Тогоон тайш
Тогоон тайш нь XV зууны нэгдүгээр хагаст Ойрадыг удирдаж, бүх Монголыг дахин нэгтгэсэн хүний нэг. Түүний эцэг Батула чинсанг Аругтай тайш алсны дараа түүнийг олзлон аваад, аргал түүлгэж тогоон доор хэвтүүлж байснаас Тогоон гэх хоч нэртэй болжээ. Мин улсын сурвалж бичгүүдийн мэдээгээс харвал 1418 оны үеэс Ойрад нутагтаа буцан очсон байна. Тогоон Хятадын Мин улстай цэргийн холбоо тогтоох, худалдаа арилжаа өргөжүүлэн хөгжүүлэхэд их анхаарч байжээ. Хятадын Мин улсын Юнлө хааны зүгээс ч Тогоонтой найрамдах, найрсаг харилцах бодлого явуулж, түүнийг тайш цолд өргөмжилж, Монголын их хааны цэрэгт алагдсан эцэг Батулад зориулан тахилга үйлдэх гэх мэт өөртөө татах бодлого явуулсан байна. Тогоон нь Монголын Адай хааны эсрэг Хятадын Мин улстай холбоолж 1422, 1423, 1434, 1438 онуудад дайны үйл ажиллагаа явуулж, мөн Мин улсын дэмжлэгтэйгээр Ойрадын нөлөө бүхий ноёд Эсэхү (Тайван), Батболд нарын хүчийг дарж, гагцхүү өөрийн ноёрхолыг Ойрадад тогтоожээ. Хятадын Мин улс болон Ойрадын Тогоон тайшийн холбоот цэрэг Монголчуудыг удаа дараалан довтолсны эцэст 1438 онд Адай хааныг Хятад цэргүүдийн дэмжлэгтэйгээр барьж хороосон байна. Адай хаан алагдсанаар Тогоон тайш бүх Монголын ихэнх хэсгийг гартаа оруулжээ. Алтан товч зэрэг түүхэн сурвалжид Чингис хааны онгоны өмнө агсамнаж байгаад эзний суманд оногдож өнгөрлөө гэдэг. Хожим түүнийг хүү Эсэн нь залгамжилж тайш болжээ.
“Эрдэнийн товч”-д Бахаму (Багму) гэдэг нэрийг Батулагийн хүү Тогооны өөр нэрээр өгсөн боловч энэ нь "Махмуд"-ын өргөлт учраас Эрдэнийн товчинд алдаа гэж үздэг.
Гэр бүл
засварлах- Эцэг:Батула чинсан
- Эх:Самур гүнж
- Үр хүүхэд: Нугандашир, Эсэн тайш, Дайду ноён, Баттөмөр
Өмнөх Батула чинсан |
Дөрвөн Ойрадын тайш 1418-1439 |
Дараах Эсэн тайш |