13-р Далай лам
13-р Далай лам Түвдэнжамц (төвд. ཐུབ་བསྟན་རྒྱ་མཚོ་ ; thub bstan rgya mtsho; 1876 оны 6 дугаар сарын 27 нд төрж, 1933 оны 12 дугаар сарын 17-нд нас барсан) — Төвөд, Монгол, Буриад, Халимаг, Тува дахь буддын шарын шашны сүсэгтнүүдийн итгэл бишрэлийн манлайлагч.
Түвдэнжамц | |
---|---|
13-р Далай лам | |
![]() | |
Засаглал | 1879–1933 |
Өмнөх дүр | Пэрэнлэйжамц |
Хойд дүр | Данзанжамц |
Төвөд | ཐུབ་བསྟན་རྒྱ་མཚོ་ |
Вайли | thub bstan rgya mtsho |
Галиг (БНХАУ) |
Tubdain Gyaco |
Мэндэлсэн | 1876 Төвөд |
Нас нөгчсөн | 1933 Лхас |
XIII Далай лам Түвдэнжамц Төвөдийн Лхасын Ландан хэмээх газар төрсөн. 1878 онд VIII Ванчин эрдэнэ үсийг нь хайчилж номын нэр хайрласан байна.
1879 онд Далай ламын ширээнд өргөмжлөгдөв. 1882 онд гэцэлийн, 1895 онд гэлэнгийн санваар тус тус авчээ. 1895 онд Лхасын Будала ордонд төр барих ёслол хийжээ.
1904 онд Их Британи Төвөд рүү довтлох үед XIII Далай лам Монголын нийслэл Өргөө рүү зугтаж, Оросын консулын газарт буриад лам Агваандоржоор дамжуулан Оросын алдарт аялагч Пётр Козловтой уулзаж Оросоос тусламж авахаар ярьсан боловч Орос улс Японтой дайтаж байсан учир тусламж авч чадсангүй буцжээ.
Улмаар Чин улсын цэргээс Их Британийн Энэтхэг рүү дүрвэхээс өөр аргагүйд хүрч, 1912 оны 1-р сард Хятадад болсон Шиньхайн хувьсгалын дараа Энэтхэгээс буцаж ирээд Монголын нэгэн адил Төвөдийн тусгаар тогтнолыг тунхагласан байна. Оросын архивын баримтад 13-р Далай ламын Төвөд хэзээ ч Хятадын эрхшээлд байгаагүй гэсэн нарийвчилсан нотолгоо байдаг.
1913 оны 1-р сарын 23-нд 13-р Далай лам Төвөдийн хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчаар Будала ордонд буцаж ирсэн. Тэнд тэрээр "Тусгаар тогтнолын тунхаг"-ийг нийтэлж, Хятад, Төвөд хоёр түүхийн туршид ивээн тэтгэгч, санваартны харилцааны үндсэн дээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд Төвөд, Хятадын харилцаа нэгийг нөгөөдөө захирагдахад үндэслэдэггүй гэжээ. Төвөдүүдийг тусгаар тогтносон улс орноо хамгаалахын тулд хүчин зүтгэх ёстой тусгаар тогтносон, шашинлаг үндэстэн гэж нэрлэсэн байна.
13 дугаар Далай лам барууны шинжлэх ухаан, технологийг сонирхож байсан. Түүний дор Лхаст цахилгаан, цахилгаан утас нэвтрүүлж, мөнгө, марк хэвлэж эхлэв. Төвөд, Хятадын хооронд цэргийн мөргөлдөөн гарахыг урьдчилан харж байсан туршлагатай улстөрч Орос, Их Британи, Японы цэргийн мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр Төвөдийн армийг шинэчлэх шинэчлэлийг удаа дараа хийж байжээ. 1916 онд Лхасын засгийн газар Энэтхэгт олон арван цэрэг, офицеруудыг их буу, автомат зэвсгээр сургах зорилгоор илгээж байжээ.
1933 онд 13 дугаар Далай лам Түвдэнжамц Будала ордондоо таалал төгсчээ.