Жон Адамс
Жон Адамс (англи. John Adams; 1735 оны 10-р сарын 30-нд Британий эзэнт улсын Массачусэттс-Бэй мужийн Брейнтри-д төрсөн- 1826 оны 7-р сарын 4-нд АНУ-ын Массачусеттс мужийн Куинси хотод нас барсан) - америкийн төрийн болон улс төрийн зүтгэлтэн, хуульч, дипломат, АНУ-ын эрх чөлөөний төлөө дайн, хувьсгалын манлайлан удирдагч, АНУ-ыг “Үндэслэгч эцгүүд"-ийн (англи. Founding Fathers) нэг юм. Тэрээр анхны Дэд Ерөнхийлөгч (1789-1797) бөгөөд АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны дараа 1797 оноос 1801 оныг хүртэл Нэгдсэн Улсын 2 дахь Ерөнхийлөгчийн албыг хашжээ. Сүүлд түүний хүү Жон Куинси Адамс 1825 онд АНУ-ын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.
Намтар
засварлахТэрээр 1735 оны 10-р сарын 30-нд Брэйнтри хотод Жон Адамс-ахмад (1691—1761) болон Сюзанна Бойлстоун нарын гэрт ууган хүү болж төржээ. Жон Адамс-залуу Питер (1738–1823), Илайхью (1741–1775) гэж хоёр эрэгтэй дүүтэй байсан бөгөөд бага дүү нь өвчнөөр 1775 онд нас барсан байна.
Тэрээр 1755 онд Харвардын их сургуулийг төгсөж, дунд сургуулийн багшаар ажилласан. Санваартны карьераа орхисон тэрээр хуулийн чиглэлээр суралцаж эхлэв. Тэрээр 1758 онд хуулчийн ажлаа эхлүүлсэн байна. 1764 онд тэрээр хоёр дахь үеэл, өндөр оюун ухаантай, өөртөө итгэлтэй пасторын охин Абигаил Смиттэй гэрлэжээ. Жон Адамс улмаар Бостоны хамгийн алдартай хуульчдын нэг болжээ.
Жон Адамс үеэл ах Сэмьюэл Адамсын (Samuel Adams) нөлөөгөөр улс төрд орж радикал «үндсэрхэг» үзэлтнүүдтэй нийлжээ. Улс төрийн замналаа «Bostongazette» сонинд шүүмж бичиж эхлүүлсэн байна. Сүүлд эдгээр шүүмжийг Лондонд 1768 онд дахин «Essay on the Canon and Feudal Law» нэртэй хэвлэсэн байна.
1774 онд Массачусетсийн Үндэсний Конгресст сонгогдсон. Тивийн нэг, хоёрдугаар их хуралд оролцсон. Түүний гарын үсэг нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалын дор байгаа бөгөөд түүнийг боловсруулахад тэр шууд гар бие оролцсон байна. Жорж Вашингтоныг эх газрын армийн командлагчаар томилохыг санал болгож байсан. Тэрээр Массачусетс мужийн Үндсэн хуулийг (1779) боловсруулан байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
1777-1779 онд - Францад Элчин сайд байсан, дипломат салбарт амжилтанд хүрсэн. 1780 онд түүнийг Голландад Элчин сайдаар илгээж, засгийн газар, олон нийтийн санаа бодлыг төрүүлж, дипломат хүлээн зөвшөөрлийг олж авч чадсан юм. 1783 онд тэрээр Парисын энх тайвны гэрээний төслийг боловсруулахад оролцсон байна. 1785 онд тэрээр Хааг-т Прусс-Америкийн худалдааны алдарт хэлэлцээр байгуулжээ. 1785-1788 онд тэрээр Их Британи дахь Америкийн анхны Элчин сайдаар ажиллаж байсан түүхтэй.
Боолчлолын асуудалд
засварлахАдамс өөрөө хэзээ ч боол худалдаж авдаггүй бөгөөд зарчмын хувьд боолын хөдөлмөрийг ашиглахаас татгалздаг байжээ. Эхнэр Абигаил Адамс мөн боолчлолын эсрэг байсан, тэр чөлөөт хар арьстнуудыг хөлсөлж авдаг (гэрийн хоёр боолтой ааваасаа ялгаатай) байжээ. Гэсэн ч Адамс том улс төр дэх боолчлолын асуудлыг хөндөхгүй байхыг хичээдэг байжээ. Тэрээр төрөлх Массачусетс муждаа боолуудыг чөлөөлөхийг эсэргүүцэж, Америкийн хувьсгалт дайнд Африк гаралтай хар арьстнуудыг ашиглахыг эсэргүүцэж байжээ.
Монголтой холбоотой баримтууд
засварлахТэрээр Монголын түүхийг сонирхдог, Чингис хааныг судлан, үлгэр жишээ авдаг байсан талаар монгол судлаач Жак Вэдэрфорд анх тодорхой бичсэн байна. АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамс хувийн захидал харилцаандаа монголчууд болон Чингис хааны талаар дурдаж байсныг түүний Жорж Вашингтон, Томас Жефферсон нарт бичиж байсан захидлууд харуулдаг байна.