Самаагийн Гомбожав
Самаагийн Гомбожав ( 1902 онд Сэцэн хан аймгийн Харцага чин вангийн хошууны нутаг буюу өнөөгийн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн- 1982 онд Улаанбаатар хотод нас барсан)- Гандантэгчэнлин хийдийн анхны хамба лам, Монголын бурхан шашны их сургуулийг үндэслэн байгуулагч, Азийн буддистуудын Энх тайвны бага хурлын Ерөнхийлөгч, Номч мэргэн цолтон.
Намтар
засварлахТэрээр 5 настайдаа нутгийн маарамба лам Ваанжилаар төвд ном заалгаж 1909 оноос хошууны хийдэд шавилан сууж, 1912-1937 он хүртэл Их хүрээний Өрлүүдийн аймагт аймаглан Идгаачойнзинлин дацанд сууж буддын гүн ухааны номонд суралцаж эхэлжээ. 1935 онд Идгаачойнзинлин дацанд “Чойрын таван боть” хэмээх гүн ухаанаар гавж мяндаг цол хамгаалжээ. 1935 онд гавж болсний дараагаар Эрдэнэпэл, Загд, Ренчэнхорлоо, Шадав, нарын зэрэг лам нартай хамтран "Лам нарын сэтгүүл"-ийг гаргах тухай Засгийн Газарт өргөдөл гаргаж байв. 1936 оны зургаа дугаар сард хэвлэгдэн гарсан "Лам нарын сэтгүүл"-ийн анхны дугаарт "1936 оны дөрөв дүгээр сарын хорины өдөр Ардын Сайд Нарын Зөвлөлийн Ерөнхий Сайдаас гаргасан 51-р тушаалаар Улаанбаатар хотын Гандан хүрээний Загд, Эрдэнэпэл, Шадав нарын зэрэг 26 лам нар гарын үсэг зурж Засгийн Газарт оруулсан өргөдөлийг анхааран үзэж Лам нарын сэтгүүлийг гаргах болсон байна. Гомбожав хамба Лам нарын сэтгүүлийг анх гаргаж эхэлсэн 1936 оноос идвэхтэй оролцож зарим нэг дугааруудад өгүүлэл бичиж байв.
1939 – 1950 онд модны артель, авто нефтийн хэрэг эрхлэх газар хариуцлагатай алба хашиж байгаад 1951 – 1960 онд Шинжлэх ухааны хүрээлэн, Төв номын сангийн төвд номын фондын эрхлэгчээр ажиллангаа МУИС-д төвд хэл зааж, шашны тухай лекц уншдаг байв.
1960 онд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба ламаар өргөмжлөгдөж, 1961 онд Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгчдийн хурлаар “Номч мэргэн цол”-оор шагнагджээ. Монголын шашны түүхийн алдарт зохиол "Дармадалайн хор чойнжүн"-г орчуулсан юм. 1966 онд номын гэрийн лам нарын бүтээл "Дармабада"-г эрхлэн хэвлүүлжээ.
1970 онд Монголын шашны дээд сургуулийг үндэслэн байгуулж тус сургуулийн эхний гурван зиндааны оюутнуудад Бурханы шашны түүхийн хичээлийг заадаг байсан чингэхдээ "Хорчойнжүн" хэмээх номын дагуу хичээлээ заадаг байжээ.
Мөн 1970 онд Улаанбаатар төвтэй “Азийн буддистуудын Энх тайвны бага хурал” хэмээх Олон улсын байгууллага бий болж ерөнхийлөгчөөр нь С.Гомбожавыг сонгож байжээ. Тэрбээр 20 гаруй олон улсын хурал, НҮБ-ын чуулганд хүртэл оролцон илтгэл тавьж дэлхийн буддистуудын дунд нэр алдрыг олж, 1979 онд XIY Далай ламыг анх удаа Монголд урьж ирүүлжээ.
Мөн онд Унгар улсын ШУА-ийн “Норж До Чоне”-гийн хүндэт шагналыг хүртсэн бол 70 насны ойгоороо “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан байна. Тэрбээр Гандантэгчэнлин хийдийн хамба ламаар 20 жил ажиллаж байгаад 80 насандаа таалал төгсчээ.
Эдүгээ С.Гомбожав агсаны хүй цөглөсөн газарт “Аялал жуулчлалын цогцолбор” байгуулж шашны аялал жуулчлал хөгжүүлэхээр зорьж байгаа аж. Тус газар 110 жилийн ойгоор нь дурсгалын хөшөө байгуулан овоо босгожээ.