Раббан Бар Саума
Раббан Бар Саума (сири. бар саума — «мацагийн хүү», сири. раббан — «багш», англи. Rabban Bar Ṣawma) (1220 он орчим Ханбалигт төрсөн—1294 онд Мераге хотод нас барсан) —Ираны Ил хаант улсын элч бөгөөд несториан шашны ламтан. Их Монгол улсын Европ тивээр аялсан тухайгаа бичиж үлдээсэн уйгур хүн. Түүнийг мөн уйгурын Марко Поло гэдэг.
Өрнө зүг аялсан нь
засварлахРаббан Бар Саума нь Монголын эзэнт гүрний нийслэл Ханбалиг (одоогийн Бээжин) хотод несториан шашны лам Шебаны гэр бүлд төржээ. Тэр уйгар хүн байсан гэсэн таамаг байдаг бөгөөд 20 настайдаа сүм хийдийн үйл хэрэгт зүтгэх болсон байна. 1278 онд Раббан Бар Саума өөрийн шавь Маркосын хамт Иерусалим руу мөргөл хийхээр гарсан байна. Тэд Тангудын улсыг гаталж, Кашгар, Хотаны баян бүрдээр аялж, Талас, Хорасанаар аялж, Ани, Гүрж, Мосулд очжээ. Сири дэх байлдааны ажиллагаа, тэднийг Ариун газар руу явах замд ямар их аюул хүлээж байгааг мэдсэн тэд тухайн үед Хүлэгүгийн улсын Монгол Ил ханы захиргаанд байсан Перс рүү чиглэсэн замаасаа хазайжээ.
Зүүн Ассирийн сүмийн хамба лам Мар-Дынха Хубилайн энэхүү элч нарыг найрсаг дотноор хүлээн авсан боловч Абаха ханаас түүний зэрэглэлийг баталгаажуулахыг хүсчээ. 1281 онд хамба лам нас барж, Саумагийн шавь Маркосыг "Мар Ябалаха III" нэрээр хамбаар сонгосон байна. Аялагчид сонгогдсоноо баталгаажуулахаа Табриз руу Ахмед Тэкүдэр хаан руу явсан боловч тэр тэднийг ирэхээс өмнө нас баржээ. 1284 онд хаан ширээнд суусан Аргун хаан Сири дэх мамлюкуудын эсрэг хамтарсан үйл ажиллагаа явуулах зорилгоор Ромын пап болон Европын Христийн шашны удирдагчидтай холбоо тогтоохыг санаархаж байв. Түүнд Европ дахь Элчээр Христийн шашинтан хэрэгтэй байсан бөгөөд шинээр сонгогдсон Хамба ламын зөвлөснөөр хөгшин Раббан Бар Саумаг Ром дахь элчээр сонгожээ.
1287 онд Раббан Бар Саума генуягийн иргэн Томас, орчуулагч Угето нарын хамт 30 тэмээн жингээр өрнө зүг буюу Трабзон руу хөдөлжээ. Аргун хаан түүнд Византийн эзэн хаан, Ромын пап болон Европын хэд хэдэн хаад руу захидал илгээжээ. Трабзонд хүрч очоод Элч төлөөлөгч нар хөлөг онгоцонд суугаад далайгаар Константинополь руу аялж, Раббан Саумаг эзэн хаан II Андроникос Палайологос хүлээн авсан байна. Түүний тэмдэглэлээс харахад Константинополийн Гэгээн Софиягийн сүм Монголын Элчид мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн гэдэг.
Константинополь хотын дараа Раббан Саума дахин хөлөг онгоцоор Итали руу явсан байна. Сицили аралын хажуугаар усан онгоцоор явж байхдаа 1287 оны 6-р сарын 18-нд Этна галт уулын дэлбэрэлт болон Анжоугийн Чарльз II, Арагоны Хайме нарын хоорондох тэнгисийн цэргийн тулалдааны гэрч болсон байна. Тэрээр Ромд хүрэлцэн ирэхдээ Пап лам IV Онори 1287 оны 4-р сарын 3-нд нас барсныг мэдээд кардиналуудтай товч хэлэлцээ хийж, Гэгээн Петрийн цогчин дуган очсоны дараа Флоренц, Генуя хотуудаар дамжин Парисыг зорьжээ. Тэрээр Генуя хотод IV Филипп хааны (франц. Philippe IV le Bel, 1268—1314) ордонд бүтэн сар болж өвөлжөхдөө тэрээр францын хааныг Ил хаантай холбоотон болгохыг хичээж байв.
Раббан Бар Саума Францын хаант улсын хилийг орхиж Аквитан руу явж (магадгүй Бордо хотод) Английн I Эдвард хаантай уулзаж чадсан байна. Түүнийг Ромд буцаж ирэхэд IV Николас Пап ламаар сонгогдсон бөгөөд тэрээр монголын Элчийг маш их нааштайгаар хүлээн авч, ариун нууцуудаас хүртэсэн байна. Тэрээр 1288 онд Багдад руу буцаж ирэхдээ өөрт нь бэлэглэсэн үнэт титэм малгайг хамба Маркост бэлэг болгож өгсөн байна.
Раббан Саума Багдад буцаж ирээд аяллынхаа тухай тэмдэглэлийг эмхэтгэсэн бололтой. Энэ хооронд Аргун хаан генусын Бускарелло де Гисольфи тэргүүтэй шинэ дипломат Элч төлөөлөгчдийг Европ руу илгээсэн бөгөөд үүний хариуд пап лам Монтекорвина Жонны алдарт элч нарыг Хятадад илгээжээ.
Амьдралынхаа төгсгөлд Раббан Бар Саума Мераге хотод суурьшиж, 1294 онд нас баржээ.