Суксаха (манж хэл: ᠰᡠᡴᠰᠠᡥᠠ; хятад: 蘇克薩哈) (?-1667) нь манж Дайчин гүрний төрийн сайд, цэргийн зүтгэлтэн. Манжийн нара овгийн хүн. Эеэр засагч хааны зарлигаар хөвгүүн Хиоване-г нас биед хүрэх хүртэл төр барьсан 4 сайдын нэг юм. Заланы занги Сунагийн ахмад хөвгүүн.

Суксаха нь Манжийн шулуун цагаан хошууны ехэнара овгийн хүн. Түүний эцэг Суна хэмээгч нь ехэнара аймгийн Гинтайшийн садан төрлийн хүн байсан. 1661 онд Эеэр засагч хаан салхин цэцэг өвчнөөр нас барсны дараа, хааны гэрээслэлээр Сонин (Чин гүрэн), Обой, Суксаха, Эбилүнь гэсэн дөрвөн сайдыг төрийн хэргийг захирах дөрвөн сайдаар томилсон. Төр баригч дөрвөн сайдын дотроос гувалгия овгийн Обой нь дангаар төрд ноёлохыг тэмүүлж, Суксахаг төрийн хэргээс зайлуулахын тулд Энх амгалан хаанд нөлөөлж, 1667 онд түүний эрх мэдлийг хураан авч, төрийн эсрэг хуйвалдсан гэх ял тулгаж, ах дүүс, хөвгүүд охид зэрэг бүхий л өрхийн гишүүдийг цаазаар авав. Обой сайд 1669 онд цаазлуулсны дараа хаан зарлигаар Суксахагийн хэргийг цагаатгаж, ганц үлдсэн хөвгүүн Су Чаншоуд эцгийнх нь албан тушаал, цол хэргэмийг нь буцаан олгосон.

Ах дүүс:

  • Конгучи: төрийн эфү цолтой. Юй чин ван Додогийн хүргэн.
  • Сумала: тэргүүн зэргийн хиа
  • Судуо
  • Мансэ: хоёрдугаар дэсийн хиа
  • Охин дүү: ли чин ван Дайшаний 6-р агь Мажаньтай гэрлэсэн.

Хөвгүүд:

  • Сухэ: 1-р зэргийн хиа, сумын занги
  • Сэхэли: 1-р зэргийн хиа
  • Жакэдань: дотоод сайд, сумын занги
  • Аньсай: жигүүрийн сайд
  • Сакчингэ: түшмэл
  • Даци
  • Дэци
  • Су Чаншоу: сул сайд, цэргийн захирагч
  • Охин: чэнзэ чин ван Шосайгийн хатан болсон
  • Охин: Лакдагийн хөвгүүн Жиндэтэй гэрлэсэн.

Холбоотой хуудас

засварлах