Монгол-Японы харилцаа
Монгол-Японы харилцаа - хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхэлдээ хэлж байгаа болно.
БНМАУ, Япон улсын хооронд 1971 оноос дипломат харилцаа тогтоох урьдчилсан хэлэлцээр хийж эхэлсэн байдаг. 1972 оны 2 дугаар сард Монгол Улс Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоох түүхэн үйл явдал болж, 1972 оны 2-р сарын 24-ний өдрийн 11 цагт Москва хот дахь Япон улсын Элчин сайдын яамнаа БНМАУ-ын Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Нямын Лувсанчүлтэм, Япон улсын Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд К.Нийзэки нар БНМАУ, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосныг нотолж, нот бичиг солилцжээ.
Энэ ёслолд Монголын талаас Москвад суугаа ЭСЯ-ны зөвлөх Б.Дашцэрэн, нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Хунжав, атташе Б.Нацагдорж, МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагч Э.Түмэнжаргал нар, Японы талаас Элчин зөвлөх Т.Хасэгава, зөвлөх К.Чиба, нэгдүгээр нарийн бичгийн дарга К.Нишида, атташе Х.Үэда нар байлцжээ. Энэ өдрийг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон өдөр гэж хоёр тал албан ёсоор тооцож байхаар тогтсон түүхтэй.
1977 оны 3-р сарын 17-нд гарын үсэг зурсан “БНМАУ, Япон Улсын хооронд эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн дагуу Япон Улсын Засгийн газар 5 тэрбум иенийн (тэр үеийн ханшаар 17 сая ам.доллар) буцалтгүй тусламжаар Улаанбаатарт ноос, ноолуурын “Говь” үйлдвэрийг барьж, 1981 онд ашиглалтад өгснөөр дайны төлбөрийн асуудал хаагдсан болно.
1980-аад оны дунд үеэс ЗХУ-д өөрчлөн байгуулалт эхэлж, гадаад харилцаанд нь улс төрийн шинэ үзэл санаа хэрэгжин Зөвлөлт, Америкийн харилцаа сайжирч, манай оронд ч өөрчлөлт шинэчлэлтийн бодлого явагдан дэлхийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөн тэлэхэд анхаарч эхэлсэн юм. Энэ чиг хандлага Япон улстай харилцах харилцаанд тусгалаа олж, 1987 онд Монгол Улсын Гадаад явдлын яамны сайд Мангалын Дүгэрсүрэн Япон улсад анх удаа, 1989 онд Япон улсын Гадаад хэргийн сайд Сосукэ Үно (1987-1989) өндөр хөгжилтэй орны Гадаад хэргийн сайд нараас анх түрүүн манай улсад албан ёсны айлчлал хийсэн байна.
Хэдэн арван жилийн турш үзэл суртлын өөр системд хамааран, бие биеэс нь тусгаарлах хөшиг хаалттай байсан ч нэгэн тивд оршдог, эдийн засгаа гайхалтай хурдацтай сэргээн босгож, дэлхийн өндөр хөгжилтэй орон болж чадсан бодит байдал нь Япон улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөх явдлыг Монгол Улсын тухайд чухал шаардлага, зүй тогтол болгосон юм.
Эцэст нь, Зөвлөлтийн өөрчлөн байгуулалтын нөлөөгөөр манай улсад дэлхийн улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаа бэхжүүлэх үндсэн дээр улс орноо, эдийн засгаа үндэсний язгуур эрх ашигт тулгуурлан хөгжүүлэх чиг шугамыг чухалчлах болсон үйл явц нь Япон улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэх таатай боломжийг бий болгож, үүгээр хоёр орны харилцаанд цоо шинэ үе шат нээгдсэн байна.
1974 онд байгуулсан Соёлын харилцааны тухай хэлэлцээрийн дагуу оюутан, багш, мэргэжил дээшлүүлэгчид, урлаг, спортынхныг солилцож, найрамдлын нийгэмлэгүүд 1970-аад оны эхнээс харилцаж байв.
