Уулын Карабах
Уулын Карабах (азерб. Dağlıq Qarabağ, армен. Լեռնային Ղարաբաղ) нь Бага Кавказын нурууны өмнөд хэсэгт, Арменийн өндөрлөг газрын зүүн захад, Карабах гэгддэг газарзүйн бүс нутгийн өндөрлөг орших бүс нутаг. 1991 онд ЗХУ задран унасны дараа энэ газар нутгийн ихэнх хэсэг нь Армениас эдийн засаг, улс төр, цэргийн дэмжлэгтэй байсан ч Азербайжаны "де-юре" хэсэг гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "де-факто" Бүгд Найрамдах Арцах Улсын мэдэлд орсон нутаг юм.
Нэршил
засварлахКарабах гэдэг нэр нь өөрөө (Перс, Түрэг хэлнээс гаралтай бөгөөд "хар усан үзмийн талбай" гэсэн утгатай) анх Гүрж, Перс сурвалжид 13-14-р зууны үед Кура, Арас голын хоорондох нам дор газар бөгөөд зэргэлдээх уулархаг нутгийг нэрлэж байжээ.
Түүх
засварлахЭнэ газар нутгийн тухай анхны түүхэн баримтууд Урартугийн хаант улсын (МЭӨ VIII-VII зуун) эх сурвалжид гардаг байна. Тухайн нутгийн уугуул иргэд нь Энэтхэг-Европ гаралтай янз бүрийн овгуудаас бүрддэг байжээ. Бүс нутгийг армянчууд эзлэх явцын тухай төрөл бүрийн санал оноо байдаг боловч ихэнх эрдэмтэн судлаачид энэ үйл явц нь 387 онд Армени анх баруун зүүн гэж хоёр хэсэгт хуваагдахаас өмнө эхэлсэн гэдэгтэй санал нэг байдаг юм.
Орчин үеийн Уулын Карабах (Эртний эх сурвалжид Орхистена хэмээн нэрлэж байжээ) нь Их Армени улсын (МЭӨ IV зуунаас- 428 онд оршиж байсан эртний армени улс) бүрэлдэхүүнд орж нэгэн хэсэг нь байжээ. Ананиа Ширакаци (VII зуун) "Арменийн газарзүй"-д Арцах (англи. Artsakh) арав дахь аймаг (наханг) гэж бичигдэн байдаг байна.
387 онд Арцах, Утик мужууд Персийн вассал буюу хараат Кавказын Албанид очсон боловч Арменийн ноёдын гэр бүлийн мэдэлд үлдэж, Арменийн хүчтэй нөлөөг хадгалсаар байжээ. Дараа нь олон үндэстэн ястнаас бүрдсэн Кавказын Албани улсыг 705 онд арабчууд эзлэн устгасан түүхтэй.
822 онд Арцахад шинээр тусгаар тогтносон арменийн Хачен ванлиг улсыг тунхагласан байна. 884 онд Хачены захирагчид Арменийн тусгаар тогтнолыг зарлаж, өөрийгөө Арменийн хаан хэмээн тунхагласан Багратуни овогийн I Ашот (армени. Աշոտ Ա Մեծ; 862-885 онд Вангуудын Ван, дараа нь 885—890 онуудад хаан) хааны эрх мэдлийг хүлээн зөвшөөрчээ.
1045 онд төвлөрсөн Армени үгүй болсоны дараа Хачен ванлиг улс олон зуун жилийн турш Арменийн ноёрхлыг хадгалсан газруудын нэг хэвээр байжээ.
13-р зууны 1230-40 онуудад монголчууд Кавказыг эзлэн авсан юм. Арцах-Хачений ван Хасан-Жалалын хүчин чармайлтаар газар нутгийг сүйрлээс хэсэгчлэн аварч чадсан юм. Гэсэн хэдий ч 1261 онд түүнийг нас барсны дараа Хачен ванлиг монголчуудад захирагдах болжээ. 14-р зуунд дараагийн Түрэгийн холбоод болох Кара Коюнлу, Ак Коюнлу нар монголчуудын оронд ирсэнээр байдал улам дордсон байна.
