Берингийн хоолой
Берингийн хоолой (Англи: Bering Strait, Орос: Бе́рингов проли́в) нь Аляска ба Дорнод Сибирь, Чукоткын хойгийн хооронд орших хоолой юм. АНУ, ОХУ-ын хил дайрч гардаг учраас "Америк-Оросын хоолой" гэж нэрлэх нь ч бий. Хүйтэн дайны үед дайсагнагч хоёр том гүрний хиллэдэг тус бүс нутаг нь дэлхийн хамгийн түгшүүртэй бүс нутгийн нэг байв. Одоо ч хоёр улсын цөмийн цэнэгт пуужингуудаас нэлээд нь энэ бүс нутагт байрладаг.
Хойд талд нь Чукоткын тэнгис, өмнөд талд нь Берингийн тэнгис байх бөгөөд хоолойн урт нь 96км. Хамгийн нарийн хэсэг болох Дежневийн хошуу ба Уэльсийн хунтайжийн хошууны хооронд 86км өргөнтэй. Гүн нь 30–50м. Хоолойн дунд Диомидийн арлууд оршино. Жилийн 7-10 сараас бусад үед мөсөн бүрхүүлтэй байдаг. Тус хоолойн голоор өдөр солигдох шугам татагдсан байдаг. 1648 онд Семён Дежнев хоолойг нээжээ. 1728 онд тус хоолойг анх гаталсан Витус Берингийн нэрээр нэрлэгдсэн түүхтэй.
Түүх
засварлах30 орчим мянган жилийн өмнө Монголорхог төрхтнүүд тус хоолойг эх газар байхад нь гаталж, Америк тивийн анхны оршин суугчид болсон гэгддэг. Тийнхүү Хойд Америк тивд хүрсэн Монголорхог төрхтнүүд нь өмнө зүг нүүдэллэсээр 10 мянган жилийн өмнө гэхэд Өмнөд Америк тивийн өмнөд үзүүр болох Магелланы хоолой хүрсэн болох нь батлагдсан.
Туннель барих төлөвлөгөө
засварлахБерингийн хоолойгоор тусгаарлагдсан ОХУ ба Аляскыг холбох далайн ёроолын туннель барих төлөвлөгөө байдаг. Энэ төлөвлөгөө хэрэгжвэл урт нь 100 орчим км болох бөгөөд 2007 оны байдлаар дэлхийн хамгийн урт туннель болох Японы Сэйкан туннель (53.8км), Англи, Францыг холбосон Ла-Маншийн туннель (50.5км)-ийг давж гарах юм.