Монгол, Японы нийгмийн байгуулалт, үзэл суртлын ялгаа мөн Монгол Улсын Зөвлөлт Холбоот Улсаас улс төрийн хараат байсан байдал зэргээс үүдэн 1990-ээд оныг хүртэл хоёр орны харилцаа дорвитой хөгжих боломж хязгаарлагдмал байсан юм.
1990 оноос хойшх харилцаа
засварлахМонгол Улс ардчиллын гараанд тулж ирсэн 1990 оны 2 дугаар сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном Засгийн газрын тэргүүний хувиар өрнөдийн орнуудаас анх түрүүн Япон улсад албан ёсоор айлчилсан. Энэ айлчлалаар Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном, Япон улсын Засгийн газрын Ерөнхий сайд Т.Кайфутай хэлэлцээ хийж, хоёр улсын Засгийн газрын хооронд Худалдааны хэлэлцээр байгуулагдсан. Мөн 1991 оны 8 дугаар сард дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын Засгийн газрын тэргүүн нараас хамгийн түрүүнд Япон улсын Засгийн газрын Ерөнхий сайд Кайфу Тошики Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь Монгол, Японы харилцааны түүхэнд эргэлт гаргах онцгой үйл явдал болж, хоёр орны харилцааг цоо шинэ түвшинд хөгжүүлэх үндсийг тавихад түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
Япон Улс “Их 7”-гийн дээд хэмжээний 1991, 1992, 1993 оны уулзалтуудын төгсгөлийн баримт бичгүүдэд Монголын ардчиллыг улс төр, эдийн засгийн талаар дэмжих тухай заалтуудыг оруулж улмаар "Монголын донор орнуудын" групп байгуулагдаж байсан. Уг ажлыг манай талаас Монгол улсын Шадар сайд Чойжилсүрэнгийн Пүрэвдорж /1992-1996/ удирдан зохион байгуулж байсан.
Тухайн үед Монгол Улс сонгон авсан ардчилсан хөгжлийн шинэ чиг шугамыг тууштай үргэлжлүүлэх, эдийн засгийн уналт, хямралыг даван туулж, ирээдүйн бие даасан хөгжлийн суурийг бий болгох, олон улсын тавцанд байр сууриа бататгах, бүс нутгийн интеграцид оролцох боломжийг бүрдүүлэх, цаашилбал Монгол Улсын аюулгүй байдал, бие даасан байдлыг бэхжүүлэх гэх зэрэг нэн эгзэгтэй асуудалтай тулгарч байв. Япон улсын хувьд манай улсын ардчилал, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжих үйл явцыг анхнаас нь тууштай дэмжиж, эдийн засаг, нийгмийн амьдралд олон талт тусламж дэмжлэгийг үзүүлэн Монгол Улсыг дэмжих олон улсын механизмыг манлайлсан нь манай улсад шилжилтийн үеийн бэрхшээлийг даван туулах, улмаар орчин үеийн хөгжлийн суурийг бүрдүүлэхэд томоохон үүргийг гүйцэтгэсэн билээ. Тухайн үеэс Япон улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламжийн хөтөлбөрүүд, "Өвсний үндэс" хөтөлбөрийн төслүүд эхэлж, төслийн тоо, цар хүрээ жилээс жилд нэмэгдэж, агуулга, ач холбогдлын хувьд гүнзгийрч ирсэн юм. Тухайлбал, IV цахилгаан станцын хэвийн ажиллагааг хангах, харилцаа холбооны Интелсат станц суурилуулах, Замын-Үүдийн ачаа шилжүүлэх байгууламжийг сайжруулах, эмнэлэг, сургуулиудыг өргөтгөн шинэчлэх, алслагдсан сумдад дизель станц суурилуулах, Улаанбаатар хотын авто зам, нийтийн тээвэр, төмөр замыг шинэчлэхээс эхэлсэн олон тооны төслийг Япон улсын дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлж байлаа. Манай улсад авч ашигласан Япон улсын Засгийн газрын хөгжлийн албан ёсны тусламж 2016 оны байдлаар 115 тэрбум 158 сая иэний буцалтгүй тусламж, 125 тэрбум 944 сая иэний хөнгөлөлттэй зээл, 44 тэрбум 770 сая иэний техникийн хамтын ажиллагааны тусламж, нийт 286 тэрбум 282 сая иэнд хүрчээ.
