Цүень (манж хэл: ᠴᡠᠶᡝᠨ, мөллендорф: cuyen) (1580 – 1615) бол Манжийн Хожуу Алтан улсын Нурхач хааны ахмад хөвгүүн, цэргийн жанжин юм. Эх нь Нурхачийн авааль эхнэр Тунгия овгийн Хахана Жацин. Цүень бэйл Зүрчидийн овог аймаг, хот тосгодыг нэгтгэх аян дайнд идэвхтэй зүтгэж байсан.

Гуанлюэ бэйл Цүень

1598 онд Аньчулаку аймгийн эсрэг дайнд явж, ялалт байгуулсанд эцэг нь түүнийг Бэйл хэргэм, Хун Батуру цолоор өргөмжилжээ. 1608 онд дүү Дайшаний хамт цэрэг удирдан Ула аймгийн Фио хотыг довтлон эзлэв. Тэрээр хэд хэдэн удаагийн дайн тулаанд ялалт байгуулж, Нурхачийн улс аймаг доторх байр суурь нь нэмэгдэж, Нурхач түүнийг өөрийн залгамжлагч Гуанлюэ тайзи (廣略太子) хэмээн тунхаглажээ. 1612 онд Ула аймгийг дайлах үеэр бусад хан хөвгүүд, ноёдын эсрэг бөөгөөр хараал хийлгэж, өрсөлдөгчөө зайлуулах гэж оролдсон нь илэрч, эрх мэдлийг нь хурааж, гэрийн хорионд хийв. 1615 онд гэрийн хорионд байхдаа нас барав. Нас барсан шалтгаан тодорхойгүй. Түүнийг нас барсны дараа цол хэргэмийг нь Гуанлюэ бэйл (廣略貝勒) гэж өөрчлөн, хунтайжийн байр суурийг Хуньтайж-д шилжүүлсэн.

Цүень бэйл гурван эхнэр, гурван агь, гурван гэгтэй байсан.

  • Их хатан: Гороло овгийн Чаншугийн охин. Түүнээс 1-р агь Дуду бэйл, 2-р агь Гуохуань төрсөн.
  • Бага хатан: Ехэнара овгийн Чинжянугийн охин. Түүнээс 1-р гэг, 2-р гэг, 3-р гэг, 3-р агь Никань чин ван төржээ.
  • Татвар эм: Фуча овгийн Эржитугийн охин. Хүүхэд төрүүлээгүй.

Агь

  1. Дуду аньпин бэйл (杜度) (1597-1642)
  2. Гуохуань (國歡) (1598-1624)
  3. Никань Жинжинжуан чин ван (尼堪) (1610-1652)

Гэг

  1. 1-р гэг (1601-1670): 1614 оны 12 сараас 1615 оны 1 сарын хооронд Гувалгия овгийн Фиондон жанжны бага хатан болсон.
  2. 2-р гэг (1603-1623): 1616 онд Донго овгийн Хохори жанжны 6-р агь Жардайтай гэрлэсэн.
  3. 3-р гэг Жинай (济鼐) (1606-1677): 1619 онд 14 настайдаа Ехэнара овгийн Бужайн 2-р агь Бурхангутай гэрлэсэн. 1632 онд Бурхангу эфү өөд болсны дараа, 1639 онд 34 настайдаа Хорчины Боржигин Манзушири тайжийн бага хатан болсон.