Төмөр Хожа (перс: تیمور خواجه, Timur Khaja) нь 1361 оны 8 сард Алтан ордын улсын хаан суусан хүн. Тэрээр Зүчи ханы хөвүүн Шибаны гуч Махмуд Хызр ханы ууган хөвүүн бөгөөд өөрийн аав, дүү хоёроо алж хаан сууринд заларсан нэгэн. Энэ явдлын дараа Алтан ордын ноёд эмирүүд түүнийг эсэргүүцсэний нэг нь тус улсын баруун талд эмир Мамай, Зүчийн удмын Абдулла гэгчийг, Гулистан хотод Хызр ханы дүү Мурид, Зүчийн хөвүүн Тугатөмөрийн хөвүүн Баяны удмын Ордумелиг нар тус бүрдээ өөрсдийгөө хаанд өргөмжлөн цэргээ удирдан Сарай Бэрх хот руу довтлов. Төмөр Хожа ханы харьяат цэргээ авч Ижил мөрний зүүн эрэг рүү гарч зугтав. Харин Ордумелиг ханы цэрэг Сарай хотыг эзлэн нэг сар гаруй хугацаанд хаанчлав. Мамай ноёны цэргүүд Сарай хотод ирж Ордумелигтэй тэмцэлдсэн байдаг. Төмөр Хожаг хэний тал дарсан нь яг таг баттай биш ч, Ордумелиг, Мамай хоёрын аль нэг барьж алсанд түүхчид санал зөрдөг. "Оросын Никоновын он дарааллын бичигт дурдснаар түүнийг 1 сар, 7 хоног төрийн эрхийг барьсан гэжээ."[1] Богино хугацаанд төр барихдаа Шудрага султан Төмөр Хожа хан гэсэн мөнгөн зоос цутгаж амжжээ. Түүний хөвүүн Азиз шейх 1365-1367 онд Алтан Ордын хаан суусан.

Өмнөх
Хызр
Алтан Ордын улсын хангууд
1361 оны 8 сар - 1361 оны 9 сар
Дараах
Ордумелиг
  1. Зүчийн Улс (Монголын эзэнт гүрний түүх). Степпе паблишинг ХХК: МУИС-Монгол судлалын хүрээлэн. 2019. p. 89. ISBN 9919-9552-2-1.