Шаарийбуугийн Алтантуяагийн аллага

Малайзын Куала Лумпур хотын захын ойролцоох ойгоос Монгол бүсгүйн цогцос юу ч үгүй болтлоо зэрэмдэглүүлсэн байдалтай 2006 оны Аравдугаар сарын 19-ний өдөр олдсон явдал. Хамгийн аймшигтай нь бүсгүйн толгой руу нь буудаж,  биед нь "С4" нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлснийг шинжээчид тогтоосон. Ингэж харамсалтайгаар амь насаа алдсан эмэгтэй бол Шаарийбуу овогтой Алтантуяа байсан юм. [1]

Аллага болсон нь

засварлах

Шаарийбуугийн Алтантуяа гэх бүсгүйн амиа алдсан өдөр түүнийг хүргэж өгсөн таксины жолооч энэ хэргийн талаар хамгийн анх цагдаад мэдээлсэн аж. Бүсгүйг түүний нүдэн дээр барьцаалан, машинд суулган авч одоход хөлсөө ч авч чадаагүй жолооч барьцаалагчдын машины марк, дугаарыг тэмдэглэн авч, цагдаад мэдээлжээ. Машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй машин болохыг тогтоосон байна.

Аллагаас өмнө болсон явдал

засварлах

Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээ 2002 онд байгуулснаас эхэлжээ. Ш.Алтантуяа 2004 онд Хонконгт Абдул Разак Багиндатай танилцсан байна. Багиндагийн эгч нь тухайн үед аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байжээ. Багиндад оросоос англи хэл рүү орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа Багиндатай удалгүй амрагийн холбоотой болсон байна. Багинда тухайн үед Ерөнхий сайдын орлогч байсан Нажиб Разактай ойр дотно холбоотойгоороо  Куала Лумпурын элитийн хүрээнд багтдаг байжээ. 2005 онд Ш.Алтантуяа Багиндатай хамт түүний улаан Ferrari-гаар Европоор зугаалсан гэдэг. Гэвч цаад зорилго нь шумбагч хөлөг худалдаж авах хэлэлцээ байжээ. Хэлэлцээг бүр 2002 онд байгуулсан байсан ч чухал заалтуудыг тохироогүй байж. Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак, Багиндатай авахуулсан зургаа үзүүлж байсныг нэгэн найз нь гэрчилсэн боловч Нажиб Разак коран судар дээр гараа тавьж, бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн юм. 2006 оны аравдугаар сард “Армарис” техник үйлчилгээний комисст төлбөрөө тушаасныг сонсоод Алтантуяа  Куала Лумпурт очиж өөрийн хувиа авахыг хүсчээ. Харин Багиндагийн удирдаж байсан техник үйлчилгээний  “Perimekar” түүнд олгох 500.000 ам.долларыг өгөхөөс татгалзжээ. Багинда, Ш.Алтантуяа нар үүний өмнөхөн хоёр тийш болсон байжээ. Учир нь Нажиб Разакийн хартай эхнэр түүнд ямар ч мөнгө өгөхгүй байхыг тушаасан байна. Ш.Алтантуяа өөр хоёр монгол бүсгүйн хамт Куала Лумпурт очиж, Багиндаг мөнгийг нь өгөхгүй бол хараал хийлгэнэ гэж сүрдүүлжээ.  Харин хэдхэн хоногийн дараа бүсгүй амиа алдсан бөгөөд Малайзын цагаачлалын бүртгэлээс түүний нэр арчигдсан байжээ.

Ийнхүү 28 настай Ш.Алтантуяа бүсгүй  “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон юм. Малайзын Батлан хамгаалах яам хоёр Scorpene шумбагч хөлгийн ложистик болон техник сургалтын зардалд Засгийн газар нэг тэрбум евро зарцуулсан гэж парламентдаа мэдэгдсэн бөгөөд техник үйлчилгээний хөлсөнд нь “Perimekar Sdn Bhd” хэмээх аялал жуулчлалын компанид 114 сая евро төлсөн гэсэн юм. Малайзын татвар төлөгчид шумбагч хөлгийн техникийн үйлчилгээ, аюулгүй ажиллагааны туршилт, пуужин, торпед болон шумбагчийн зогсоол барих, сургалтын зардал зэргийг одоо ч  төлж дуусаагүй байгаа аж.

