Шажин (Түшээт чин ван)

Шажин (монгол бичиг:ᠱᠠᠵᠢᠨ) нь Чин улсын жиримийн чуулганы хорчин зүүн гарын дунд хошууны дөрөв дэхь засаг, хошой Түшээт чин ван, хошой эфү юм. Хавт Хасарын удамчир боржигин овогт хорчины түшээт чин ван Бадаригийн дэд хөвгүүн.

Анх тэргүүн зэргийн тайж байснаа, 1675 онд Цахарын Бүрни ван, Лувсан тайж нарын бослогыг дарахад идэвхтэй оролцож, Бүрни, Лувсан тэргүүтэй 30 гаруй хүнийг барьж алсан тул уг онд төрийн бэйл цолыг хүртсэн. 1688 онд засаг түшээт чин ван Арашан нь манжийн хааны зарлигаар хэргэмээ хураалгаж, түүний авга бэйл Шажинд залгамжлуулав. 1690 оны Улаанбутангийн тулалдаанд эрхэлсэн сайд Аранийг дагаж, Галдан бошигтын эсрэг байлдахад идэвхтэй зүтгэж, дайсны хүрээг гэнэдүүлэн довтлох, нэхэн байлдахыг олон удаа санал болгосныг элбэг чин ван Фучуань тухай бүрт нь болиулж байв.

1691 оны Долооннуурын чуулганд очихдоо Энх Амгалан хаанд "өвөр монголын 49 хошууны ван, бэйл нарт эрхэм цол өргөхийг гуйж" айлтгал өргөн барьсныг зөвшөөрөөгүй, харин дээл торгоор шагнав.[1]

Шажин ван 1690-ээд оны дундуур Галдан бошигттой Очир тайж, Билигт нарын элчээр харилцсан нь илчлэгдэн Энх Амгалан хаанд дуудагдан очиж зэмлэл хүртсэн ч, 1696 онд энэ явдлыг Галданд урхи болгож ашиглаж Хорчины нутаг руу ойртуулах болоход дархан чин ван Бандийн хамт Бар дайха уулыг довтлоход Галдан бошигт зам зуураас буцаж Туул гол хүрэх замдаа Чин улсын баруун замын цэргийн жанжин Фиянгугийн удирдсан 50,000 цэрэгтэй байлдаж ялагдсан. 1702 онд түүний зарц эм сүртэй жагсаал үйлдсэн гэх ял тулгаж, чин вангийн хэргэмийг нь хурааж, өмнөх засаг Арашаныг засаг ноён, түшээт чин ван болгон өргөмжлөв. Харин Шажин ноёны өмнөх төрийн бэйл цолыг сэргээж, хүү Авидад залгамжлуулав.

Өмнөх
Арашан (Түшээт чин ван)
Засаг, хошой Түшээт чин ван
1688-1702
Дараах
Арашан (Түшээт чин ван)
  1. Ц, Цэрэндорж нар (2006). Зарлигаар тогтоосон Гадаад Монгол, Хотон аймгийн ван гүнгүүдийн илтгэл шастир. Улаанбаатар. p. 144.