Энэ үеэс хоёр орны хооронд төр засгийн өндөр дээд хэмжээний айлчлал (Монгол Улсаас Ерөнхий сайд П.Жасрай 1993 онд, Ерөнхий сайд М.Энхсайхан 1997 онд, УИХ-ын дарга Н.Багабанди 1994 онд, УИХ-ын дарга Р.Гончигдорж 1999 онд, Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд, Гадаад харилцааны сайд нар 1992, 1995, 1997, 1998, 1999 онд Япон улсад, Япон улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ю.Осада 1992 онд, Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ж.Сайто 1997 онд, Япон улсын Засгийн газрын Ерөнхий сайд Обүчи Кэйзо 1999 онд) тогтмол хэрэгжиж, харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурь, чиглэл зарчмыг тодорхойлсон Хамтарсан мэдэгдлүүд нийтлэгдэж, хоёр орны хамтын ажиллагааг харилцан ашигтай, нэг нь нөгөөгөө нөхөх түвшинд хүртэл хөгжүүлэх чиг бодлогыг тусгаж ирсэн. Монгол Улс, Япон улсын Засгийн газрын хооронд Худалдааны хэлэлцээр /1990/, Японы далайн чанад дахь залуучуудын сайн дурын байгууллагыг Монгол Улсад ажиллуулах хэлэлцээр /1991/, Агаарын хамтын ажиллагааны хэлэлцээр /1993/-үүд байгуулагдан хамтын ажиллагааны эрх зүйн үндэс улам өргөжиж, хоёр орны харилцаа урьдын тогтуун байдал, хязгаарлагдмал хүрээнээс халин гарч, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн зэрэг өргөн чиглэлээр эрс идэвхжиж эхэлсэн юм.
Анх Япон улсын Гадаад хэргийн яамны Азийн газрын дарга Р.Като манай улсад 1996 оны 8 дугаар сард айлчилж, хоёр орны харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхийн төлөө “Иж бүрэн түншлэлийн харилцаа” болгон хөгжүүлэх зарчмыг санал болгож байжээ. Ерөнхий сайд М.Энхсайханы 1997 оны 2 дугаар сард Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын үед хоёр тал харилцааг XXI зуунд чиглүүлж, Иж бүрэн түншлэлийн харилцаа болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн Хамтарсан Мэдэгдэл нийтэлсэн. Хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцааны зарчмыг “нэгдүгээрт, харилцан ойлголцсон, бие биеэ хүндэтгэсэн, улс төрийн урт хугацааны харилцаа, хоёрдугаарт, олон улсын харилцааны хэм хэмжээнд нийцсэн худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай түншлэл, гуравдугаарт, соёл, боловсрол, шинжлэх ухаан-технологи, хүмүүнлэгийн салбарыг хамарсан харилцаа, дөрөвдүгээрт, дэлхий дахины глобал бүс нутгийн харилцааны асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах явдал” байхаар хоёр тал харилцан тохиролцож, 1998 оны 5 дугаар сард Ерөнхийлөгч Н.Багабандийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-г бэхжүүлэн хөгжүүлэх зорилтоо хоёр тал дахин нотолсон юм.
2007 оны 2 дугаар сард “Монгол, Японы хамтын ажиллагааны цаашдын 10 жилийн үндсэн хөтөлбөр”-ийг байгуулсан.