Хэрэг мөрдөлт, шүүхийн шийдвэр

засварлах

Гэмт хэргийг мөрдөх үед Малайз улсын нөлөө бүхий улстөрчийн захиалгаар тус улсын цагдаа нарын гарт зэрлэгээр хөнөөгдсөн болохыг тогтоож, уг хэрэгт Малайзын улстөрч Абдул Разак Багиндаг холбоотой гэж үзсэн байна. Үүний дагуу шүүх хурал 2 жил гаруй үргэлжилсэний эцэст 2008 оны 10 сарын 26 нд Абдул Разак Багиндад холбогдох хэргийн шүүх хурал Куала Лампур хотод болж тэрийг буруугүй гээд сулласан байна. Малайзын парламентын сөрөг хүчний тэргүүн Бирахим: Аллагатай холбоотой олон асуулт хариултгүй үлдсэн

Парламентын сөрөг хүчний тэргүүн Датук Сери Анвар Ибрахим Багинда болон түүний гэр бүлд сайн сайхныг хүсээд талийгаачийн аллагатай холбоотой олон асуулт хариултгүй үлдсэн гэж үзэж буйгаа хэвлэлийнхэнд илэрхийлжээ. Мөн “Тухайн хэргийн эргэн тойронд олон зүйл тодорхой бус байна. Хэргийг мөрдөх ажиллагаа мэргэжлийн түвшинд хийгдээгүй гэсэн ойлголт бэхжиж байна” гэжээ. Прокурорын байгууллага хэргийг шалгах ажиллагааг анхнаасаа л мэргэжлийн түвшинд хийж чадаагүй. Мөн прокурорын баг болон шүүхийн бүрэлдэхүүнд зориуд өөрчлөлт хийж хэргийг дарах гэсэн санаатай байна ” гэж тэрээр сурвалжлагчдад мэдэгдсэн байна. Эцэст нь “Ерөнхий сайдын орлогч Датук Разактай холбоотой гэгдэх шинэ баримт олдсон нь улам их ноцтой юм” гэжээ. Абдул Багиндаг цагаатгаж, Азила, Азхар хоёрыг шүүж эхлэхээр болжоо Бүсгүйг хэрцгийгээр хөнөөсөн Малайзын тусгай албаны ажилтнуудын нэг Сирул гэгч мэдүүлэгтээ “Намайг буу гаргахад тэр өөрийгөө жирэмсэн гээд амь гуйж байсан” гэжээ. Тэр үед түүний захирагч Азила хөөрхий бүсгүйг хутгалж, газар унагасан аж. Дараа нь түүний хувцсыг тайлан гялгар уутанд хийхэд гар нь хөдөлж байсан гэдэг.   Азила Сирулд түүнийг дахин бууд гэсний тэр биелүүлжээ. Энэ бол Ш.Алтантуяагийн аллагын талаарх эхний мэдүүлэг байв. Дараа нь тэд бүсгүйн цогцсыг ойд аваачиж, хөл, хэвлий, толгойд нь тэсрэх бөмбөг тавьж дэлбэлсэн. Ш.Алтантуяаг хөнөөсөн ахлах мөрдөгч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нар болон Малайзийн засгийн газар тус хэрэгт яллагдагчаар татаад 2015 онд Холбооны дээд шүүхээс Азила болон Сирулыг тус хэрэгт буруутай хэмээн цаазын ял оноосон билээ. Гэсэн хэдий ч Сирул ялын тогтоол гарахаас өмнө Австрали руу оргон зайлсан юм. Тэрээр Австралийн хууль сахиулагчдад баригдан, Сидней дэх Виллавүүдийн Цагаачлалын саатуулах төвд хоригдсоор байна.