Байбагас баатар
Байбагас баатар бол Дөрвөн Ойрадын нэг аймаг Хошуудын Ханай ноён Хонгорын ууган хүү, Дөрвөн Ойрадын чуулганы дарга буюу хан, XVI зууны сүүлээс XVII зууны эхэн үед Ойрад, Монголын түүхэнд алдар нэрээ мандуулсан түүхт хүн юм. Тэрбээр Чингис хааны дүү Хавт Хасарын 18-р үеийн ач бөгөөд Хан Хонгор, түүний Ахай хатнаас 1550 онд төржээ. Ханай ноён Хонгор, Ахай хатан хоёрын дундаас таван хүү төрж, эрийн цээнд хүрсний дараа тэдгээр нь Хошуудын таван барс гэж алдаршсаны ууган нь Байбагас баатар юм. 1570-1610-аад оны хооронд Ойрад-Монголын хооронд өрнөсөн их бага дайн тулаанд шалгарч, баатар цол хүртэж, Дөрвөн Ойрадын чуулганы хан болжээ. Байбагас хан нийт 16000 цэрэг захирч байсан тухай мэдээ баримт үлджээ.
Байбагас баатар | |
---|---|
Дөрвөн Ойрадын чуулганы хан | |
Хаанчлал | ?-1625 |
Бүтэн нэр | Хошуудын Байбагас баатар |
Төрсөн огноо | 1550 он |
Өнгөрсөн огноо | 1625 он |
Өмнөх | Ханай ноён Хонгор |
Удаах | Очирт сэцэн хан |
Их хатан | Гүнж хатан |
Хатан | Сайханжу хатан[1] |
Эцэг | Ханай ноён Хонгор |
Эх | Ахай хатан |
Ургийн овог | Галгаас |
Түүхэн тойм
засварлахБайбагас баатар 1616 оноос эхлэн Ойрад даяар шарын шашныг түгээн дэлгэрүүлж, язгууртны 32, харц ардын 120 хүүхэд сахил хүртэж, 1617 онд Лхаст очин сурч эхэлснээр Ойрад Монголд шарын шашныг хаад, ноёдоос эхлэн харц ард хүртэл шүтэх эхлэл тавигдсан. Энэ нь тухайн үед Халх-Ойрадын олон жил үргэлжилсэн цуст дайныг зогсоохын тулд, угсаа гарал нэгтэй Халх, бусад монгол аймагтай эв нэгдлээ сайжруулж, дайн дажингүй байж ард иргэдээ амаржуулах арга замыг сонгохын тулд шарын шашныг сонгоход хүрчээ. Ингэхдээ тэрбээр Ойрадын Цэцэн Хүнгүй Заяачийн хүү Баавханы 5-р хүү Шар Хавагийг 1616 онд 17 настайд нь өргөмөл хүүгээ болгож, Намхайжамц гэдэг сахилын нэртэй болгосон нь хожмын Зая бандида юм.
Монголын домог туульсад Байбагас баатарын нэр олонтаа үлджээ. Тухайлбал Шолой Убаши хунтайжийн 1587 онд болсон аян дайны тухай өгүүлсэн Убаши хунтайжийн туужид дараах байдлаар өгүүлсэн нь:
Алах булахдаа дуртай
Арван барсын дуутай
Айхтар таван барсын
Ах хошууд Байбагас хан
Арван таван тэрэмтэй
Алаг байван ордондоо
Дөрвөн ойрдын
Төр шажин хоёрыг хүүнэж
Дөрвөн зүгт надтай адилхан
Нэгэн чинээ хүнгүй буй за гэж
Амаа ангайж
Алгаа сарвайж сууна гэх зэргээр бичсэн байдаг.
Гэр бүл
засварлах- Эцэг: Ханай ноён Хонгор
- Эх: Агай ахай хатан[2](сурвалжит гаралтай их хатан гэсэн утгатай), албат Агай хатан[3] (харц гаралтай бага хатан) : Хамуугай Багтохо, Хайнуг Түшээт хоёр хүү төрүүлсэн.
- Ах дүүс: Хөндлөн Убаши, Төрбайх гүш хаан, Засагт чинбаатар, Буян хатанбаатар, Хамуугай Багтохо[4], Хайнуг Түшээт[5]
- Хатад: Гүнж хатан[6], Сайхан зүү хатан[7][8]
- Хөвгүүд: Очирт сэцэн хан, Аблай тайш
- Өргөмөл хөвгүүд: Зая бандид Намхайжамц, Далай убаши
Холбоотой хуудас
засварлахӨмнөх Ханай ноён Хонгор |
Дөрвөн Ойрадын чуулганы хан ?-1625 |
Дараах Очирт сэцэн хан |
Эшлэл
засварлах- ↑ Торгуудын Хо өрлөгийн охин
- ↑ Гаваншарав. Дөрвөн Ойрадын түүх. УБ., 2021. т.28
- ↑ Гаваншарав. Дөрвөн Ойрадын түүх. УБ., 2021. т.28
- ↑ Гаваншарав. Дөрвөн Ойрадын түүх. УБ., 2021. т.28
- ↑ Гаваншарав. Дөрвөн Ойрадын түүх. УБ., 2021. т.28
- ↑ Гаваншарав. Дөрвөн Ойрадын түүх. УБ., 2021. т.46
- ↑ Торгуудын Хо өрлөгийн охин
- ↑ Гаваншарав. Дөрвөн Ойрадын түүх. УБ., 2021. т.45