Дундад зууны сүүлчээр эх сурвалжууд Арас ба Кура голуудын хоорондох тал нутагт түрэг нүүдэлчид орж ирсэн тухай дурдасан байна. Тэнд суурьшсан Арменүүд яваандаа Лалын шашинтай нүүдэлчидтэй холилдож, "Карабах" гэж нэрлэгдэх болжээ. Нүүдэлчид тал нуагт өвөлжиж, зундаа өндөрлөг газрын бэлчээр рүү нүүдэллэдэг байсан байна. Ийм аж амьдрал 20-р зуун хүртэл үргэлжилсэн ажээ. Уулын Карабах дахь Түрэгийн нүүдэлчид Османы эзэнт гүрний богино хугацааны эрхшээлд байхдаа 1593, 1727 оны тооллогоор бүртгэгдсэн байдаг юм.
Уулын Карабах, Арменийн захирагч нарын хоорондын харилцаа холбоог сулруулахын тулд Персийн эрх баригчид 1600 оны орчим Курд аймгуудыг Уулын Карабах, Зангезур хоёрын хоорондох газар нутагт шилжүүлэн суурьшуулжээ.
XVI—XVII зуунд Хачен ванлиг улс 5 жижиг "меликст" (ноёны эзэмшил нутаг) хэмээх хэсэгт хуваагджээ. XVIII зууны дунд үе хүртэл оршин тогтнож байсан Хамс гэх меликст нь өнөө хүртлэх армений үндэсний төрийн зохион байгуулалтын үндсэн гарал үүсэл нь болж байгаа юм.
Сүүлд жижиг меликстууд тусгаар тогтнолоо алдаж Карабахын хант улсын нэг хэсэг болжээ. Хант улс байгуулагдсанаар түрэг овог аймгуудын иргэд Карабах руу нүүж, эсрэгээр арменичуудын гадагшаа чиглэгдсэн цагаачлал улам эрчимжсэн байна. Хуучин Арменийн меликстын Варандын төвд армени-турк холимог хүн амтай томоохон тасархай нутаг болох - Шуша буюу Шуши хот үүсчээ.
1804-1813 оны Орос-Персийн дайны төгсгөлд 1813 оны Орос-Ираны энхийн гэрээ байгуулагдаж түүгээр Карабахын хант улс Оросын Хаант улсын бүрэлдэхүүнд шилжэн орсон байна. Улмаар 1822 онд Карабахын хант улсыг татан буулгаж, албан ёсоор Оросын эзэнт гүрний Карабах муж болжээ.
Карабахын хаант улс Орост нэгдсэний дараа тус нутгийн олон мусульманчууд Перс рүү дүрвэн гарчээ. Мөн энэ хугацаанд нүүдлийн эсрэг урсгалаар Персээс армени цагаачид ихэвчлэн хуучин Нахичеван, Эриван хант улсын нутагт ирж суурьшжээ. 1828 онд 700 армени гэр бүлийг Карабахад нүүлгэн шилжүүлж, 300 гэр бүл буцаж, үлдсэн хүмүүсийн нэлээд хэсэг нь хар тахлын улмаас нас баржээ. Уулын Карабахад (одоогийн Мардакерт муж) Ираны Мараги хотын цагаачид ижил нэртэй тосгон байгуулсан байна. Түүнээс хойш Карабах руу томоохон нүүлгэн шилжүүлэлт болоогүй юм.
19-р зууны үед Шуша нь Закавказын тав дахь том хот болж хувирсан. Хотын хүн ам юуны өмнө арменичууд нүүж дийлэнх хэсгийг бүрдүүлж эхэлсэн. Энэ хугацаанд Шуша хотод хивс, торгоны үйлдвэрлэл, худалдаа эрчимтэй хөгжиж, 19-р зууны эцэс гэхэд Шуша нь Азербайжан, Закавказын Арменийн соёлын тэргүүлэх төвүүдийн нэг болсон байна.
20-р зууны эхэн үед үндэстэн хоорондын томоохон мөргөлдөөнүүд болсон. 1905 оны 8-р сард армени-татаруудын хядлагын үеэр Шуша хотод цуст мөргөлдөөн болж, 240 байшин, Хандамировын театр шатаж, 318 хүн амиа алджээ. Тухайн үеийн мөргөлдөөн нь Карабах, Зангизурын холимог хүн амтай бүх нутгийг хамарсан юм.
