Азийн Буддистуудын Энхтайвны Бага Хурал
Азийн Буддистуудын Энх тайвны Бага Хурал нь 1970 онд Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн хамба лам, номч мэргэн гавж Самаагийн Гомбожав, Буриад улсын их хамба лам Гомбоев Жамбалдорж нарын санаачилгаар Азийн Буддистуудын энхтайвны хөдөлгөөн нэртэйгээр үүсгэн байгуулагдсан юм. Албан ёсны хэл нь англи хэл юм. 1974 онд Энэтхэг улсад зохион байгуулагдсан III ерөнхий чуулганаар АБЭТБХ хэмээн албан ёсоор нэрлэсэн байна. Энэхүү хурал нь: Ази тив, Даян дэлхийд энх тайван аюулгүй байдлыг бэхжүүлэх, Ази тивийн энх тайвныг эрхэмлэгч дэвшилт буддистуудыг нэгтгэж, улс түмний хооронд эрх тэгш, найрсаг хөршийн харилцааг тогтоон хөгжүүлэх, Бурхан багшийн үнэт сургаалийг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий бие даасан олон улсын байгууллага. Азийн Буддистуудын Энх тайвны Бага Хурлын үндсэн зорилт нь: Цөмийн дайны аюулыг сэрэмжлэн зайлуулах, улс түмний энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх хэрэгт Азийн Буддистуудын эв санааг нэгтгэх, тэдний энх тайвны идэвхи чармайлтыг дэмжин өрнүүлэхэд оршиж байлаа.
Тус байгууллагын 10 удаагийн Ерөнхий бага хурлаас 5 нь Монгол улсын нийслэл хотноо зохион байгууулагдсан байна. Үүнд: 1970 оны I хурал, 1979 оны V хурал, 1982 оны VI хурал, 1990 оны VIII, 1998 оны IX хурлууд нь нийслэл Улаанбаатар хотноо хуралджээ.
Түүх
засварлах1968 онд Кушок Бакула Ринбүчи, ЗХУ-ын Буриадын бандида хамба лам Жамбалдорж Гомбоевын урилгаар ЗХУ–д морилсон байна. Тэр үед Монголын МБШТ Гандантэгчэнлин хийдийн хамба лам, номч мэргэн гавж С.Гомбожав бээр Улаан–Үдэд морилон саатсан бөгөөд эдгээр гурван дээдсүүд одоогийн АБЭТБХ-ыг үүсгэн байгуулах талаар анх ярилцаж байжээ. Ийнхүү 1969 оны 12 дугаар сарын 3 –ны өдөр МБШТ Гандантэгчэнлин хийдийн ёслолын их өргөөнд хамба лам, номч мэргэн гавж С.Гомбожав, Г.Лувсанвандан, Ч.Жүгдэр тэргүүтэй албаны хүмүүс Цейлонын / Шри Ланка / лам Суманатисса, Балбын лам Амритананда, Энэтхэгийн лам Зинарадна, ЗХУ –ын төлөөлөгч профессор Деликов нарыг хүлээн авч уулзсан байна. Энэхүү уулзалтын үеэр МБШТ Гандантэгчэнлин хийдийн хамба лам, номч мэргэн гавж С.Гомбожаваас “ Ази тивд бат бэх энх тайвныг тогтоох болон Азийн ард түмний хамтын ажиллагааг өрнүүлэх үйлст хамаг амьтны амгалан жаргалангийн төлөө Бурхан багшийн сургаалийг дагагч дэвшилт буддистуудын хүчийг нэгтэх тухай энэ удаагийн хурлын агуулга, Азийн зарим орны Буддисстуудын уулзалтын талаар өөрийн бодол, цаашдын төлөвлөгөө”-г танилцуулжээ. Тус хурлын гол зорилго нь: МБШТ Монголын Гандантэгчэнлин хийдийн хамба лам, номч мэргэн гавж С.Гомбожавын санаачилгаар даян дэлхийд энх тайвныг бэхжүүлэхийн төлөө Азийн Буддын шашинтаны бага хурлыг 1970 онд хуралдуулах, хурлыг зохион байгуулах хороог байгуулах асуудлыг хэлэлцэн тохирсон явдал байлаа. Мөн хуралд оролцсон төлөөлөгчид Энх тайвны уулзалт зохион байгуулах тухай албан ёсны баримт бичигт гарын үсэг зурцгаасан юм. Энэхүү уулзалтыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Шашны хэрэг эрхлэх Зөвлөл дэмжин ажиллаж байжээ.
