Дөргөнэ хатан (1206 онд орчим төрсөн-1246 онд нас барсан) хатныг Монгол сурвалж бичгүүдэд Наймажин, Наймалжин гэж бичсэн байдаг. Энэ нь найман аймгийн гаралтай гэсэн үг. Өгэдэй хааны энэ хатан нөхрийгөө нас барсны дараа 1241-1246 он хүртэл Их Монгол Улсын төр барьсан бөгөөд монгол эмэгтэйчүүдийн дотроос анх төр барьсан хүн юм.

Амьдрал засварлах

Дөргөнэ хатан их царайлаг биш боловч их захирангуй, хатуу хүн байсан байна.

Дөргэнэ бол мэргид аймгийн ноён Тохтоа бэхийн ууган хүүгийн гэргий байжээ. Гэтэл Чингис хаан мэргидийг байлдан дагуулахдаа түүнийг олзолж хөвгүүндээ өгснөөр хаан ширээ залгамжлах болсон Өгэдэйн зургадугаар хатан болсон ажээ. Дөргэнэ Өгэдэй хааны хатан болоод Гүюг, Хүдэн, Хүчү, Харачар, Хаш хэмээх таван хөвүүн төрүүлжээ. Төрөлхийн зоримог, шударга зантай, чадварлаг Дөргэнэ бусад хатдаасаа илүү хааныхаа хайр сэтгэлийг булааж чаджээ. Өгэдэй хаанчлалын сүлийн үед бор дарсанд орж төрийн хэргийг цалгардуулах болсон тул Дөргэнэ хатан төрийн хэргийг орлон эрхлэх болжээ. Тэрээр лалын худалдаачдыг дотночлон тэдэнд зүйл бүрээр тусалж дэмжиж байсан аж. Ялангуяа лал худалдаачин Абдуррахман хатанд онцгой дотночлогдож, 1240 онд эзлэгдсэн орнуудын олон мужаас гааль татвар хураагч түшмэл болон дэвшсэн байдаг. 1241 оны 12 сарын 11-нд учир битүүлэг нас барсан Өгэдэй хааныг бусдад хорлогдсон ч байж магадгүй хэмээн үздэг. Өгэдэй хаан гэнэт нас барсан учир Чингис хааны адил ширээ залгамжлуулах хүнээ нэр заан албан ёсоор гэрээслээгүй ажээ. Дэргэдээсээ салгадаггүй хайрт хатан Мөгэ хатандаа «чи төрийн хэрэг хамаар. Ширэмүнийг дэмжиж хаан ширээ залгамжлуул» гэж нэг биш удаа захисан нь зарим ном дэвтэрт тэмдэглэгдсэн байдаг. Мөгэ хатан бол ухаалаг, зан ааш сайтай, Өгэдэйд ихэд үнэлэгддэг байсан байна. Гэвч харамсалтай нь Өгэдэйг таалал төгссөний дараа өвчнөөр удалгүй нас баржээ. Ширэмүн төрийн хэрэг жолоодоход балчир байлаа.

Хаан ширээний төлөөх тэмцэл засварлах

Өгэдэй хааныг 1241 оны эцсээр тэнгэрт халимагц Монгол гүрний хаан ширээ булаацалдах тэмцэл хямрал эхэлсэн ажээ. Дөргөнэ хатан нөлөө бүхий хэсэг ноёд язгууртнуудийг зарлан цуглуулж Далан даваа гэдэг газар хуралдаан хийж, шинэ хааныг өргөмжлөх асуудал хэлэцүүлжээ. Гэхдээ тэр чуулганаас хэнийг хаанаар өргөмжлөх тодорхой шийдвэр гаргалгүй Дөргөнэ хатанд төрийг түр хамааруулахаар тогтжээ. Ийм шийдвэр гаргахад Цагадай гол үүрэг гүйцэтгэжээ. Тэр үед Цагадай Чингис хааны хөвүүдээс амьд сэрүүн байсан ганц хүний хувьд эрх сүр их байв. Нөгөө талаар төрийн эрхийг гартаа авахын тулд Дөргөнэ хатан өөрөө ч зарим нэг арга мэхийг хэрэглэсэн байдаг. Энэ явдалд Өгэдэй хааны ах дүү, үр садан болон хуучин түшмэд, Чингисийн угсааны бусад ноёд сурвалжтан нарын олонх ихэд дургүйцжээ. Хаан суулгахаар Өгэдэй хааны гэрээсэлж үлдээсэн Ширэмүнийг амьд сэрүүн байхад эд нар дураар аашилж байна гэсэн яриа олны дунд ихэд дэлгэрч, нөгөө талаар нөлөө бүхий ноёд, түшмэдийн ихэнх нь шинэ хааныг өргөмжлөх эрмэлзэлтэй байсан учир Дөргөнэ арга буюу бусдын шахалтаар их хуралдайг хуралдуулах болов. Дөргөнэ хатан төрийн эрхийг барьж байсныхаа хувьд Ширэмүнийг балчир гэдэг нэрийдлээр өөрийн хүү Гүюгийг их хаанд өргөмжлүүлжээ. Чингис хааны ахмад хөвүүн Жүчийн том хөвүүн Бат ба отгон хөвүүн Толуйн угсааныхан Гүюгийг хаан суух явдлыг эсэргүүцэж харин Өгэдэй, Цагадайн угсааныхан Гүюгийг хүрээлэн дагасан байна. Ийнхүү Өгэдэй хааны залгамжлагчийг сонгох үед Чингис хааны алтан ургийхан хоёр хэсэг хагарчээ. Хэдий тийм боловч Гүюгийг хаан ширээ өргөмжлөх хуралдай Дөргөнэ хатны дэмжлэгээр хааны зуны ордонд 1246 оны зун эхлэв. Энэ их хуралдайгаар Гүюг их хаанаар өргөмжлөгдсөн нь Дөргөнэ хатны төрийн эрх барихыг эцэслэсэн боловч Дөргэнэ хатны нөлөө, эрх сүр нь бүрмөсөн буураагүй болой. Удалгүй тэр жилдээ Дөргөнэ хатан нас барсан ажээ. Нэгэн үед Монголын төрийг барьж нэр цуутай явсан Дөргөнэ хатны амьдрал бурангуй феодал ёсны улс төрийн тэмцлийн шуурганд ийн эцэслэсэн түүхтэй. Гэхдээ Дөргөнэ төр барих хугацаандаа хааны алтан ургийн дотоод зөрчил хямралыг дэглэн цэгцлэхийн төлөө хатуу ширүүнээс халшрахгүй тэмцсэн шантаршгүй зоригт хатан, хаант төрийн шадар зүтгэлтэн хэмээн тооцдог.

Өмнөх
Борогчин
Их Монгол Улсын их хатан
123?-1241
Дараах
Огул Хаймыш
Өмнөх
Өгэдэй хаан
Их Монгол Улсын төрийн тэргүүн
1242-1248
Дараах
Гүюг хаан