1917 оны 10-р сарын Оросын коммунист Хувьсгалын дараа Карабах нь Ар Кавказын бусад орны нэгэн адил анх удаа Кавказын комиссариат болон түүний байгуулсан Ар Кавказын "Сеймийн эвсэл"-д захирагдаж байсан. 1918 оны 4-р сарын 22-нд Ар Кавказын Сейм Ар Кавказыг бие даасан Ар Кавказын Ардчилсан Холбооны Бүгд Найрамдах Улс гэж тунхаглаад удалгүй 5-р сарын сүүлчээр Армени, Азербайжан, Гүрж гэсэн тусдаа улсууд болон задарсан байна.
1918 оны 5-р сарын 28-нд Ар Кавказын Сейм дэх исламын шашны бүлгийн гишүүд тусгаар тогтносон Азербайжан улсыг тунхагласан. Бүгд Найрамдах Ардчилсан Азербайжан улс нь Оросын эзэнт гүрний хуучин Баку, Елизаветполь мужуудын нутаг дэвсгэр, тэр дундаа Карабах, Зангезур зэрэг холимог хүн амтай газар нутгийг эзэмшиж байсан юм. 1918 оны сүүлээр, Дэлхийн нэгдүгээр дайнд Турк улс бууж өгсний дараа Их Британийн цэргийн төлөөлөлүүд Шуша хотод орж ирээд Шуша, Карабах болон бусад хэд хэдэн сууринд Азербайжаны гарнизонууд байрласан байна. 1919 оны 1-р сарын 15-нд Британийн командлал Азербайжаны засгийн газраас томилогдсон Хосров-бей Султановыг Карабах, Зангезурын генерал захирагчаар батласан юм. 8-р сард Азербайжаны шахалтаар, мөн Их Британийн цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх гэж байгаатай холбогдуулан Армени ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй байжээ. Иймд "Карабахын арменичуудын VII конгресс" асуудлыг "Парисын энх тайвны бага хурлаар" хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх хүртэл Уулын Карабах дахь Азербайжаны харьяаллыг хүлээн зөвшөөрсөн байна.
1920 оны 3-р сарын сүүлчээр Уулын Карабахт Азербайжаны эсрэг бослого эхэлсэн байна. Арменийн офицеруудаар ахлуулсан зэвсэгт отрядууд Шуша, Ханкенди, Аскеран, Тертер дахь Азербайжаны постууд руу нэгэн зэрэг довтлов. Бослого ялагдлаар дуусч, эцэст нь Азербайжаны арми Шуша болон түүний эргэн тойрон дахь хяналтыг эргүүлэн авч чадсан байна. Уулын Карабах дахь орон нутгийн эсэргүүцэл Азербайжаныг Зөвлөлт болгох үе хүртэл үргэлжилсэн ажээ. 5-р сард Азербайжанд Зөвлөлт засгийн эрх тогтоосны дараа Ажилчин тариачны Улаан армийн 11-р армийн ангиуд Карабахыг эзэлжээ.
1920-1921 онуудад Карабахад Зөвлөлтийн эсрэг Арменийн болон Азербайжаны хоёр бослого гарсан юм.
1921 оны 7-р сарын 5-нд Оросын коммунист (большевик) намын Кавказын товчооны бүгд хурлаар “Өөртөө засах Уулын Карабах муж”-ийг байгуулж Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Азербайжан Улсын бүрэлдэхүүнд үлдээж, түүнд бүс нутгийн өргөн автономит буюу өөртөө засах эрх олгох шийдвэр гаргажээ. Бүс нутгийн засаг захиргааны төв нь Шуша хот байхаар тогтсон юм. 1923 онд Уулын Карабахын арменичууд суурьшсан хэсгийг Азербайжаны бүрэлдэхүүнд Уулын Карабах автономит муж болгон зохион байгуулж, засаг захиргааны төвийг Ханкенди тосгонд шилжүүлж, хожим Степанакерт гэж нэрлэсэн байна.
1937 онд Азербайжанаас тусдаа Уулын Карабахын автономит муж болж мөргөлдөөн хэсэг хугацаанд намжсан байна.