АБЭТБХ – нь анх удаа Монгол орноо 1970 оны 6 дугаар сарын 11-13 –ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо хуралдсан юм.Тус чуулганд Энэтхэг, Япон, Малайз, Балба, Сингапур, Шри Ланка, Өмнөд болон Хойд Вьетнам, ЗХУ-ын Бурханы шашны төлөөлөгчид оролцжээ. Уг чуулганаар Зүүн Өмнөд Азийн Мьянмар (Бирм), Тайланд, Малайз, Лаос, Камбож, Вьетнам зэрэг улсын энх тайван аюулгүй байдал, ард түмний эрх ашиг, үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөг хамгаалах тухай асуудлуудыг хэлэлцэж албан ёсны тогтоолуудыг батлан “Тунхаглал” гаргасан байна. Мөн Азийн буддистуудын энхийг сахиулах үйл ажиллагааг идэвхжүүлэн зохицуулахын тулд АБЭТБХ-ыг цаашид тогтмол зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ удаагийн чуулганд хүрэлцэн ирсэн төлөөлөөгчид МБШТ Гандантэгчэнлин хийдийн Хамба лам, номч мэргэн гавж С.Гомбожавыг АБЭТБХ –ын ерөнхийлөгчөөр, эрхэмсэг хатагтай Суманатиса/Шри Ланка/, эрхэм Жинарай/ Энэтхэг/ нарыг дэд ерөнхийлөгчөөр, доктор профессор Ч.Жүгдэрийг ерөнхий нарийн бичгийн даргаар санал нэгтэй сонгосон байна.
Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын II Ерөнхий чуулган / Энх тайвны хөдөлгөөн /
засварлахТус чуулган нь 1972 оны 4-р сарын 23-27 –ны өдрүүдэд Цейлоны Куди хот буюу одоогийн Шри Ланк улсад зохион байгуулагдсан байна. Чуулганд Бангладеш, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Монгол, ЗХУ,Балба, Шри Ланка, Вьетнам болон Азийн бусад орны төлөөлөгчид оролцжээ. Энэхүү II Ерөнхий чуулганаар НҮБ-ын энх тайван, аюулгүй байдлын тогтоол, бүх буддистуудын энх тайвны хандив өргөх асуудлыг хэлэцсэнээс гадна АБЭТБХ-ын ерөнхийлөгч С.Гомбожавын тайланг сонсож хэлэлцжээ. Ерөнхий чуулганаас холбогдох тогтоолуудыг баталж Тунхаглал гаргасан байна.
Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын III Ерөнхий чуулган
засварлах1974 оны 11-р сарын 1-3 ны өдрүүдэд Энэтхэг улсын Шинэ Дэли хотноо зохион байгуулагдсан III ерөнхий чуулганд Камбож, Бангладеш, Япон, Малайз, Монгол, Балба, Шри Ланка, Япон дахь Солонгосын бурханы шашны холбоо, ЗХУ, Ардчилсан бүгд найрамдах Вьетнам, Өмнөд Вьетнам, Парис дахь Вьетнамын бурханы шашинтнуудын холбооны төлөөлөгчид орлцжээ. Энэхүү Дэли хотод болсон Ерөнхий чуулганыг нээж Энэтхэг улсын ерөнхийлөгч Али Ахмед Фахрадин үг хэлжээ. Мөн Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам морилсон байна. Энэ удаагийн чуулганаар АБЭТБХ-ын ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдийн хамба лам С.Гомбожавын ажлын тайланг сонсож, ирээдүйн зорилго зорилт, хэтийн төлвийг тодорхойлсоноос гадна чуулганаас түүхэн “Шинэ Дэлигийн тунхаглал”-ыг баталсан юм.
