Алексей Матвеевич Позднеев
Алексей Матвеевич Позднеев (1851 оны 9-р сарын 27-нд Оросын эзэнт гүрний Орёл хотод төрж, 1920 оны 9-р сарын 30-нд ЗХУ-ын Донын Ростов хотод нас барсан) - Оросын дорно судлаач, монгол судлаач, монгол болон халимаг хэлний доктор, профессор. Владивосток хот дахь Дорно дахины дээд сургуулийн (1899—1903) үүсгэгч, анхны захирал. Улс төрийн зүтгэлтэн, Төрийн зөвлөх цолтон (1905).
Монгол хэл судлаач бөгөөд монгол бичгийн дурсгалууд судлаач. Бурханы шашин болон хятад судлаач. Сурган хүмүүжүүлэгч, боловсролын тогтолцоо зохион байгуулагч.
Намтар
засварлахАлексей Позднеев 1851 оны 9-р сарын 27-нд Оросын өнөөгийн Орёл хот дахь Үнэн алдартны Сретенская сүмийн хамба лам Матвей Автономович Позднеевын гэр бүлийн өнөр өтгөн хүүхдүүдийн нэг болж төрсөн байна.
Тэрээр 1867 онд Орёл хотын шашны дунд сургууль, 1872 онд Орёлын шашны дээд сургууль,[1] Петербургийн Их сургуулийн Дорны хэлний тэнхимийн хятад, монгол, төвөд хэлний ангийг 1876 онд төгссөн. Оросын газарзүйн нийгэмлэгийн Монгол, Хятадад хийсэн эрдэм шинжилгээний аялалд оролцсон (1876-1879, 1892-1893, 1898). Санкт-Петербургийн номын санд Хятад, Монгол, Манж хэлээрх 2000 орчим гар хэвлэмэл бүтээл, бурхан шашин шүтлэгийн дагалдах хэрэгслийн арвин цуглуулга шилжүүлэн өгсөн байна.
1881 онд тэрбээр "Монгол овог аймгуудын ардын уран зохиолын дээжүүд" -(орос. "Образцы народной литературы монгольских племён) сэдвээр монгол бичгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Санкт-Петербургийн Их сургуулийн монгол уран зохиолын тэнхимийн туслах профессор буюу доцент болж байсан юм. 1883 онд тэрээр "Эрдэнийн Эрихэ Монголын шастир" (орос. Монгольская летопись „Эрдэнийн эрихэ“) Монголын уран зохиол сэдвээр диссертаци бичиж докторын зэрэг хамгаалсан байна.[2]
1881 оноос хойш тэрбээр Британийн Гадаад Библийн Нийгэмлэг (Лондон)-тэй хамтран ажиллаж тэдний хятад, монгол, манж хэл дээрх сэтгүүлийн хариуцлагтай редактор байжээ. Мөн 1880-1895 оны хооронд "Шинэ Гэрээ"-г ойрд хэл рүү орчуулан Британий Гадаад Библийн нийгэмлэгийн дэмжлэгээр хэвлүүлсэн байна.[3] Оросын археологийн нийгэмлэгийн гишүүнээр ажиллаж байжээ.
1886 оноос хойш Санкт-Петербургийн Их сургуульд Монголын уран зохиолын профессор; 1888 оноос Дорно дахины хэлний тэнхимийн нарийн бичгийн дарга, 1889 оноос манж хэл зааж байжээ.
Тэрбээр Орос улсад анх удаа монгол аялгын уран зохиолын түүхийн талаарх курс нээж, монгол хэлээр бичигдсэн албан ёсны бичиг баримтыг унших талаар зааж байжээ.
1892 онд түүнийг Оросын хаант улсын Гадаад хэргийн яамнаас "Аж байдал, засаг захиргааны тогтолцоог судлахын зэрэгцээ Оросын Хятадтай хийсэн худалдааны харилцаа"-г судлуулахаар Монгол руу илгээж байсан байна.
