Хэл хуур (Англи: Jew's harp) нь хэлбэр, хийц энгийн атлаа өвөрмөц тансаг аялгуугаараа хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж дэлхийн 160 гаруй оронд тархсан хөгжмийн зэмсэг юм. Хэдэн мянганы түүхтэй атал анхны хэв шинжээ алдалгүй XXI зууны босго алхсан эл хөгжмийн зэмсэг ямар үндэстнээс үүсэлтэйг албан ёсоор тогтоогоогүй ч манай улсад зан үйлдээ хэрэглэсээр багаар бодоход хоёр мянганыг ардаа үдсэн тул яах аргагүй Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүдийн нэгэнд тооцдог.

Алтай хийцийн хэл хуур
Европ хийцийн хэл хуур
Словак хөгжимчин хэл хуураар тоглож байна
Ражастан хөгжимчин хэл хуураар тоглож байна


Хэл хуур хэмээсний учир: Уян харимхайн хүчийг ашиглан бүтээсэн хөгжмийн зэмсгүүдийн нэг нь хэл хуур юм. Орчин цагт хэл хуурыг аман хуур хэмээн эндүүрэх нь ч бий. Угтаа хуурын дунд хэсэгт байрлах чичирхийлэн хөдөлж, авиа гаргадаг хэсгийг хэл хэмээдэг бөгөөд үүнээс нь үндэслэн хэл хуур хэмээн нэрийдсэн байдаг. Харин хулсан болон ясан, төмөр хуур гэдэг нь хийсэн материалын онцлогоос хамаарч ангилан ялгасан нэршил ажээ. Төмөр хуур вааран хэлбэртэй бөгөөд чичирхийлэл үүсгэхийн тулд хэлний үзүүр хэсэгт матаастай байдаг бол хулсан хуур ихэвчлэн тэгш өнцөгт хэлбэрийн хэл нь үзүүртээ товхтой байдаг.

Бөө мөргөлийн зан үйлтэй салшгүй холбоотой хэл хуурыг бөө, удганууд хөгжмийн зэмсэг гэхээсээ илүүтэй онгодын хөлөг хэмээн эрхэмлэдэг байна. Орон зайг товчлох энэ ид шидтэй зэмсгийн ачаар бөө, удганы онгод залран ирдэг хэмээн үздэгээс эрхэмлэн дээдэлдэг ажээ. Бөө, удганууд өөрсдийн онгодын хөлгийг эзэмшихийн тулд “онгодын хөлөг амилуулах” гэх тусгай зан үйл үйлдсэний дараагаар эл зэмсгээ өөрийн болгож, бусдад дамжуулахгүйгээр хэрэглэдэг онцлогтой. Гэвч хэл хуур ашиглалгүй онгодоо дууддаг бөө ч цөөнгүй. Хэл хуур хэрхэн дэлхийн олон оронд тархсан тухайд аман хуур судлаач Баатаржав “Өдгөө дэлхийн 100 гаруй оронд бөөгийн шашин тархсан байдаг бөгөөд хэл хуур 160 гаруй оронд тархсан нь ч үүнтэй холбоотой. Шашны зан үйлийг дагаж дэлхийн бусад оронд суурьшнаас гадна хийц энгийн атал дуугаралт нь дахин давтагдашгүй, тоглож сурахад цуур гэх мэт язгуур хөгжмийн зэмсгийг бодвол харьцангуй хялбар байдаг нь олон улсын урлаг соёлын салбарт нэвтрэхэд багагүй нөлөөлсөн” хэмээжээ.

Хэдийгээр нэн эртний түүхтэй, дэлхийн олон оронд тархсан ч хэл хуурын үүсэл хөгжлийн талаарх таамаглал өнөө хэр нэг мөр шийдэгдээгүй байгаа. Тэр ч байтугай ямар үндэстнээс үүссэн болохыг ч баталсан баримт жишээ үгүй юм. Бөө мөргөлийн зан үйлтэй салшгүй холбоотой боловч бөөгийн шашны үүслийг ч түүхчид өнөө хэр тогтоогоогүйн дээр, хэл хуур шашны зан үйлээс үүдэлтэй эсэхийг ч тандан судалж амжаагүй байгаа билээ. Ямартай ч манай улсад Хүннүгийн үед буюу нарийвчлан НТӨ/нийтийн тооллын өмнөх/ III-I зуунд монголчууд хэл хуур эдэлж хэрэглэж байсан болохыг гэрчлэх ясан хуур Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас Хүннүгийн үеийн булшнаас олдсон байдаг. Уг булшийг 1989 онд Унгар, ОХУ, Монгол Улсын эрдэмтдийн хамтарсан шинжилгээний анги малтаж, судалсан байна. Түүнчлэн хэл хуурыг бөө мөргөлийн зан үйлээс өмнө үүссэн гэдгийг баталж чадвал энэ хөгжмийн зэмсэг 25 мянгаас ч доошгүй настай гэж үзэж болох юм. Учир нь АНУ-ын эрдэмтэд уугуул иргэд болох индианчуудыг тус тивд очихдоо бөө мөргөлийн шашинтай байсныг тогтоосон бөгөөд Ази тивээс Берингийн хоолойгоор дамжин ирсэн нүүдлийг 20-25 мянган жилийн өмнө болсон хэмээн тодорхойлсон байна. Одоогоор хэл хуурын үүсэл гарлын тухайд эрдэмтэд нэг л зүйл дээр санал нэгдсэн байдаг бөгөөд тэр нь төмөр хуур хүрэл зэвсгийн үеэс үүдэлтэй хэмээсэн таамаг юм. Хөгжим сонирхогчид хулсан хуур дэлхийн олон оронд тархсанаас үндэслэн хамгийн отгон хэл хуур хэмээн тодорхойлдог боловч хөгжим судлаачид энэ тал дээр эсрэг байр суурьтай байдаг байна. Тэд ясан болон хулсан хуурыг хамгийн эртний хэлбэр хэмээн таамагладаг ажээ.

Дэлхийн өнцөг булан бүрт тархахдаа хэл хуур өнгө төрх, хэлбэр хийцээ төдийлэн өөрчлөөгүй ч, вьетнам хэл хуур утсан татлагагүй байдаг онцлогтой ажээ. Энэ мэт жижиг өөрчлөлтөөс хамааран дуугаралтын хувьд ч харилцан адилгүй бөгөд Якут, Монголын хэл хуурыг хамгийн тод дуутай хэмээдэг. Түүнчлэн ясан, төмөр, хулсан гэх гурван төрлийн хуур зэрэг хөгжиж, өнөө хэр хадгалагдсаар байгаа цорны ганц үндэстэн нь Монгол. Тиймдээ ч Монголын зарим ардын хөгжим судлаачид эл хөгжмийн замсгийг Төв Азиас үүсэлтэй гэх санал дэвшүүлдэг байна. АНУ дахь хөгжмийн зэмсгийн дэлгүүрт хүрч амжсан хэл хуурын төрлүүдээс хамгийн ховор нь ясан хуур. Хамгийн үнэтэй нь нэг бүр нь 500 доллар хүрдэг якут хуур гэнэ. Якут буюу Саха урианхайнчууд ихэвчлэн төмөр хуураар хөгжимддөг бөгөөд хуураа урлаж буй гангаа ч тусгайлсан технологиор боловсруулдаг тул ийм үнэд хүрдэг гэнэ.