Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс

(Хойд Вьетнам-с чиглүүлэгдэв)

Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс (вьетнам. Việt Nam Dân Chủ Cộng Hòa; БНАВУ, мөн "Умард Вьетнам" гэж нэрэлдэг байсан улс) — Зүүн Өмнөд Азид 1945—1976 онуудад оршин тогтнож байсан улс. 1954 оноос өмнө вьетнамын бүх газар нутагт санаархаж байсан өөрөө өөрийгөө тунхаглаж байсан улс; 1954—1976 онд вьетнамын газар нутгийн умард хэсэгт олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн улс байсан. НҮБ-ын мэдээгээр 1969 онд тус улс 21,3 сая хүн амтай байжээ.

Тусгаар тогтнолоо заралсан Бүгд Найрамдах улс засварлах

Дэлхийн хоёрдугаар дайны эцсээр японы эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг вьетнамыг чөлөөлөх хөдөлгөөн хүчтэй өрнөж эхэлсэн.

1941 оны 5-р сарын 19-нд Үндэсний эрх чөлөөний нэгдсэн цэрэг улс төрийн "Вьетминь" (вьетнам. Việt Nam Ðộc Lập Ðồng Minh Hội, вьетнам товчлол. Việt Minh, монгол. Вьетнамын тусгаар тогтнолын Лиг) хөдөлгөөн байгуулагдсан байна.

 
Умард Вьетнамын засаг захиргааны газрын зураг

1945 оны 3-р сарын 9-нд болсон төрийн эргэлтээр Японы милитаристууд Вьетнам дахь Францын засаг захиргааг татан буулгасан юм. Улмаар "Вьетминь" эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг өргөн цар хүрээтэй партизаны дайн эхлүүлсэн байна. 1945 оны 4-р сард Вьетминь -ий цэрэг-хувьсгалт Бага хурал болж, бүх нийтийн бослогын төлөвлөгөөг баталсан ажээ. 1945 оны 8-р сарын 13-15-ны өдрүүдэд Тань Чао тосгонд (Түйен Куан муж) Энэтхэг-хятадын хойгийн Коммунист Нам (ЭХХКН) бага хурал хийж, бүрэн тусгаар тогтнолоо олж, ардын эрх мэдлийг тогтоох зорилготой бүх нийтийн бослого эхлүүлэх шийдвэр гаргажээ.

1945 оны 8-р сарын 16-нд Тань Чао тосгонд Бүх Вьетнамын Вьетминь-ий үндэсний Их хурал болж, бүх нийтийн бослого гаргах шийдвэрийг сайшааж, Хо Ши Мин тэргүүтэй Вьетнамыг чөлөөлөх Үндэсний хороог сонгож, түр Засгийн газрын чиг үүргийг тус хороонд даалгажээ.

Мөн оны 8-р сарын 16-26-ны өдрүүдэд энэхүү уриалгын дагуу тус улсын бүх нутагт ард түмэн бослого гаргасан байна.

8-р сарын 24-нд Японыг баримтлагч Эзэн хаан Бао Дай ард олны шахалтаар хаан ширээнээсээ буухад хүрсэн юм. Ингээд 8-р сарын 30-нд олон мянган хүний цуглааны өмнө Бао Дай Эзэн хаанаас татгалзаж буйгаа уншиж танилцуулж — Дайнам хаант улс оршин тогтнохоо больжээ.

1945 оны 9-р сарын 2-нд Ханой дахь түр Засгийн газрын нэрийн өмнөөс Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсыг вьетнамын нутаг даяар өөрийгөө тунхаглав. Тус улсын анхны ерөнхийлөгч нь Хо Ши Мин болсон байна.

Францууд Вьетнамд эргэн ирсэн нь засварлах

Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсыг тунхагласны дараахан Японы цэргийн зэвсгийг хураах нэрийдлээр Гоминданы цэргүүд хойд өргөргийн 16-р параллелээс умард хэсэгт, хойд өргөргийн 16-р параллельээс өмнөд хэсэгт Британийн цэргүүд орж иржээ.

1945 оны 9-р сарын 12-нд Британийн цэргүүдийн эхний хэсэг Сайгонд орж иржээ. Улмаар 9-р сарын 23-нд Францын цэргүүд цагдаагийн газар, шуудан болон бусад олон нийтийн байгуулгыг эзэлэн авчээ.

1946 оны 1-р сард Хо Ши Минь тэргүүтэй Вьетминь тус улсын бүх мужид Үндэсний ассемблей байгуулах зорилготой Үндэсний сонгууль явуулжээ.

Өмнө нь 1946 оны 3-р сард Франц улс БНВАУ-ыг хүлээн боловч 6-р сард Вьетнамын гуравны нэг болох өмнөд хэсгийн "Автономит Бүгд Найрамдах Кохинхин" Кохинхина (франц. Cochinchine) хэмээн тунхаглахад Вьетнамын үндсэрхэг үзэлтнүүд ихэд дургуйцсэн юм. 1946 оны 11-р Үндэсний ассамблей Бүгд Найрамдах Вьетнам Улсын анхны Үндсэн хуулийг баталсан байна.

1946 оны 6-р сарын 15-нд Хятадын цэрэг Вьетнамаас гарсан байна. 1946 онд Британи тус улсыг орхисны дараа Францчууд өмнөд хэсэгт эсэргүүцлийн дайн дууссаны дараа Кохинхин, Төв болон өмнөд эрэг хэсгийг хяналтдаа авчээ.