Aлексей Позднеев, Пётр Козлов зэрэг Оросын аялагч судлаачид Монголд байхдаа Богд Жавзандамбад хэд хэдэн удаа бараалхаж байжээ. А.Позднеев Ар Монголын шашны бүтцийн талаар олж мэдсэн бүхнээ цуглуулж байсан. Стратегийн судалгаа явуулдгаараа алдаршсан Эзэн хааны Оросын газар зүйн нийгэмлэг 1887 онд түүний судалгаа тандалтын ажлыг “Монгол дахь буддын сүм хийд болон буддын лам нар, түүний ард түмэнтэй тогтоосон холбоо харилцаа” гэсэн гарчигтайгаар нийтэлсэн нь, ялангуяа гарчгийн сүүлийн хэсэг анхаарал татна. Бүр 1892 онд Оросын Гадаад хэргийн яам Монголын дотоод байдал, засаг захиргааных нь ажлыг судлуулахаар түүнийг дахин Монголд илгээж байжээ.
А.Позднеев зэрэг аялагчид нь тодорхой хэмжээгээр Оросын гадаад бодлогын түүчээ байж тандалт хийж байсан гэж хэлж болно.
Тэрбээр 1896 онд Оросын газарзүйн нийгэмлэгийн гишүүн болсон юм.
1899—1903 онуудад тэрээр Владивосток хот дахь Дорнын Их сургууль үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд тус Их сургуулийн профессор дараа нь захирал нь болж байсан. 1904 онд түүний төрсөн дүү япон, хятад судлаач Дмитрий Матвеевич Позднеев тус Их сургуулийн захирлын албан тушаалыг хүлээн авсан.
1903 оны 11-р сараас 1917 он хүртэл Оросын хаант улсын Гэгээрлийн яамны сайдын Зөвлөлийн гишүүн байжээ.
Алексей Позднеев 1911 онд хэвлэгдсэн анхны "Халимаг-Орос хэлний шинжлэх ухааны толь бичиг"-ийг зохиосон байна.
1913 онд тэрбээр монголчуудын олон нийтийн боловсролыг дээшлүүлэхэд тусалсныхаа төлөө Монгол улсын Богд хааны Засгийн газраас Жун ван (хоёрдугаар зэргийн хунтайж) цол хүртэж байжээ.[4]
1917 оны 9-р сараас Петроградын их сургуулийн лектор-багш, 1918 оноос Дорнын Их сургуулийн өөрийн нээсэн Түүх, филологийн факультетэд Монгол уран зохиолын тэнхимийн профессороор ажиллаж байв.
Буриадын эрдэмтэн орчуулагч Цэвэгийн Гомбожав түүний сурагч байсан юм.
Алексей Позднеев зүрхний саажилтын улмаас 1920 оны 9-р сарын 30-нд Зөвлөлт Оросын Дон дахь Ростов хотод нас барсан.
Гэр бүл
засварлахЭхнэр - Вера Николаевна, хүүхдүүд: Алексей (1903 онд төрсөн), Анна (1906 онд төрсөн), Дмитрий (1908 онд төрсөн), Александра (1910), Любовь нар.
Бүтээл
засварлах"Монгол дахь Буддын сүм хийд, лам хуврагуудын аж байдал, лам нар, ард иргэдийн харилцааны тухай тэмдэглэл" (орос. Очерки быта буддийских монастырей и буддийского духовенства в Монголии)
Энэ тэмдэглэл, мөн “Өргөөгийн хутагтууд” (орос. “Ургинские хутухты”), “Ар Монголын хотууд” (орос. “Города Северной Монголии”) нэгэн сэдэвт хоёр зохиол, “Монгол ба монголчууд” (орос. “Монголия и монголы”) хоёр боть өдрийн тэмдэглэлийг орчуулагч Бат-Эрдэнийн Гэрлээ 2023, 2024 онд монгол хэлнээ орчуулжээ.