Мөн Зүүн Өмнөд Азийн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Вьетнам, Лаос, Камбожид тусгай тогтоол баталж байжээ. Чуулганд дэлхийн нэр хүндтэй Бурханы шашны төлөөлөл болох Кушок Бакула ринбүчи, Япон улсын Фүжи Никидатсу Фүжи, ЗХУ-ын бандида хамба лам Жамбалдорж Гомбоев, Энэтхэг улсын Жирнаратана Махатеро, Бхадант Ананд Каусалян нар хүрэлцэн ирсэн байна.Энэ удаагийн чуулганы төлөөлөгчдийг Энэтхэг улсын ерөнхий сайд, эрхэмсэг хатагтай Индра Ганди хүндэтгэн хүлээн авч уулзсан байна.
Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын IV Ерөнхий чуулган
засварлахЯпон улсын Киото хотноо 1976 оны 7-р сарын 26,27 ны өдрүүдэд хуралдсан IV ерөнхий чуулганд Бангладеш, Энэтхэг, Япон, БНАСАУ, Япон улс дахь Солонгосын Буддистуудын холбоо, Лаос, Монгол, Непал, Сингапур, Шри Ланка, Тайланд, ЗХУ, БНСВУ-ын Буддист Холбооны төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна. Мөн Христийн энхтайвны бага хурал, Азийн Христийн энх тайвны бага хурлын төлөөлөгчид оролцсон бөгөөд АБЭТБХ-ын ерөнхийлөгчийн тайланг сонсож “Шинэ Дэлигийн Тунхаглал болон холбогдох зарчмуудыг үндэслэн “Киотогийн тухаглал” бусад тогтоолуудыг баталжээ. Энэ удаагийн чуулганаар хэлэлцсэн асуудлууд нь Үндэсний төвүүдийн үйл ажилгааг хөгжүүлэх талаар байсан бөгөөд энэ нь Бурханы шашинтнуудын эв нэгдлийг илэрхийлж байлаа.
Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын V Ерөнхий чуулган
засварлах1979 оны 6-р сарын 16-19–ний өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо хуралдсан АБЭТБХ-ын V ерөнхий чуулганд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам морилсон нь онцлог байлаа. Энэ Монгол орноо Дээрхийн гэгээнтэний анх удаа морилсон түүхэн үйл явдал байсан юм. Тус чуулганд Бангладеш, Бутан, Энэтхэг, Япон, Камбож, Лаос, Балба, Шри Ланка, Тайланд, АНУ, Их Британи, ЗХУ, Вьетнам улсын төлөөлөгчид оролцсон байна. Түүнээс гадна НҮБ, Дэлхийн Энх тайвны зөвлөл, Христийн энх тайвны бага хурал, Берлиний Католикийн чуулган, Олон улсын Энх тайвны хурлын төлөөлөгчид мөн Япон улсын энх тайвны манлайлагч 95 настай Н.Фүжи уг бага хуралд оролсон юм. Уг хуралд номч мэргэн гавж, хамба С.Гомбожав лам АБЭТБХ-ын сүүлийн 10 жилд үндэсний төвүүдтэй хамтран хийсэн үйл ажиллагаагаа тайлагнан энэ хугацаанд олон улсын нэр хүндтэй байгууллага болон хөгжин ирсэн талаар мэдээлэл хийсэн байна. Хурлаас Ази болон дэлхийн буддистуудад хандсан Зүүн өмнөд Азийн энх тайван эв нэгдлийг хангах, Ази Номхон далайн энх тайвны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Улаанбаатарын тунхаглалыг баталсан байна.
Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын VI Ерөнхий чуулган
засварлахАзийн Буддистуудын Энх тайвны бага хурлын VI ерөнхий чуулганыг 1982 оны 8-р сарын 16-18 ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулжээ. Тус хуралд Монгол улсаас МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хамба лам, АБЭБХ-ын ерөнхийлөгч Хархүүгийн Гаадан, тус хурлын ерөнхий нарийн бичгийн дарга профессор Ч.Жүгдэр, Ч.Дамбажав, цорж Г.Осор, Г.Диваасамбуу тэргүүтэй лам хуврагууд оролцсон байна.
