Юбугур
Юбугур нь Хиад Боржигин овгийн Тулуй их ноёны хүү Аригбуха хааны ахмад хөвүүн юм. Түүний нэрийг 1370 онд бичигдсэн Юань улсын сударт 薬木忽児/薬木忽而/岳木忽而 (Yào mù hū'ér/yào mù hū'ér/yuè mù hū ér); 1312 онд бичигдсэн Судрын чуулганд перс хэлээр یوبوقور (Yūbūqūr) гэж ялгаатай тэмдэглэжээ.
Намтар
засварлах1264 онд Аригбуха хаан, Хубилайтай тэмцсэн их хаан суудлын төлөөх тэмцэлд ялагдал хүлээж Шанду хотод очиж бууж өгчээ. Тэгэх үед түүний хатад хөвүүд нь Монгол нутаг дахь орддоо үлдсэн гэж Судрын чуулганд тодорхой бичжээ. 1266 онд Аригбуха хаан тэнгэрт хальсаад 3 жилийн дараа, Хубилай хааны зарлигаар Юбугур нь дүү нар, эх нараа дагуулж хаан орд өргөөнд очжээ. "... Хаан тушаахдаа Юбугур нь Йисүдэр хатан амьдарч байсан их гэрийг нь мэдэж бай гэсэн бөгөөд тэр нь Йисүдэрийг гэргийгээ болгон гурван жил амьдарсан боловч эхнэр нь хүүхэд төрүүлсэнгүй байсаар нас барсан байна..."[1] 1276 онд Хубилай хааны зарлигаар Номухан ван тэргүүтэй олон хан хөвүүд, Антун чинсан тэргүүтэй ноёдын захирсан цэргийн хүч Хайду ханыг дайлахаар явахад дүү нарын хамт явжээ. Мөн ондоо Номухан, Хөхчү хан хөвүүн, Антун нар баригдаж үймээн дэгдэх үед бусад хан хөвүүдийг дагажээ. Ширэг, Тугтөмөр, Сарбан нарыг үймээний дараа Цагаан ордны Хүйнжи ханы дэргэд, бас хэсэг хугацааны дараа Хайду ханы дэргэд зүтгэж байв. Хайду хан нас нөгчсөний дараа өөрийн харвяат өрхийн ардууд, хатад хөвүүдээ авч Төмөр өлзийт хаанд дагаар орсон.
Цол хүртсэн нь
засварлах1299 онд Өлзийт хааны зарлигаар Динюань ван (定遠王) цол хүртсэн. 1305 онд хаан зарлигаар Юбугурт Вэйдин ван (威定王) цол өгч, 10,000 хэлхээ цаасан мөнгөөр шагнав. Хүлүг хааны үед түүний хоёр ханзтай ван цолыг нэг ханзтай болгон дэвшүүлж, Дин ван (定王) болгон, вангийн ордон байгуулж, 6 түшмэл томилон ажиллуулах эрх олгожээ.
Гэр бүл
засварлахХатад
засварлах- Чапун хатан, харанут овгийн хүн.
- Огүл тэгин хатан, найманы Хүчлүг ханы ач охин.
- Баян хатан, хонгирад овгийн хүн. Өмнө нь Толуй ноёны татвар эм байсан.
- Есүдэр хатан, Үүшин овгийн хүн. Өмнө нь Аригбуха хааны бага хатан байсан.
- Нэр нь тодорхойгүй бага хатан, Үүшин овгийнх. Хулачу, Өлзий-Төмөр нарыг төрүүлсэн.
Хөвүүд
засварлах- Илбуха, Чапун хатнаас төрсөн.
- Урла, Огүл тэгинээс төрсөн.
- Өлзий, эх нь тодорхойгүй
- Хулачу, Үүшин овгийн Есүдэр бага хатнаас төрсөн.
- Өлзий-Төмөр, Үүшин овгийн Есүдэр бага хатнаас төрсөн.
- Сюэчаган, 1323 онд Дин ван цолыг залгамжлсан.
Холбоотой өгүүлэл
засварлахЭшлэл
засварлах- ↑ Рашидаддин "Судрын чуулган" орос хэлнээс орчуулж, тайлбар зүүлт хийсэн Ц.Сүрэнхорлоо. УБ., 2002. Хоёрдугаар боть. т.229