Хөндлөн Убаши
Хөндлөн убаши нь Дөрвөн Ойрадын Хошууд аймгийн Ханай ноён Хонгорын хоёрдугаар хөвгүүн юм. Ахай хатнаас төрсөн. Хасарын удам, Галгаас[1] овогтон, Хошуудын тайш цолтой. Тэрээр идэр залуудаа хошуудын Таван барсын нэг гэж алдаршиж байв.
Намтар
засварлах1640 онд Тарвагатай нурууны Улаан бураа хэмээх газарт Ойрад-Халхын ноёдын чуулганд хошууд аймгийн ноёдыг тэргүүлэн оролцжээ. Ах Байбагасыг өөд болсны дараа эрх мэдлийн төлөөх тэмцэлд Ойрадын зүүнгарын тайш Чоросын Баатар хунтайжтай сөргөлдөж эхлэв. Эрдэнэбаатар хунтайж, Очирт сэцэн тайж нарын удирдсан ойрадын цэргүүд 1643 онд Казахын Жангир ханы удирдсан казахын армитай байлдахад Хөндлөн убаши өөрийн талын цэргээ хөдөлгөөгүйн улмаас Ойрадын цэрэг ялагдсан. Энэ явдалд хоёр тайж, бусад ойрадын ноёд Хөндлөн убашийг зэмлэн буруушааж, хоорондоо эвдрэлцэв.
Энэ явдлаар шалтаглаж 1646 онд Чоросын Эрдэнэбаатар хунтайжтай байлдаж, ялагдав. 1647 онд Дөрвөдийн тайш Далай баатартай нийлж, Чоросын эсрэг дайтахад Эрдэнэбаатар хунтайж, Очирт сэцэн хан хоёрын нэгдсэн хүчинд ялагдав. Тус жилийн өвөл Зая бандидын зуучлалаар чуулган хийж эвлэрүүлэх гэсэн ч, үр дүнгүй хоцорчээ. 1653 онд Эрдэнэбаатар хунтайжийг өөд болсны дараа хошуудын Очирт сэцэн тайж өөрийн дүү Аблай тайштай албат ард, мал хөрөнгө, нутаг бэлчээрийн төлөө маргалдаж, дайтахад хүрэв. Ийнхүү дотооддоо дайтахад Хөндлөн убаши нь өөрийн холбоотон Дөрвөдийн тайш Даян Омботой хамтаар Аблай тайшийг дэмжиж, Очирт сэцэн тайж, Сэнгэ хунтайж, Хойд аймгийн тайш Султан нарын цэргийн эвсэлтэй олон удаа байлдаж, 1661 онд бүр мөсөн ялагдав. 1663 онд Хөндлөн убаши өөрийн 3000 өрх, дөрвөдийн тайш Даян Омбо 1000 өрх ардаа авч Ижил мөрний зүгт оргон зайлсан байдаг. Мөн тэдний ардаас хошуудын Аблай тайш харьяат ардаа дагуулан Ижил мөрний Торгуудыг түшихээр очив.
Гэвч 1669 онд Аблай тайш, Хөндлөн убаши, Даян Омбо нар ивээлдээ авсан Торгуудын Пунцаг ханы орд өргөөг гэнэдүүлэн довтолж Шүхэр Дайчиныг их хэмжээний ардтай нь олзлоход Пунцаг хан тэргүүтэй зарим торгууд нар Ижилийн баруун эрэгт зугтан гарч, Оросын эзэн хаанаас тусламж хүсчээ. Гэтэл Аблай тайш, Хөндлөн убаши хоёр олзолсон торгуудаа булаацалдан муудаж, салж нутаглав. Энэ явдлыг мэдсэн Очирт сэцэн хан 1671 онд өөрийн цэргээ авч, Ижил мөрний зүүн эргээр нүүдэллэж байсан Хөндлөн убаши, Даян Омбо нарын ноёдыг довтлон бут ниргэв. Мөн баруун талаас нь Аюук болон Дөрвөдийн ноён Солом Цэрэн, торгуудын ноён Дугар нар Аблайн армитай байлдаж ялан, олзлов. Аюук хан олзолсон Аблай тайшийг Оросын талд тушаасан юм. Харин Хөндлөн убашийг Шүхэр Дайчин ноёны хамтаар Төвөдөд цөлж, харьяат ардыг хүү Дорж тайшаар удирдуулж хуучин нутаг Эрчис мөрөн рүү буцаажээ.
Гэр бүл
засварлах- Эцэг: Ханай ноён Хонгор
- Эх: Ахай хатан
- Хөвгүүн: Хөндлөн увш нь нийт 16 хөвгүүнтэй. Ууган хөвгүүний нэр нь Дорж тайш бусад хөвгүүдийн нэр тодорхойгүй
Эшлэл
засварлах- ↑ Гаваншарав. Дөрвөн Ойрадыг түүх. УБ., 2021. т. 27