "Чи хүүхэдтэй болохыг байнга хүсч байдаг болохоор өөрийн хүүхдийн оронд энэ хүүхдийг хүмүүжүүлж хайрла" гэжээ. Гэргий нь түүнийг төрсөн хүү шигээ гэр бүлдээ бүрэн хүндэтгэн, нэр төртэй хүмүүжүүлсэн билээ. Түүнийг өсөхөөр нь Шихихутуг гэсэн мөн Хутуг ноён гэж нэрлэдэг. Тэр Чингис хааныг эцэг, Бөртэ үжинийг тэргүүн эх гэж нэрлэдэг байв. Бөртэ үжин нас барахад тэр түүний авсыг гараараа дэлдэн "Ээ, сайн эх минь!" гэж хэлэн, цурхиран уйлж байсан гэж ярилцдаг".[2]
Намтар
засварлахМонголын нууц товчоо-д дурдсанаар Их Монгол Улсыг байгуулж 95 мянгатын ноёдыг зарлахад Шигихутуг Борохулын дараа 16-рт мянганы ноёноор нэрлэгдсэн байдаг. Тухайн үедээ уйгур бичигт боловсорсон байсан шалтгаанаар Их Засаг хуулийг баталж, хэрэгжүүлэхэд оролцсон нь алдар гавъяа олоход хүргэсэн ба насан эцэс болтлоо төрийн их заргачийн албыг хашиж байв. Чингис хааныг дагаж Алтан улсын эсрэг аян дайн болон Хорезмын эсрэг аян дайнд цэрэг удирдан оролцож байжээ. 1221 онд Шигихутугийн тэргүүлсэн Монголын 30,000 цэрэг Хорезмын султан Желал ад-Дины удирдсан их цэрэгтэй тулалдсан явдал нь дэлхийн түүхэн эх сурвалжуудад дурдагддаг нэгэн томоохон үйл явдал юм. Тэр явдлаас хойш Шигихутуг цэрэг удирдсан тухай баримт байдаггүй. Шигихутуг ноёны их хуралдай болон бусад хуралдаанд оролцох үеийн суудал, эзлэх байр суурь нь Өгэдэй хааны хөвүүдээс дээгүүр, Өгэдэй хаан "ах" хэмээн хүндэтгэн дууддаг байсан зэргээс түүний Монголын эзэнт гүрэнд ямар хүч нөлөөтэй байсныг харж болно. Түүнийг 1260 онд нас барахад үр хүүхэдгүй тул Шанду хот дахь өргөөг нь Хубилай хаан өөрийн түшмэдээ суулгах засаг захиргааны ордон болгосон байдаг.
Шигихутуг улсын дээд заргач байсны хувьд хаантай зөвлөн, хааны нэрийн өмнөөс шүүн таслах ажиллагаа явуулах, хаан төрийн “үзэх нүд, сонсох чих” болж улс үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, шинээр байлдан эзэлсэн газар нутаг, дайны олзыг хувь тэнцүүлэн хуваах, зарга ялгаснаа хөх бичиг, цагаан цаасан дээр бичиж дэвтэрлэх үүрэгтэй байжээ.
"Гурван зуун тайчуудыг дарсан домог"-т өгүүлсэнээр бол Чингис хаан өргөмөл дүүгээ:
"Мэргидийг мэдүүлж
Монголыг мохоож
Тайчуудыг таньж
Дайсныг даралцсан
Татаарын Шигихутуг минь" хэмээн магтжээ.