Энэтхэг-хятадын хойгийн нэгдүгээр дайн засварлах

1946 оны 12-р сарын 19-нд Вьетнамын газар нутгийг бүрэн эрх мэдэлдээ эргүүлэн авахыг хүссэн Франц улс өөрийгөө Тунхагласан улсын удирдлагатай хэл ам олж чадаагүй тул Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын эсрэг дайн эхлүүлсэн байна. Улмаар Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс нууц байдалд оржээ. Дайны эхний жилүүдэд газар нутгийн нэлээд хэсэг нь (Ханой хотыг оруулаад) Францын экспедицийн хүчний мэдэлд орсоны дараа 1949 онд Францын талыг баримтлагч шинэ "Вьетнам улс" (вьетн. Quốc gia Việt Nam) -ыг тунхаглав.

Францын эсрэг 1950 оны 1-р сард БНАВУ-ыг ЗСБНХУ болон БНХАУ хоёр албан ёсоор хүлээн зөвшөөрч, энэхүү шинэ Бүгд найрамдах улсад тусламж, тэр дундаа цэргийн тусламж үзүүлж эхэлсэн байна. 1954 оны 3-5-р сард Дьенбьенфу дахь тулалдаан Энэтхэг-хятадын нэгдүгээр дайны эхэлсэн болж францууд ялагдал хүлээжээ.

17-р параллель дагуу улс орны хуваагдал засварлах

1954 оны 7-р сард Дьенбьенфу дахь тулалдаанд Францын цэргүүд ялагдал хүлээсний дараа Женевийн хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд үүний дагуу Вьетнамын нутаг дэвсгэрийг түр хугацаагаар 17-р параллелийн дагуу хоёр хэсэгт хувааж, хооронд нь цэрэггүй бүс байгуулжээ. Вьетнамын нутаг дэвсгэрийн хойд хэсэг нь Хо Ши Мин тэргүүтэй БНАВУ-ын эрх баригчдын мэдэлд орсон (ингэснээр Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн анхны социалист улс бий болсон юм); Францын байгуулсан Вьетнам улс өмнөд хэсэгт үлдэх болжээ. 1956 онд тус улсын хоёр хэсэгт чөлөөт сонгууль явуулах ёстой байсан бөгөөд үүний дараа улсын нэгдэл явагдах ёстой байв.

Вьетнам хуваагдсаны дараа хүн амын шилжилт хөдөлгөөн өрнөж 1 сая орчим католик шашинтнууд "Умард Вьетнам" -аас өмнө зүг рүү нүүсэн байна.

“Умард Вьетнам” нь засаглалын бүрэн төвлөрсөн тогтолцоотой, команд-захиргааны эдийн засагтай ЗХУ, БНХАУ-ын холбоотон социалист улс болов.

Вьетнамын дайн засварлах

 
1958 оны Умард Вьетнамын "5 донг"-ийн мөнгөн дэвсгэрт

Улс орноо тайван замаар нэгтгэх үйл явц мухардалд орсон тул 1959 онд Умард Вьетнамын удирдлага Өмнөд Вьетнамд эхэлсэн орон нутгийн коммунистуудын бослогыг дэмжихээр шийдэж Вьетнамын дайн болсон байна. Умард Вьетнамын армийн ангиуд Өмнөд Вьетнамын нутаг дэвсгэрт нууцаар нэвтэрч байжээ. 1965-1973 онд (1969-1971 онд завсарлагатай) Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улсын болон Лаосын нутаг дэвсгэр Америкийн нисэх онгоцууд болон АНУ-ын 7-р флотын хөлөг онгоцуудаар их хэмжээний бөмбөгдөлтөд өртсөн байна. Бөмбөгдөлтийн зорилго нь Умард Вьетнамын цэргийн хүчин чадал, тус улсын өмнөд хэсэгт партизануудыг дэмжих чадавхийг сулруулах, мөн Өмнөд Вьетнам руу цэргээ илгээхээ зогсоохын тулд Хойд Вьетнамын удирдлагад шахалт үзүүлэх явдал байжээ. Бөмбөгдөлтийн улмаас тус улсын эдийн засаг, дэд бүтцэд асар их хохирол амсаж, олон арван мянган хүн амь үрэгдсэн байна. Энэ үед Хойд Вьетнам ЗХУ, Хятадаас цэрэг, эдийн засгийн томоохон дэмжлэг тусламж авч байсан.

1973 оны 1-р сард Парисын гал зогсоох тухай Хэлэлцээр байгуулсан байна, үүний дагуу АНУ, Умард Вьетнамын эрх баригчид Өмнөд Вьетнамаас цэргээ татах ёстой байв. Гэсэн хэдий ч Умардынхан цэргээ өмнөд нутгаас татан аваагүй бөгөөд тэнд тулалдсан хэвээр үлдсэн юм.

1975 оны хавар БНАВУ-ын арми хүчтэй, өргөн цар хүрээтэй довтолож Өмнөд Вьетнамын дэглэмийг түлхэн унагав. 1976 оны 7-р сарын 2-нд хоёр Вьетнам нэгдэж бие даасан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ) байгуулагдсаныг тунхаглав. Улмаар Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс, Бүгд Найрамдах Вьетнам Улс аль аль нь оршин тогтнохоо больсон түүхтэй.