Монгол, Японы хооронд Иж бүрэн түншлэлийн зарчимд тулгуурлан хөгжүүлж ирсэн харилцааг шинэ түвшинд дэвшүүлэн Стратегийн түншлэл байгуулах хамтын шийдвэрт 2010 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр талууд санал нэгдсэн юм. Энэ айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсын Ерөнхий сайд Наото Кан нарын хооронд хэлэлцээ явагдаж, “2007 онд байгуулагдсан Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн үндсэн хөтөлбөрийн дагуу Иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж ирсэн хамтын хүчин чармайлт тодорхой үр дүнд хүрч, улмаар хоёр орны харилцааг дараагийн дээд шатанд дэвшүүлэн, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн харилцааг өргөн хүрээнд батжуулан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн”-ийг тэмдэглэсэн.
Дипломат харилцаа-50 жил
засварлах50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад 100 гаруй арга хэмжээ зохион байгуулагджээ. 2022 оны 11-р сарын 29-30-нд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад Төрийн айлчлал хийсэн. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-тай албан ёсны хэлэлцээ хийсэн. Энэ айлчлалаар хоёр улсын "Стратегийн харилцаа"-г "Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх стратегийн тусгай түншлэл" болгож өргөжүүлэхээр тохирсон.
Өндөр дээд хэмжээний айлчлалууд
засварлахМонгол Улсын Ерөнхий сайд Сү. Батболд /2012.05/, Ерөнхий сайд Н.Алтанхуяг /2012.10/ нар 2012 онд Япон улсад албан ёсны айлчлал хийсэн. 2013 онд Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзоо /2013.03/ Монгол Улсад, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг /2013.09/ Япон улсад харилцан айлчилсан нь хоёр улсын харилцааг эрчимжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хамтын ажиллагааны бодлого чиглэлийг тодорхойлоход шинэ түлхэц өгсөн юм.
Японы Ерөнхий сайд Ш.Абэ 2016 оны 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад 3 дахь удаагаа айлчилж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцов. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдож, Ерөнхий сайд Ш.Абэ нар 9 дэхь удаагаа дээд хэмжээнд уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдод бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хэлэлцээ хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслолд Япон Улсын Ерөнхий сайдын Тусгай элч, парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши хүрэлцэн ирж оролцов.
УИХ-ын дарга М.Энхболдын 2017 оны 3 дугаар сард Япон улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын гадаад хэргийн сайд нар “Монгол Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)”-т гарын үсэг зурж баталсан юм. Энэ хөтөлбөр 2014-2017 онд хэрэгжсэн хоёр орны Стратегийн түншлэлийн анхны дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд олсон амжилтыг дүгнэж, 2021 он хүртэлх зорилтыг тодорхойлсон бодлогын чухал баримт бичиг болсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 2017 оны 9 дүгээр сар болон 2018 оны 9 дүгээр сард тус тус уулзав.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 12 дугаар сарын 12-15-нд Япон Улсад албан ёсны айлчлал хийв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслолд 2017 оны 7 дугаар сард Ерөнхий сайд Ш.Абэ Тусгай элч илгээж оролцуулав.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны 10 дугаар сард гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцов.
Гадаад хэргийн сайд нарын айлчлал
засварлахМонгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 3 дугаар сард, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 2 дугаар сард Япон Улсад айлчилж, Япон Улсын Гадаад хэргийн сайд Ф.Кишида, Гадаад хэргийн сайд Т.Коно нартай тус тус уулзав. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно нар 2018 оны 12 дугаар сард Токио хотноо дахин уулзав.
Японы Гадаад хэргийн сайд Ё.Хаяши Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол улсад 2022 оны 4-р сарын 30-наас 5-р сарын 2-нд айлчлав. Өмнө Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Уно 1989 онд, Ё.Кавагүчи 2004 онд, К.Окада 2010 онд, Т.Коно 2019 онд, Т.Мотэги 2020 онд тус тус Монгол Улсад айлчилсан юм.
Парламент хоорондын харилцаа
засварлах1974 онд парламентын түвшинд харилцаа тогтоосноос хойш тогтмол харилцаж, төлөөлөгчид жил бүр шахам харилцан айлчилж байна. Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ю.Осада 1992 онд,Төлөөлөгчдийн танхимын дэд дарга К.Ватанабэ 1997 онд, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима 2017 онд тус тус манай улсад айлчилсан.
