Баянтөмөрийн Хайсан

Богд Хаант Монгол Улсын үе улиран улсад туслагч гүн, Чин зүтгэлт Баянтөмөрийн Хайсан (ᠬᠠᠶᠢᠰᠤᠨ, qayišan; * 1857 он; † 1917 он). Өвөр Монголын Зостын чуулганы Харчин ван Гүнсэнноровын хошууны түшмэл. Зостын чуулганы Харчин хошуунд 1857 онд төрсөн. Хятад колонистуудын эсрэг зэвсэгт тэмцэлд идэвхтэй оролцож байгаад, Оросын нөлөөн дорх Харбин хотод дүрвэн, монгол үндэстэнд тустай ажил үйлсэд хувь нэмрээ оруулж, “Монголын сонин бичиг” сониныг гаргалцаж байв. 1907 онд Ар Монголын эх орончидтой танилцан бүлгэмдэх гэж Хүрээнд ирж, Ханддорж ван, Цэрэнчимэд лам нартай анд бололцож, тусгаар тогтнолын төлөө хамтран тэмцэгчид болов. Монгол туургатан эх орончид энэ санаагаа 1911 оны хавар Богд хаанаар дэмжүүлэх явдалд хүчин зүтгэж ирэв.

Баянтөмөрийн Хайсан

Хувьсгалын дараа Монголын төрөөс түүнд нутаг, албатууд хуваарилж, гэр бүл, төрөл төрөгсдийг нь ирүүлэн төвхнүүлж байв. Баруун хязгаарыг чөлөөлөх үйлсийг удирдалцав. Зүүн хязгаар буюу Өвөр Монголыг чөлөөлөх таван замын цэргийг захиралцан одов. Дотоод яамны өндөр албан тушаал хашиж, гурван улсын хэлэлцээрт зарчимчаар оролцов. Уг хэлэлцээрийн дараа, Хятадтай тохиролцсоны дагуу өвөр монголчуудыг шахан буцаах болсон бөгөөд, Хайсан гүн буцсаны дараа удалгүй нас баржээ (1917).

Үзэл бодол

засварлах

Хайсангийн үзэл бодлыг түүний бичсэн захидал дахь

„Манай Монгол аймаг Их улсын онцгой тусламжаар (Орос улс) их хэргийг олж үүсгэсэн нь юутай завшаан, шар, хар нийтээр үл сүслэн шүтэхгүй нь үгүй. Гагцхүү хэргийг үүсгэх нь хялбар, төгсөх бэрх тул Халх газраа одоо цагийн хэргийг боловсон мэдэх эрдэм чадал бүрдсэн хүн маш цөөн учир хожмын хэргийг аль эвтэй сайнаар тогтоож чадахгүйгээс эмээх болно“

Б. Хайсан

гэсэн хэсгээс харж болно.