Шаарийбуугийн Алтантуяа
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Шаарийбуугийн Алтантуяа-(1978-2006 он) Монгол Улсын иргэн, 2006 онд Малайз Улсад бусдын гарт амь үрэгдсэн.
ЗХУ-ын Белый воды, Чимкент, Ленинград хотод 1-6 дугаар ангиа дүүргэж 1990 онд гэр бүлээрээ Монголд ирээд Орос 14, улмаар 84 дүгээр дунд сургуульд суралцсан байна. Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх лицей аравдугаар ангийг төгссөн аж. Дараа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцаж байгаад Отгонтэнгэр дээд сургууль руу шилжин англи хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн юм байна. Мөн БНХАУ-ын Бээжин хотын Гадаад хэлний их сургуулийн хятад хэлний ангийг орчуулагч, эдийн засагчаар давхар мэргэшсэн гэнэ. Тэнд суралцаж байх хугацаандаа Оросын илгээмжийн нэгэн том компанид орчуулагчаар ажиллаж байжээ.
Сургуулиа төгсч ирээд хувиараа гоо сайхны салон байгуулан бизнес эрхлэх болсон аж. Орос, англи хэлийг сайн эзэмшсэн Ш.Алтантуяа хувийн бизнесийн шугамаар олон улс оронд орчуулагчийн ажлаар зорчиж байсан.
Монгол Улсын иргэн Шаарийбуугийн Алтантуяа 2006 онд Малайз улсад ажиллаж амьдарч байхдаа бусдын гарт амиа алдсан билээ. Тэрээр тухайн үед Малайзын Ерөнхий сайд байсан Нажиб Разакийн зөвлөх Абдул Разак Багинда гэгчтэй хамт ажиллаж байхдаа Малайз улс Францаас байлдааны хөлөг онгоц худалдаж авах ажиллагаанд оролцон хэлмэрчийн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Энэхүү худалдан авалт нь улсаас олон сая ам.доллар илүү гаргуулж авах санхүүгийн луйвар байсан, үүнийг нь манай иргэн мэдсэн тул амь насаа алдсан гэсэн таамгийг тухайн үед сөрөг хүчний зүгээс дэвшүүлж байсан юм. Гэвч энэ хэрэг сүүлд шүүхээр таслагдахдаа цагдаагийн ажилтан асан хоёр хүн дээр бууж, Нажиб Разак болон Абдул Разак Багинда нар уснаас хуурай гарсан билээ. Шүүхээс хоёр этгээдэд цаазаар авах ял оноосон ч хоёр жил хав дарсны эцэст цагаатгах шийдвэрийг гаргаж ч үзсэн. Хохирогчийн ар гэрийнхэн болон Малайзын сөрөг хүчин тухайн үед эсэргүүцсэнээр ялыг сэргээлгэсэн ч хоёр этгээд Австралид зугтан гарсан бөгөөд нэг нь тэндээ баривчлагдан одоо болтол байсаар байгаа юм.