Ганхуягийн Шийлэгдамба
Ганхуягийн Шийлэгдамба (1975 оны 3 сарын 10-нд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрж, 2021 оны 11 сарын 2-нд нас барсан) нь Монгол Улсын Байгаль орчны, мөн Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан улс төрч.
Ганхуягийн Шийлэгдамба | |
---|---|
Эрүүл мэнд, спортын сайд | |
Албан тушаал хашсан 2014 он – 2016 он | |
Ерөнхий Сайд | Чимэдийн Сайханбилэг |
Өмнөх | Нацагийн Удвал (Эрүүл мэндийн сайд) Цэдэвдамбын Оюунгэрэл (Спорт, соёл, аялал жуулчлалын сайд) |
Дараах | Самбуугийн Ламбаа |
Байгаль орчны сайд | |
Албан тушаал хашсан 2007 он – 2008 он | |
Ерөнхий Сайд | Санжаагийн Баяр |
Өмнөх | Ичинхорлоогийн Эрдэнэбаатар |
Дараах | Лүймэдийн Гансүх (Байгаль орчин, аялал жуулчлалын сайд) |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1975 оны 3 сарын 10 Монгол Улс, Өвөрхангай аймаг, Баруунбаян-Улаан сум |
Нас барсан | 2021 оны 11 сарын 2 (46 насалсан) Монгол Улс, Улаанбаатар |
Улс төрийн нам | Монгол Ардын Хувьсгалт Нам |
Боловсрол
засварлахШийлэгдамба нь 1982-1992 онд Арвайхээрт дунд сургууль, 1992-1996 онд ГХДС-ийн аялал жуулчлалын анги, 1997 онд Лондон хотын “Center London” коллеж, 1998 онд Удирдлагын хөгжлийн институт, 2004 онд Нидерландын Маастрихтын их сургууль, 2008-2010 онд Австрали улсын Мельбурн хот дахь Чарльз Старт их сургуулийг тус тус төгссөн.
Ажилласан байдал
засварлахТэрбээр 1996-1998 онд Монгол мэдлэг дээд сургуульд багш, 1998-2000 онд "Баянговь жуулчин" ХХК-ийн захирал, 2000-2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын дарга, 2004-2007 онд Зам тээвэр, аялал жуулчлалын дэд сайд, 2007-2008 онд Байгаль орчны сайд, 2012-2015 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2014-2016 онд Эрүүл мэнд, спортын сайд, 2018-2020 онд Өвөрхангай аймгийн МАХН-ын дарга, 2018 оноос "Эх нутаг" ТББ-ийн тэргүүн, “МОНРОС ЭКО” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байлаа.
Албан тушаалын хэрэг
засварлахЭрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байсан Шийлэгдамбыг 2015 оны 11 сарын 4-нд Авлигатай тэмцэх газар 500 сая төгрөгийн авлигын хэрэгт буруутган ажлын өрөөнөөс нь баривчилж саатуулсан. Энэ талаараа тэрбээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын санхүүжилтийг хариуцаж байсан гэж тайлбарлаж байв.
Улмаар Анхан шатны шүүхийн захирамжаар 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс яллагдагчаар тооцон цагдан хорьсон юм. 2017 оны 8 сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Шийлэгдамбыг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлахгүйгээр давтан онц их хэмжээний хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1 сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялаар шийтгэсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.
2018 оны 2 сарын 9-нд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас Г.Шийлэгдамбад оногдуулсан ялыг хөнгөрүүлэн, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасаж, 4 жил 6 сар хорих болгон өөрчилжээ.