Цэдэвдамбын Оюунгэрэл

Цэдэвдамбын Оюунгэрэл (1966 оны 10 сарын 26-нд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн) нь Монголын улс төрч, зохиолч, хүний эрхийн төлөө зүтгэлтэн билээ. 

Цэдэвдамбын Оюунгэрэл
Монгол Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Сайд
Албан тушаал хашсан
2012 оны 8 сар – 2014 оны 11 сарын 5
Ерөнхий СайдНоровын Алтанхуяг
ӨмнөхЁндонгийн Отгонбаяр (Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд)
Дамдины Цогтбаатар (Байгаль орчин, аялал жуулчлалын сайд)
ДараахДуламсүрэнгийн Оюунхорол (Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд)
Ганхуягийн Шийлэгдамба (Эрүүл мэнд, спортын сайд)
Лувсаннямын Гантөмөр (Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд)
Хувийн мэдээлэл
Төрсөн1966 оны 10 сарын 26
Монгол улс, Хөвсгөл аймаг, Тариалан сум
Улс төрийн намАрдчилсан Нам
Алма матерСвердловскийн улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургууль, Стэнфордын их сургууль
МэргэжилЭдийн засагч, Бизнесийн удирдлагын магистр, Олон улсын бодлого судлалын магистр

Боловсрол

засварлах

Оюунгэрэл 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 1-р дунд сургуулийг алтан медальтай дүүргэж, 1988 онд ЗХУ-ын Свердловск хотын УАААДС-ийг төлөвлөлт эдийн засагч мэргэжлээр улаан дипломтой төгссөн. 

1993 онд ОХУ-ын Москвагийн Олон улсын бизнесийн дээд сургуульд Бизнесийн удирдлагын магистр, 2004 онд АНУ-ын Стэнфордын Их сургуульд Олон улсын бодлого судлалын мастерын зэрэг тус тус хамгаалжээ.

2006 оны АНУ-ын Йелийн их сургуулийн “Йелийн дэлхийн андууд” хөтөлбөрт суралцаж, 2011 оны АНУ-ын Эйзэнхауэрийн тэтгэлэгт шалгаран оролцсон байна.

Ажил, амьдралын гараа

засварлах

Эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд 1988-1991 онд Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтэн, 1991-1992 онд Хөвсгөл аймгийн АДХГЗ-нд Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтсийн дарга, 1993-1996 онд Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт ахлах мэргэжилтэн, 1996-1997 онд УИХ-ын дэд даргын туслах, 1997-1998 онд “Өмч хувьчлал” төслийн менежер, 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 1999-2000 онд УИХ дахь олонхын бүлгийн Ажлын албаны дарга, 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх, “Эрх чөлөө” төв ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2009 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх, орон тооны бус зөвлөхөөр тус тус ажилласан.

Улс төрд

засварлах

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл нь 2012 оны УИХ-ын сонгуулиар Нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүрэгт нэр дэвшин өрсөлдөж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон 4 жил ажилласан. Мөн 2012 оны 8 сараас 2014 оны 11 сар хүртэл, Н. Алтанхуягийн засгийн газарт Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллажээ.

Уран бүтээл

засварлах

Тэрбээр олонд танигдсан улс төрч, нийгмийн зүтгэлтэн төдийгүй Монголын номын зах зээл дэх шилдэг борлуулалттай номуудын зохиогч юм. Түүний “Америкт суралцсан тэмдэглэл” /2007/, “Нүүдэлчний яриа” /2008/, “Миний ажлын ноу-хау” /2010/ номууд нь англиар ярьж сурах хүсэлтэй хүмүүс, гадаад оронд суралцах оюутан залуус, эх орондоо амжилттай ажиллахыг хүссэн хэн бүхний ширээний ном нь болж чадсан. Мөн “Гэрт болсон яриа”/2011/ ном нь хүн амын эрүүл мэндийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Ц.Оюунгэрэлийн бичсэн “Ногоон нүдэн лам” түүхэн роман нь 2008 онд анх олны хүртээл болсноосоо хойш жил бүр шилдэг борлуулалттай номоор шалгарч, уран зохиолын ертөнцөд “хамгийн их уншигддаг” ном болсон төдийгүй гадаад зах зээл дээр хэвлэн нийтлэгдэхээр бэлтгэгдэж байгаа билээ. Ц.Оюунгэрэлийн бичсэн “Хотол цагаан” /2009/ радио жүжиг нь олны хүртээл болмогцоо Монголын Үндэсний олон нийтийн радиогийн алтан фондод хадгалагдахаар шалгарсан. Уг жүжгийн зохиолыг Монфемнет үндэсний сүлжээ монгол уншигчдадаа зориулан хэвлэн нийтэлж олны хүртээл болгосон ажээ. “Хотол цагаан” жүжгийн зохиолын англи хэлээрх хувилбар нь франц хэлнээ хөрвүүлэн хэвлэгдэхээр бэлтгэгдэж байна.

Ц.Оюунгэрэл нь нийгмийн хурц асуудлуудыг хөндсөн нийтлэл, шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдээлэл олгосон бүтээлүүдээрээ танигдсэн нийтлэлч, залуусыг хөтлөн дагуулсан илтгэгч юм. Тэрээр нийтлэл, илтгэлүүдийн эмхтгэл номоо удахгүй олны хүртээл болгохоор хэвлэлд бэлтгэж байна.

Ц.Оюунгэрэлийн 2007 онд үүсгэн байгуулсан Нутгийн шийдэл сангаас оюутан залууст зориулсан тэтгэлэгт хөтөлбөр, судлаачдад зориулсан аялал, нийгмийн эмзэг бүлгийнхэнд хандсан жижиг төслүүдийг хэрэгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалахад чиглэгдсэн ном бүтээл хэвлэн нийтэлж иржээ. Түүний орчуулж, нийтийн хүртээл болгосон “Орчны эрүүл мэндийн тухай иргэний нөхөрлөлийн гарын авлага”/2010/, “Ажил мэргэжил-бага лавлах толь” /2010/ номууд нь нийслэлийн уншигчид төдийгүй, Монгол орны бүх сумдын сургууль, эмнэлэг, байгаль орчны ажилтнуудад хүрч чадсан байна.

Оюунгэрэл 2017 онд "Ногоон нүдэн лам" романыхаа хоёрдугаар дэвтрийг "Жаран цагаан хонь" нэрээр хэвлүүлжээ. Мөн "Жорлонгоо өөрчилье" номыг Нутгийн шийдэл ТББ-аар дамжуулан хэвлүүлсэн.

  • Алтангадас одон
  • Эрх чөлөөний одон
  • “Нийгмийн даатгалын тэргүүний ажилтан” цол, тэмдэг
  • 2007,2008, 2009 оны шилдэг номын зохиогч, 2010 оны онцлох зохиогч

Оюунгэрэлийн анхны хань Бат-Эрдэнэ нисгэгч хүн байсан бөгөөд 1987 онд онгоцны ослоор амь үрэгдсэн. Том хүү Б. Идэр-Од нь комедиан. Хоёр дахь гэрлэлтээсээ Одмаа хэмээх охинтой болжээ. Гурав дахь буюу одоогийн нөхөр нь АНУ-ын иргэн Жеффри Л. Фолт.