Хызр
Махмуд Хызр хан (эртний татар хэл: خضر خان , Хызр хан) нь 1360-1361 онд Алтан Ордоны Улсын хаан сууринд суусан. Тэрээр Зүчи ханы тавдугаар хөвүүн Шибаны жич Манхутайгийн хөвүүн. 1359 онд Гулистан хотод өөрийгөө хаанд өргөмжлөснөөр Сарай хотод хаанчилж асан Кульпа хааныг Зүчийн хөвүүн Тангудын угсааны Науруз алж хаан болсноор Алтан ордын улс хоёр хаантай болж, нэгнээ устгах тэмцэл эхлэв. 1360 оны зун Хызр хаан нийслэл рүү цэрэглэж, Науруз хааны талын ноёд жанждыг авилгадан өөртөө урвуулж, Науруз хааныг баривчлан гэр бүлээр нь цаазлав. Тус хядлагад Өзбег хааны хатан Тайдулла хатан өртөж цаазлуулжээ. 1360 оны 6 сард Сарай хотод дахин хаан сэнтийд суух ёслол үйлдэж, өөрийн нэрээр Сарай Бэрх, Гулистан, Хорезм, Азак хотод зоос цутгуулж, гүйлгээнд оруулав. Тэрээр нэг жилийн хугацаанд хаанчлахдаа Оросын вант улсуудыг захирах хяналтаа чангалахыг оролдож, Алтан ордын нутагт дээрэм хийсэн орос иргэдийг өгөхийг шаардаж гурван удаа элч илгээж байжээ. 1361 оны зун отгон хөвүүн Кутлуйн хамт өөрийн ахмад хөвүүн Төмөр Хожад алуулав. Яг энэ хуйвалдааны үеэр Суздалийн ван Дмитрий эрх мэдлээ баталгаажуулахаар Сарай Бэрх хотод ирээд хуйвалдааны золиос болчилгүй амьд үлдэжээ. Энэ үеэс хойш оросын вангууд өөрийн биеэр Сарай хотод очдог зуу гаруй жилийн түүхт уламжлал алдагдаж, төлөөний элч илгээх болсон.
Өмнөх Наурузбег |
Алтан Ордоны Улсын хаан 1360-1361 |
Дараах Төмөр Хожа |