Бакула Ринбүүчий
Кушок Бакула Ринбүүчий буюу Живзун Лувсан Түвдэн Чогнор (англи.Kushok Bakula Rinpoche буюу Ngawang Lobzang Thupstan Chognor, төвөд: ངག་དབང་བློ་བཟང་ཐུབ་བསྟན་མཆོག་ནོར,) 1918 оны 5-р сарын 19-нд Энэтхэгийн Ладак хотод төрсөн- 2003 оны 11-р сарын 4-нд Шинэ Дели хотод нас барсан) -Бурханы шашны төвдийн урсгалын олон улсын нэрт зүтгэлтэн лам бөгөөд Энэтхэгийн улс төрийн зүтгэлтэн.
Намтар
засварлахХанхүү Бакула Энэтхэг дахь Ладакийн Мато хааны гэр бүлд 1917 онд төржээ. Түүний эцэг нь хаан Нангвам Таэй (Nangwa Thayas), эх нь Занскарын хатан хаан Ешей Вангма (Yeshes Wangmo) нар юм. Эх нь тэр үед өнгөрөөд удаагүй байсан 18 дахь Бакула Ринбүүчигийн ойрын хамаатан байсан ажээ. Удалгүй хүүг Бурхан Буддагийн шавь болох 16 архадын нэг Бакулу архадын 19 дахь дүр Бакула Ринбүчи Живзун Лувсан Түвдэн Чогнор хэмээн тодруулсан байна.
1923 онд Ладакийн дээд тэргүүн лам нар хааны ордонд ирж ханхүүг тэдэнд өгч хүмүүжүүлэх боломж олгохыг хүсчээ. Жилийн дараа хааны гэр бүл лам нарын хүслийг биелүүлжээ. Зургаан настайдаа өмнөх дүрийнхээ ширээнд заларч, Петуб хийдийн хамба лам болжээ. Дараа нь Төвдийн Брайбүн Лосалин хийдэд шавилан сууж лхарамбын дамжаа барьж дүүргэжээ.
1930 онд Бакула Төвдөд боловсролоо үргэлжлүүлэхээр явж тэрээр 13-р Далай ламаас сүмийн сахил хүртжээ. Төвдөд тэрээр суралцах гайхалтай чадвараа харуулж, Раден-цэн (1933-1939)-гийн үед гэлэн болжээ. Хожим нь тэрээр Ладакт буцаж ирээд эргэцүүлэн бодох бясалгалыг хийж, улмаар номын жинхэнэ багш болжээ.
1949 онд Энэтхэгийн ерөнхий сайд асан Ж.Неругийн саналаар Жамму Кашмир мужийн засаг захиргааны сайд зэрэг ажил хийж улс төрд оролцож эхэлсэн байдаг. Мөн тэрээр Энэтхэгийн Парламентын эрхэм гишүүн, дипломатч байсан юм.
Энэтхэг, Пакистан тусгаар тогтнолоо олж авсны дараа Ладакийн лалын шашинт хүн ам Исламын шашинд орж, Пакистантай нэгдэхийг хүсээгүй Ладакийн оршин суугчдыг устгах ажиллагаа явуулжээ. Энэхүү үймээн самуунтай үед Бакула Ринбүүчий Самкарыг орхиж Энэтхэгийн болсон Ладак руу буцаж ирж, боловсролын болон хүмүүнлэгийн чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулсан байна. Ладак нутагт харьцангуй бие даасан байдлыг бий болгоход түүний үүрэг их байжээ. Дараа нь тэрээр Ладак дахь нийгэм, боловсролын салбарт ихээхэн хүчин чармайлт гаргасан тул түүнийг "орчин үеийн Ладакийг бий болгогч" гэж нэрлэжээ. Ялангуяа түүний ачаар уламжлал, орчин үеийн байдлыг хослуулсан боловсролын тогтолцоог Ладакт сурталчлан бий болгосон байна.
Бакула Ринбүүчий дипломат хүний хувьд хуучин ЗСБНХУ-д 1989 онд айлчилж, тус улсын буддын шашны нөхцөл байдлын талаар биечлэн танилцах боломж олдсон цөөхөн дээд лам нарын нэг байв. Тэр энд шавь нартай байсан, авшиг хүртээж байжээ.
Бакула Ринбүүчи амьдралынхаа сүүлийн жилүүдэд буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдон 10 гаруй жил ажиллаж, Буддын шашинд суралцаж байсан залуусыг БНХАУ, Энэтхэгийн сүм хийдүүдтэй холбож, тэнд үргэлжлүүлэн боловсрол эзэмшүүлсэн;
Тэрээр 1999 онд Улаанбаатар хотод Бэтүвлин хийдийг байгуулжээ. Түүнийг 2003 онд нас барсны дараа чандрыг нь өөрийн шавь монголын бурханч лам Пүрэвбатын хийсэн мөнгөн суваргад хийж, Бэтүвлин хийдэд байрлуулжээ.
Бакула Ренбүчигийн 20 дахь дүр Данзан Агваан Жигмид Ванчиг нь 2007 онд төрсөн бөгөөд Энэтхэгийн Ладакхийн Нубра тосгонд эцэг Доржцэрэн, эх Сономдолгор нарын гэрт мэндэлжээ.
Дээрхийн гэгээн 14-р Далай ламтан 2008 оны хоёрдугаар сарын 26-ны түмэн өлзий бүрдсэн билэгт сайн өдөр Бакула Архадын хорьдугаар дүр тодорсныг тунхаглан зарлигдсан байдаг. Харин 2010 оны наймдугаар сарын 12-ны сайн өдөр Ладакийн Бэтүб хийдэд хутагт ширээнд нь залжээ. Ийнхүү Бакула багш эх дэлхийдээ дахин мэндэлсэн бөгөөд хойд дүр нь Монголд хоёр дахь /2017, 2022 онд/ удаагаа залран ирж, буддын шашинтнуудад мөргүүлээд буцсан.