Сүм хийдийн тухайт, судлаачийн анхны бүтээл нь 1876-79 онд Монгол нутгаар аялахдаа хөтөлсөн аяллын тэмдэглэл бөгөөд тэрээр энэ тэмдэглэлээ 1887 онд эмхэтгэн гаргаж байжээ. Тэр жил монголчуудын хувьд өлзийтэй буюу Монгол нутагт буддын шашин сэргэж, Эрдэнэ зуу хийдийн их равнайг үйлдсэний 300 жилийн ой тохиосон түүхтэй. Тухайн үеийн Орос улсад Зонхавын ёсны шарын шашинд маш олон хүн сүсэглэн итгэж байсан боловч сүм хийдэд залсан бурхад нь чухамдаа ямар учиртайг нарийн тайлж өгүүлсэн ном зохиол байгаагүй ажээ; оросууд, цаашлаад барууныхны хувьд буддын лам хуврагууд ихээхэн болхи бүдүүлэг, ард иргэдийг дарлан мөлждөг, шашны зан үйлд нь энгийн иргэд ямар ч оролцоогүй, лам хуврагууд эрх чөлөөтэй, дур зоргоороо авирлах нь энгийн үзэгдэл гэсэн ягшмал ойлголт дэлгэрч байсанд Позднеевын хувьд аливаа шашин ард түмэнд хандаагүй бол, шашныг түгээн дэлгэрүүлж буй лам хуврагууд тогтсон ёс жаягийг мөрдөхгүй л бол ер шашин гэж хэлэгдэх ёсгүй гэсэн үүднээс нарийн судалгаа хийж энэ тэмдэглэлээ хөтөлжээ.
Энэ тэмдэглэл нь тухайн үеийн Монголын сүм хийд, засал чимэглэл, эдлэл хэрэглэгдэхүүн, лам хувраг, хувилгаад, хурал номын тухай маш дэлгэрэнгүй өгүүлсэн 5 бүлэгтэй. Сүм хийдийн бүлэгт гэхэд уран барилга, дотор гадна заслын тогтсон дэг ёс, амгалант бөгөөд догшин бурхдын тухай, суварга, танка, хот мандал, тахил, долоон эрдэнэ, өлзийт найман эд, дулдуй, толь, судар ном, хөгжмийн зэмсэг, явуулын хийдүүдийн тухай дэлгэрэнгүй бичжээ. Хувилгаад бүлэгт тэдгээрийн гарал үүсэл, цол хэргэмийн нь ялгаа, хувилгаан тодруулах ёс, хийдэд шавилан суух зан үйл, хувилгаанд мөргөхөд мөрддөг журам, Бээжинд очсон хувилгаадын тухай, тэдний аж байдал, жанч халсны нь дараа хэрхэн оршоосон тухай өгүүлжээ.
Позднеевын хувьд тухайн үеийн буддын сүм хийд, лам хуврагуудын дэг ёс, сургаал номлолыг бодитойгоор хүргэх эрдэм шинжилгээний даалгавартай явсан учраас үзэж харж, дуулж сонссоноо нарийвчлан тэмдэглэсэн аяллын тэмдэглэлээ бараг засваргүйгээр бүхэлд нь энэ бүтээлдээ оруулахдаа буддын нэр томьёонуудыг монголоор тэмдэглэсэн нь судалгааг маш ойлгомжтой, тодорхой болгожээ.
1875 онд Төв Азийн судлаач Григорий Потанин “Томск, Енисейск мужтай хил залгаа Монгол нутаг орны газарзүй, угсаатны зүй, ургамал, амьтны аймгийг нарийн тодорхой судлаагүй учраас эрдэм шинжилгээний аялал зохион байгуулах зайлшгүй шаардлагатай” гэж үзээд эл саналаа Оросын Газарзүйн Нийгэмлэгт хүргүүлэв. Ингээд энэ саналыг нийгэмлэгээс дэмжиж, 2 жилийн экспедиц зохион байгуулсанд залуу судлаач А.М.Позднеев оролцож, Монгол нутгаас нийт 1 800 гаруй ном судар, хожмоо Бээжинд байхдаа 1891 онд Оросын Элчин сайдын яамны зарлага Гомбоевын зуучилснаар Лигдэн хааны үед орчуулсан Ганжуурын монгол эхийг Хорчингийн хохь тайжаас худалдан авч Оросын Дорно дахины сургуулийн номын санг баяжуулжээ.
Эшлэл
засварлах- ↑ Русские китаеведы XVIII — начала XX вв.: преподаватели и составители словарей
- ↑ Иориш И. И. Важнейшие события жизни и деятельности А. М. Позднеева // Mongolica-VI. — СПб.: Петербургское востоковедение, 2003. — C. 26—27.
- ↑ Кондаков Александр. КРАТКИЙ ОБЗОР ПЕРЕВОДОВ БИБЛИИ НА КАЛМЫЦКИЙ ЯЗЫК // Родной язык. — 2018. — № 2 (дата обращения: 16.11.2021).
- ↑ Архив востоковедов Института восточных рукописей РАН. Ф. 44. — Оп. 3. — Д. 6. — Л. 4.