Мөн Япон, Энэтхэг, БНАСАУ, Камбож, Лаос, Шри - Ланк, Тайланд, Балба, Төвд, ЗХУ, Вьетнам тэргүүтэй Азийн болоод бусад улсын 100 гаруй төлөөлөгчид оролцжээ.
Түүнээс гадна НҮБ, Христийн энх тайвны бага хурал (CPC), Дэлхийн энх тайвны зөвлөл (WPC), Берлины Европын католик шашны бага хурал (BCEC), Афганистан дахь Казахстаны Шашны Зөвлөлийн төлөөлөгчид, Африк-Азийн бүлгүүдийн эв санааны нэгдлийн байгууллага (AAPSO), Азийн Христийн Энхтайвны хурал (ACPC), Олон улсын сэтгүүлчдийн байгууллага (IOJ), Олон улсын Эмэгтэйчүүдийн Ардчилсан холбоо зэрэг олон улсын байгууллагууд оролцов. Хурлын үеэр АНУ, Бутан, ХонгКонг, Афганистан улсууд хурлын ажиглагчаар оролцсон байна.
Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын VII Ерөнхий чуулган
засварлахАзийн Буддистуудын Энх тайвны бага хурлын VII ерөнхий чуулганыг 1986 оны 2-р сарын 12-14 ний өдрүүдэд Лаос улсын нийслэл Вьентьян хотноо зохион байгуулжээ. Тус хуралд Монгол улсаас МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хамба, АБЭБХ-ын ерөнхийлөгч Х.Гаадан, тус хурлын ерөнхий нарийн бичгийн дарга академич Г.Лувсанцэрэн, лам Д.Нямбазар нар оролцсон байна. Мөн Япон, Энэтхэг, БНАСАУ, Камбож, Лаос, Шри Ланк, Тайланд, ЗХУ, Вьетнам, Их Британи, Швейцарь, Афганистан, Унгар, Польш улсын 120 гаруй төлөөлөгчид, Япон дахь Солонгосын бурханы шашны холбоо, Далай ламын шашны болон соёлын харилцааны зөвлөл оролцож Үндэсний төвүүдийнхээ тайланг тавин, дэлхий дахинд хурцдаад байгаа асуудлуудыг амар амгалан байдлаар шийдвэрлэх талаар хэлэлцэж албан ёсны баримт бичгүүдээ санал нэгтэй батлан гаргалаа. Түүнчлэн Вьетнам Буддын шашны тэргүүн Тит Тин Тинх, Тайландын Ражананда-муни нарын хүндэт зочид төлөөлөгчид ерөнхий чуулганд оролцов. Хурлын ажиглагчаар Бутан, Бирм улсууд оролцсон байна. Олон улсын 12 байгууллага, тухайлбал НҮБ, Христэч энх тайвны бага хурал (CPC), Дэлхийн Шашны бага хурлын тэргүүлэгчид (1982), Африк-Азийн бүлгүүдийн эвлэлийн байгууллага (AAPSO), Олон улсын Эмэгтэйчүүдийн Ардчилсан холбооны төлөөлөгчид (WIDF), Дэлхийн Ардчилсан Залуучуудын Холбоо (WFDY), Олон улсын сэтгүүлчдийн байгууллага (IOJ), Дэлхийн энх тайвны зөвлөл (WPC), Берлины Европын католик шашны бага хурал (BCEC), Афганистан дахь Казахстаны Шашны Зөвлөлийн төлөөлөгчид зочноор оролцов. Ерөнхий чуулганд Лаос, Вьетнам, Камбож, Энэтхэг, ЗХУ, БНМАУ-ын төр, засгийн удирдагчдаас мэндчилгээ ирүүлсэн байна.
АБЭБХ- ын 7-р Ерөнхий чуулганаас Вьентьяны Тунхаглал, ерөнхий тогтоол, Шинжлэх ухааны шинэ санаачлагын тухай тогтоол, Лаосын буддын шашинтнуудад зориулсан захидлыг батласан байна. Мөн тус хурлаар АБЭБХ-ын Ерөнхийлөгчөөр хамба лам Хархүүгийн Гаадан, ерөнхий нарийн бичгийн даргаар Г.Лувсанцэрэн нар сонгогдсон байна.
Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын VIII Ерөнхий чуулган
засварлах1990 оны 9-р сарын 18-23-ны өдрүүдэд Азийн буддын Энх тайвны бага хурлын 8-р чуулганыг нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулав. Чуулганд Бангладеш, Камбож, Энэтхэг, Япон, БНАСАУ, Лаос, Монгол, Балба, Шри Ланка, ЗСБНХУ, Вьетнам, Япон дахь Бурханы шашинтнуудын холбоо, Дээрхийн Гэгээнтэн Далай ламын шашны болон соёлын харилцааны зөвлөлийн төлөөлөгчид оролцсон байна. Хурлын үеэр 34 ажиглагч, 2 хүндэт зочин, Энэтхэгийн Махабоди нийгэмлэг, Европын буддистуудын холбоо, Бутаны засгийн газрын шашны болон соёлын асуудал эрхэлсэн зөвлөл, Шашин ба Энх тайвны тухай бага хурал, Европын Сүмүүдийн Зөвлөл, Оросын Ортодокс Чуулган, Олон Улсын Сэтгүүлчдийн Байгууллага, НҮБ-ын холбоо, Эстонийн Дорно дахины нийгэмлэг, Хонконгийн Бурханы шашны их сургууль, Dae Won Sa ариун сүм, Зөвлөлтийн Энх тайвны Хорооны төлөөллүүд идэвхтэй оролжээ. Хурлын үйл ажиллагааг нээж АБЭТБХ –ын Ерөнхийлөгч, МБШТ Гандантэгчэнлин хийдийн хамба лам Х.Гаадан үг хэлж, мөнх бусыг үзүүлсэн хурлын эрхэм хүндэт төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлсэн байна. Үүний дараа Монгол улсын Ерөнхий сайд Х.Бямбасүрэн, Бүгд Найрамдах Вьетнам Социалист Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга, Бангладешийн Ерөнхий сайд, Шри Ланкийн Ерөнхий сайд ,Балбын Ерөнхий сайд, Бангладешийн Шашин хоорондын харилцааны яамны сайд, ЗХУ-ын шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн дарга, Шри Ланкийн Asgiriya бүлгийн тэргүүн, Дэлхийн Энхтайваны холбоо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Суурин төлөөлөгч, Монгол Ардчилсан Холбооны мэндчилгээг хурлын төлөөлөгчдөд уншиж танилцуулжээ
АБЭТБХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Лувцанцэрэнгийн үйл ажиллагааны талаархи тайлан илтгэлийг сонсож цаашид дараагийн хурлын өмнө дэлгэрэнгүй тайланг гаргаж байх саналыг баталлаа.
Хоёр дахь өдөр гурван байнгын комисс төлөөлөгчид уулзаж Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа ба хүчирхийллийн талаархи Япон улс, Панчашелийн илгээлтийн талаар Энэтхэг улс, Энх тайван, нийгмийн шударга ёсны төлөө хамтран ажиллах тухай Шри Ланка улс хариуцан ажилласан нь хэр үр дүнтэй байгаа талаар санал солилцсон байна.
Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын IX Ерөнхий чуулган
засварлах1998 оны 9-р сарын 7-12-ны өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатарт болсон Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын IX ерөнхий чуулганд оролцогчид Бурхан багшийн сургаалд суурилсан энх тайван, эв нэгдэл, эрх тэгш байдал, байгаль орчныг хамгаалах, мөн хүний эрхийг хамгаалах, улс орнуудын сөргөлдөөний оронд харилцан итгэлцлийг хөгжүүлэх, хүчирхийллийн оронд харилцан ойлголцлыг бий болгох талаар хэлэлцсэн юм .Өнөөдөр дэлхий дахинд зэвсэглэлээр хөөцөлдөх, цөмийн зэвсэг, пуужингийн туршилт хийх, Ази Номхон далайн бү нутагт гадаадын цэргийн баазыг байгуулах,байршуулах, хээрийн сургуулилт хийсний улмаас хүний эрх ноцтой зөрчигдөж, хүнд байдал тулгараад байгааг харгалзан Улаанбаатарын тунхаглалыг баталсан байна. Энэ нь АБЭТБХ –аас даян дэлхийд энх тайвны төлөө дуу хоолойгоо өргөж, хүн төрөлхтөнийг аюулаас аврахын тулд Бурханы шашинтанууд нэгдмэл байдлаар ажиллах ёстойг уриалж буй албан ёсны баримт бичиг юм. Дэлхий нийтэд террорист үйл ажиллагаа өсөн нэмэгдэж байгаа нь нийгмийн тогтвортой байдал, ард түмний сайн сайханд заналхийлж буй бодит аюул юм. Үүнтэй холбогдуулан залуу үеийнхнийг сургахад үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай байна. Бурхан багшийн сургаалд суурилсан оюун санааны хөгжил нь орчин үеийн дэлхийн тогтвортой байдлыг бий болгоход чухал үүрэгтэй.
Буддын сургаалийг түгээн дэлгэрүүлэх, Бурханы шашны уламжлал, соёлыг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээг өргөжүүлэх, АБЭТБХ –ын Байнгын комиссын үйл ажиллагааг уялдуулах, мэдээлэл солилцох, "Dharmaduta" сэтгүүлийг тогтмол хэвлэн нийтлэх нь Бурхан Багшийн сургаалыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой арга юм. Мөн Үндэсний төвүүдийн үйл ажиллагааг сурталчлах, энх тайваны төлөө ажилладаг шашны болон шашны бус байгууллагуудын уламжлалт холбоог бэхжүүлэх, шинэ харилцаа, хамтын ажиллагааг бий болгоход хамтран ажиллах шаардлагатай. Ийнхүү энэ удаагийн хурлаас энх тайван, эв нэгдлийг бэхжүүлэхийг уриалсан байна.
Азийн Буддистуудын Энх тайвны бага хурлын X Ерөнхий чуулган
засварлахАзийн Буддистуудын Энх тайвны бага хурлын X ерөнхий чуулган Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын нийслэл Вьентьян хотод 2003 оны 2-р сарын 19-21-ны өдрүүдэд “Энх тайван Хөгжил цэцэглэлийн төлөө” уриатай Бангладеш, Камбож, БНАСУ, ХонгКонг, Энэтхэг, Япон, Монгол, Балба, ОХУ, БНСУ,БНСВУ, Шри-Ланка, Сингапур, Тайланд, болон БНСУ-ын Буддын шашны холбоо,БНАЛУ-ын ЭТАБХ-ын үндэсний төвүүдээс тус бүр 7 төлөөлөгч оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаа Үндэсний урлагын танхимд нийт төлөөлөгч, зочид, дипломатууд, БНАЛУ-ын сайд нар, албаны хүмүүс болон Лаосын бүтээн байгуулалтын Үндэсний фронтын ерөнхийлөгч Сисават Копунфан ба түүний дагалдаж буй олон хүмүүсийн оролцоотой зохион байгуулагдлаа. Мөн түүнчлэн БНАЛУ-ын ерөнхийлөгч хүндэт ноён Кхамтай Сипхандон, Монгол улсын ерөнхийлөгч Н.Багабанди, БНСВУ-ын ерөнхийлөгч хүндэт ноён Трам Дук Лаоёнг ба БНКамбож Улсын ерөнхийлөгч ноён Хун Сен нар Их хуралд амжилт хүсэн мэндчилгээ илгээсэн.
Тус хурлаар баталсан Улс орнуудын дотоод үйл ажиллагаанд гаднаас оролцохын эсрэг НҮБ-ын тогтоол, Терроризмын эсрэг тусгай тогтоол, Ази дахь хөгжлийн нөхцөл байлын тухай мэдэгдэл, Ядуурлыг бууруулах тогтоол болон Вьентяны тунхаглалыг баталж боловсруулан, хэлэлцүүлгийг зохион байгуулж, оролцогчдын үзэл бодлыг тусгасан эрх зүйн баримт бичгүүдийг баталжээ.