Монгол Улсын Их хурлын дарга Н.Багабанди 1994 онд, Р.Гончигдорж 1999 онд, С.Төмөр-Очир 2002, Д.Лүндээжанцан 2008 онд, Д.Дэмбэрэл 2011 онд, З.Энхболд 2015, 2016 онуудад, М.Энхболд 2017 онд тус тус Япон Улсад айлчлав.
Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын удирдлага харилцан айлчилж, Монгол Улсын УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны 3 дугаар сард Япон Улсад, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима 2017 оны 7 дугаар сард Монгол Улсад тус тус албан ёсны айлчлал хийв.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сард Япон Улсад айлчлав. Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга А.Гүнжи тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчлав.
Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 5 дугаар сард “Никкэй” сонины газраас зохион байгуулсан “Азийн ирээдүй 2019” форумд оролцож, илтгэл тавив. Энэ үеэр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима-тай уулзав.
Боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа
засварлах2019 оны 11 дүгээр сарын байдлаар Япон Улсад 3,124 монгол оюутан суралцаж буйгаас тус улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны тэтгэлэгт хөтөлбөрт 160 гаруй оюутан хамрагдан суралцаж байна.
Аж үйлдвэрийн салбарын инженер, технологийн өндөр мэдлэг, практик дадлага туршлагатай хүний нөөцийг бэлтгэхэд чиглэсэн “Инженер, технологийн дээд боловсрол төсөл” амжилттай хэрэгжиж, Монгол дахь “Косэн” загварын сургууль бүс нутагт тэргүүлж байна.
Одоогийн байдлаар Монгол Улсад гурван “Косэн” загварын сургууль үйл ажиллагаа явуулж байна.
1. “Монгол Коосэн” Технологийн коллеж - нийт оюутны тоо 280
2. “Шинэ Монгол” Технологийн коллеж – нийт оюутны тоо 370
3. “ШУТИС-Коосэн” Технологийн коллеж – нийт оюутны тоо 166
Тус косэн сургуулиудад барилга, цахилгаан, механик, био-химийн инженерийн мэргэжлээр оюутнуудыг сургаж байна.
“Косэн” загварын сургуулийг 2019 оны 6 дугаар сарын байдлаар нийт 141 оюутан төгссөн байна. Төгсөгчдийн 25 хувь нь японы компанид, 50 хувь нь монголын компаниудад ажилд орж, үлдсэн 25 хувь нь их дээд сургуульд дэвшин суралцаж байна. “Сасакава энх тайвны сан”-гаас тус хөтөлбөрт 2013 оны 10 дугаар сараас 2019 оны 3 дугаар сарын хооронд нийт 5,5 жилийн хугацаанд сургалтын хөтөлбөр, сурах бичиг орчуулах, япон багш илгээх, монгол багш нарыг Япон УЛсад дадлагажуулах ажлыг дэмжиж ирсэн байна.
БСШУСЯ-ны ТНБД Б.Баярсайхан Япон Улсад ажиллах үеэр “ЖАЙКА”-гийн Зүүн болон Төв Азийн газрын захирал К.Фүжиятай “Инженер, технологийн дээд боловсрол төслийн хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, төслийн хугацааг нэг жилээр сунгах” тухай Санамж бичигт гарын үсэг зурав. Ингэснээр тус төсөл нь 2023 он хүртэл үргэлжлэхээр болов. Уг хөтөлбөрийн хүрээнд нийт 207 оюутан Японд суралцаж буйгаас үндсэн сургалтын хөтөлбөрт 81 хүн, хос хөтөлбөр / бакалаврын сургалт/ 55, магистр 17, докторын сургалтын хөтөлбөрт 36, судлаач оюутан 3, зэргийн бус сургалтын хөтөлбөрт 17 хүн тус тус суралцаж байна.
“Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр” /JDS/-ийн хүрээнд өнөөг хүртэл нийт 350 төрийн албан хаагч хамрагдаад буйгаас 2019 оны байдлаар магистрийн сургалтад 38, докторантурт 4 хүн тус тус суралцаж байна.
Өнөөгийн байдлаар Япон Улсад судалгаа хийж докторын зэрэг хамгаалсан, мөн докторын зэрэг горилон судалгаа хийж буй 200 гаруй оюутан байна.
Мөн сүүлийн үед "японы гоо" даам, “соробан” сампин, роботын чиглэлээр сонирхон суралцаж буй монголын хүүхэд залуусын тоо ихсэх хандлагатай байна.
Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант Эзэн хааны "Мандах нар" одонгийн тэргүүн зэрэг "Сүр жавхлант тууз" одон хvртсэн монголчууд: Анх дипломатч Д.Алмааз 1989 онд “Мандах нар” одонгоор шагнуулж байсан бол Японд Монгол Улсаас томилогдсон анхны Элчин сайд С.Дамбадаржаа, иргэн Цэвэгмаа, Элчин сайд байсан Д.Ёндон, Ерөнхий сайд асан Д.Содном, 2004 онд Монгол Улсын Морин хуурын чуулгын тэргvvн, ардын жvжигчин Ц.Батчулуун, 2021 онд УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан нар юм.
Уг одонгоор олон улсын харилцааг хөгжүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, түүнчлэн ард иргэд, олон нийтийн тусын тулд салбар тус бүрээр онцгой амжилт гаргасан иргэдийг хавар, намар буюу жилд 2 удаа шагнадаг. "Мандах наран" одонг 1981 оноос хойш гадаад улсын иргэдэд олгож эхэлсэн бөгөөд тус одон нь 6 зэрэглэлтэй ажээ.
Тусламж
засварлах1991-2013 он хүртэлх хугацаанд Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Өөрөөр хэлбэл гадаадын улс орон, олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон Улс дангаараа олгож, уг тусламж нь санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, зах зээлийн эдийн засагт шилжих, Монгол Улсын шинэ хөгжлийн суурийг тавихад үлэмж хувь нэмэр болсон юм.
Элчин сайд нар
засварлахМонгол Улсаас Япон Улсад ажилласан Элчин сайд нар:
Овог, нэр | Тайлбар | Ажилласан онууд |
Б.Лувсанчүлтэм | 1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон. | 1972-1974 |
С.Дамбадаржаа | БНМАУ-аас Япон Улсад суусан анхны суурин Элчин сайд | 1974-1978 |
Д.Цэрэндондов | БНМАУ-аас Япон Улсад суусан Элчин сайд | 1978-1985 |
Б.Дашцэрэн | БНМАУ-аас Япон Улсад суусан Элчин сайд | 1985-1990 |
Д.Ёндон | Элчин сайд | 1990-1992 |
Б.Должинцэрэн | Элчин сайд | 1992-1996 |
С.Хүрэлбаатар | Элчин сайд /япон хэлтэй/ | 1997-2002 |
З.Батжаргал | Элчин сайд | 2002-2007 |
Р.Жигжид | Элчин сайд /япон хэлтэй/ | 2008 -2011 |
С.Хүрэлбаатар | Элчин сайд /япон хэлтэй/ | 2012-2017 |
Д.Батжаргал | Элчин сайд /япон хэлтэй/ | 2018 оноос хойш |
Япон Улсаас Монгол Улсад ажилласан Элчин сайд нар:
Кинъя Нийзэки | БНМАУ-д Москвагаас хавсран суусан анхны Элчин сайд. | 1972-1973 |
Итару Цугэ | Анхны суурин суусан Элчин сайд | 1973-1977 |
Тэружи Акияма | Элчин сайд | 1987-1980 |
Мицутака Акихо | Элчин сайд | 1980-1982 |
Масанари Озаки | Элчин сайд | 1982-1984 |
Хидэказу Такасэ | Элчин сайд | 1987-1991 |
Шоожи Суэзава | Элчин сайд | 1991-1993 |
Ёшихиро Хасуми | Элчин сайд | 1993-1996 |
Кубота Шинжи | Элчин сайд. Монголын төмөр зам дагуух "Шилэн кабель" тавих ажлыг Японы тусламжаар хийхэд оролцсон хүн. | 1996-1999 |
Марохито Ханада /монгол хэлтэй/ | Элчин сайд. Монгол, Японы гүүр болсон "Ханада" сан байгуулсан хүн. | 1999-2002 |
Тацуо Тода | Элчин сайд | 2002-2005 |
Ичихаши Ясуёоши | Элчин сайд | 2005-2009 |
Кидокоро Такуо | Элчин сайд. ОХУ-ын С-Петербург хотод Ерөнхий Консулаар ажиллаж байсан. | 2009-2011 |
Шимизү Такэнори /монгол хэлтэй/ | Элчин сайд. 1976 онд Лийдсийн их сургуульд, 1977 оноос Монгол Улсын Их Сургуульд монгол хэлний мэдлэгээ гүнзгийрүүлсэн.