ЗХУ-ын үед Зөвлөлт Арменийн удирдлага Уулын Карабахыг өөртөө шилжүүлэн авах асуудлыг удаа дараа сөхөн тавьж байсан. Армени, Азербайжан дахь үндэсний хөдөлгөөн өөрчлөн байгуултын үед эрс нэмэгдсэнтэй холбогдуулан (1987-1988) нийгэм хоорондын зөрчилдөөн гүн хурцадмал байдалд орсон.
1988 оны 11-р сараас 12-р сар гэхэд хоёр Бүгд найрамдах улсын оршин суугчдын дийлэнх нь энэхүү мөргөлдөөнд оролцсон бөгөөд энэ нь Уулын Карабахын орон нутгийн асуудал биш болж цар хүрээгээ тэлээд үндэстэн хоорондын том хэмжээний мөргөлдөөн болж хувирсан юм.
1991-1994 онуудад энэхүү сөргөлдөөн нь Уулын Карабах болон түүний эргэн тойрны зарим газар нутгийг хяналтдаа авах томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулахад хүргэсэн. 1994 оны 5-р сарын 5-нд нэг талаас Армени болон өөрийгөө тунхагласан Бүгд Найрамдах Уулын Карабах Улс (БНУКУ), нөгөө талаас Азербайжаны хооронд эвлэрэх, гал зогсоох тухай "Бишкекийн протокол"-д гарын үсэг зурсан байна.
Зэвсэгт мөргөлдөөний үр дүн нь асуудлыг түр "царцаасан" бөгөөд Бүгд найрамдах Уулын Карабах Улс Азербайжанаас тусгаар тогтносон явдал байв. Хуучин Уулын Карабахын автономит улсын нутаг дэвсгэрийн 92.5 хувь, "аюулгүй байдлын бүс" гэгдэх засаг захиргааны хувьд автономит мужид харьяалагддаггүй, харин түүний нутаг дэвсгэрийг тойрсон газрууд БНУКУ-ын мэдэлд оржээ. Мөргөлдөөн нь бүс нутагт үндэстний томоохон өөрчлөлт оруулж, энд амьдарч байсан бүх азербайжанчууд болон курдүүд дайсагналын нөлөөлөлд өртсөн бүсээс зугтан гарчээ. Арменийн хяналтын бүсээс гадуур амьдардаг бараг бүх арменичууд Азербайжаныг орхиж, бараг бүх азербайжанчууд Арменийг орхисон байна.
2020 онд олон жилийн харьцангуй энхтайван байдлын дараа дахин зэвсэгт мөргөлдөөн гарч, сар хагас үргэлжилсэн. Үүний үр дүнд гал зогсоох тухай мэдэгдэлд гарын үсэг зурж "БНУКУ-ын аюулгүйн бүс" бүхэлдээ (6 км урт Лачины коридороос бусад), мөн хуучин Уулын Карабах автономит мужийн нутаг дэвсгэрийн нэлээд хэсэг (үүнд Шуша хот ороод), Азербайжаны мэдэлд орж, үлдсэн нутагт Оросын энхийг сахиулагчид оржээ.
2023 оны 9-р сард мөргөлдөөн дахин дэгдэж талууд нэг нэгийгээ буруутгаж эхлэв. 2023 оны 9 дүгээр сарын 19-20-нд явагдсан Азербайжаны талын өргөн хэмжээний цэргийн ажиллагаагаар Уулын Карабахын салан тусгаарлах БНУ бүрэн эзлэгдэж, ерөнхийлөгч Самвел Шахраманян 9 дүгээр сарын 28-нд тус БНУ-ыг татан буулгах, төрийн бүх институцийг нь 2024 оны 1 дүгээр сарын 1 гэхэд татан буулгасан байх зарлигт гарын үсэг зурсан. Азербайжаны армийн довтолгооны дараа 2023 оны 11-р сарын 1-ний байдлаар 100 мянга гаруй армян гаралт карабахчууд төрөлх нутгаасаа дүрвэн Армяны нутагт орж ирсэн байна. Ийнхүү Азербайжан улс сүүлийн 100-аад жил оршин тогтносон Уулын Карабахын өөртөө засах гэх статусыг бүрэн үгүй болгож улс төр-геополитикийн шинэ нэр томьёо “Баруун Азербайжан” гэх ойлголтыг дэвшүүлжээ.