1985-89 онд Канад дахь Японы ЭСЯ-нд сурталчилгаа, соёл хариуцсан ажилтан, 1989 оноос Монгол улсад 2 дахь удаагаа томилогдсон. 1997-99 онд Японы “Гадаад хэвлэлийн төв” санд сурвалжлагад дэмжлэг үзүүлэх тасгийн дарга, 1999-2002 онд АНУ дахь ЭСЯ-ны консулын хэлтсийн дарга, 2002-2005 онд 3 дахь удаа Монголд томилогдон аташшегаар ажиллаж байв. 2005 оноос Гадаад хэргийн яамны Гадаад бодлогын газрын НҮБ-ын асуудал эрхэлсэн төлөвлөгч, Сайдын хэрэг эрхлэх газрын сурталчилгаа, соёлын харилцааны хэлтсийн төлөвлөгөөний тасагт төлөвлөгч, ГХЯ-ны нийгмийн халамжийн албаны дарга, 2010 оны 7 сараас сурталчилгаа, соёлын харилцааны хэлтсийн олон улсын соёлын харилцааны албаны даргаар ажиллаж байгаад 2011 онд Монголд элчин сайдаар томилогдсон. |
2011-2016 |
Такаока Масато | Элчин сайд
|
2016-2019 |
Кобаяши Хироюүки /монгол хэлтэй/ | Элчин сайд 1987-1989 онд Монгол улсад сууга Японы ЭСЯ-ны 3 нбд, 2005-2008 онд ЭСЯ-ны дэд тэргүүн байсан. | 2019.12 сар |
Хоёр талын эрх зүйн баримт бичгүүд
засварлах1.БНМАУ, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоох тухай Ноот бичиг 1972.02.24. Москва хот
2. БНМАУ, Япон Улсын хооронд Соёлын харилцаа тогтоох тухай Тохиролцоо 1974.09.23. Улаанбаатар хот
3. БНМАУ, Япон Улсын хооронд Эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр, 1977.03.17. Улаанбаатар хот
4. БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын худалдааны Хэлэлцээр, 1990.03.20, Токио хот
5. Японы далайн чанад дахь Сайн дурынхныг хүлээн авах тухай БНМАУ, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 1991.03.19, Токио хот
6. Агаарын харилцааны Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 1993.11.25. Токио хот
7. Япон Улсын ахмад сайн дурынхныг хүлээн авах тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Протокол, 1999. Улаанбаатар хот
8. Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 2001.02.15. Токио хот
9. Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Япон Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр, 2003.12.05. Токио хот
10. “Монгол Улсын Батлан хамгаалах яам, Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичиг”, 2012 он
11. “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2013– 2017) ”, 2013 он
12. “Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017– 2021), 2017 он
13. “Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалт хэрэгжүүлэхэд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулав. 2015 он.