Лиди (Грек: Λυδία, Латин: Lydia, Турк: Lidya) нь Бага Азийн баруун хэсгийн эртний нэр бөгөөд өнөөгийн Турк улсын Измир, Маниса мужууд юм. Эрт цаг уг бүс нутгийн нийслэл нь Сардис хот байжээ. Лидийн хаад бүх баруун Анатолийг өөрийн эрхшээлдээ оруулсан улсыг байгуулж байв. Лидийг хожим нь Ромын муж хэмээн нэрлэдэг болжээ. МЭӨ 660 оны орчимд уг нутагт зоосон мөнгийг анх бий болгосноороо алдаршжээ.

Кроесус хааны үеийн Лиди, МЭӨVI зуун

Газарзүй

засварлах
 
Лиди нутаг

Лидийн хил хязгаар зуун зуун дамжин өөрчлөгдсөөр иржээ. Анх Ионы тэнгисийн эрэг хавийн Мизий, Кари, Фригийн газар нутгийг хамарсан байдаг байжээ. Альяттес болон Кроесус хааны үед Сардист төвтэй хүчирхэг хаант улсууд бий болж газар нутгаа үлэмж тэлж, Бага Азийн баруун хэсгийг тэр чигээр нь хяналтандаа авчээ. Энэ үеэс эхлэн Бага Азийн баруун хэсгийг Лиди гэж нэрлэдэг болжээ.

Лидийн хэл нь Энэтхэг-Европ хэлний Анатолийн хэлний бүлэг, лувиа болон хиттит хэлнүүдээс бүрддэг. Лидичүүд МЭӨ I зуун хүртэл уг хэлүүдээр ярьцгаадаг байжээ.

Эртний түүх: Майони ба Лиди

засварлах
 
XV зууны үеийн Лидиг харуулсан газрын зураг

МЭӨ XII зууны үед Хиттит эзэнт улс мөхөхөд түүний суурин дээр Шинэ Хиттит улс бий болжээ. Хиттитүүд Лиди нутгийг Арзава гэж нэрлэдэг байсан бөгөөд Грекийн түүхэнд уг хаант улсыг Майони гэж тэмдэглэн үлдээжээ. Хомер (Иллиада ii. 865; v. 43, xi. 431)

Хомерын үед Майоничуудын нийслэл нь Сардис хот биш Хайде хэмээх хот байсан аж. Гэхдээ уг хотыг яг хаана байсныг одоогоор тогтоож чадаагүй байгаа ба зарим судлаачид Сардисын эртний нэр гэж таамагладаг байна. Майоничууд өөрсдийн хаант улсын нэрээ Лидис хэмээх хааныхаа нэр болгон өөрчилсөн бөгөөд Лидийн Анхны хаан нь Лидисийн хүү болон Аттис байв. Энэ явдлууд домог хэлбэрээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Анхны зоос

засварлах
 
МЭӨVI зууны эхэн үеийн төрийн зоос

Түүхийн эцэг хэмээн алдаршсан Геродотын тэмдэглэснээр хүн төрөлхтний түүхэнд Лиди нутгийн хүмүүс анхны зоосон мөнгийг гүйлгээнд гарган, албан ёсоор өргөн дэлгэр ашиглаж эхэлсэн байна.

МЭӨ 650-600 оны орчимд сүлдэн дардас бүхий анхны зоосон мөнгийг цутгасан баримт уг нутгаас олддог. Анхны хэмээх уг зоос нь алт болон мөнгөөр хийгдсэн, ойролцоогоор 4,76 грамм жинтэй, хааны сүлд болох арслангийн толгойг урласан байдаг байжээ.

14,1 гр жинтэй зоос нь 1 стартер буюу мөнгөний үндсэн хэмжигдэхүүн, тооцоолох суурь нэгж нь болж байжээ. 1 стартер нь 1 цэрэгт төлөх 1 сарын цалингийн хэмжээг бас давхар илэрхийлж байв.

Тухайн үед Лидийн Кроесус хааны нэр нь эд баялаг гэсэн утгатай агаар нэгэн байсан бөгөөд Сардис хот нь баян тансагийн дээд, гайхалтай сайхан хот байжээ. МЭӨ550 оны орчимд Кроесус хаан Эфессус дахь Артемисийн сүмийг бариулахад зориулан асар их хэмжээний хөрөнгө зарцуулсан бөгөөд тус сүмийг Ертөнцийн 7 гайхамшгийн нэг гэж үздэг билээ.

Кроесус хаан МЭӨ 542 оны орчимд Персийн Кир II хаанд ялагдсан бөгөөд түүний улсын орыг Сатрапийн хаант улс залгажээ.

Уугуул улсууд

засварлах

Лидид нутгийн уугуул иргэдийн 3 улс дараалан оршин тогтнож байсан.

Атядууд /МЭӨ1300 он ба түүнээс өмнөх үе/ба Гераклид /МЭӨ687 он хүртэл/ гэх улсууд байсан тухай Геродот тэмдэглэсэн байдаг. Гераклидын улс МЭӨ 1185 оноос 505 он хүртэл 22 хааны үе залгамжлалаар Лидийг захирч байжээ. Тэдгээрийн хамгийн алдартай нь МЭӨ 776 онд Лидийн хаан болсон Альяттес юм. уг улсын сүүлийн хаан нь 17 жилийн турш төр барьсан Кандаулес буюу Мирсилос юм.

Мермнадууд

  • Гугу /МЭӨ690-657/ Тэрээр Мермнадуудын анхны хаан бөгөөд хүчирхэг арми бий болгож чадсан байна. Тэрээр хаан болмогцоо улсын нийслэлийг Хидесаас Сардис руу шилжүүлсэн юм. Сонирхолтой нь Варварууд Бага Азийн хотуудаас зөвхөн Сардисийг л тонон дээрэмдэлгүй өнгөрөөж байжээ. Гугугийн эцгийг нь Кандаулес хаан шийтгэн Каппадокируу цөлсөн боловч Гугу буцан ирж хаан ширээнд суужээ.
  • Ардис II /МЭӨ652-621/
  • Садяттес /МЭӨ621-609/ Тэрээр нилээд хэмжээний газар нутгийг бусад улс, аймгуудаас булаан авсан бөгөөд Варваруудтай амжилттай тулалдаж байв.
  • Альяттес II /МЭӨ609-560/ Лидийн хамгийн алдартай хаадын нэг, дайн тулаантай байсан хөрш орнуудтайгаа эвийн хэлэлцээр байгууулж, улсын хилээ түвшитгэсэн нь түүнийг алдартай болгосон байна. Медесийн хаан Киаксарестай хийсэн 15 жилийн дайн нь Эсклипийн тулаанаар төгссөн байна. уг тулаан болж байх үед гэнэт нар хиртсэн нь дайтагч талуудыг эвлэрлийн гэрээ байгуулахад хүргэсэн байна. Энэ гайхалтай сонин тохиол нь МЭӨ 585 оны 5 сарын 28-ны өдөр болжээ.
  • Кроесус /МЭӨ560-546/ Түүнийг Баян Кроесус гэдгээрээ алдаршсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Тэрээр МЭӨ546 онд Персийн Кир II хаанд ялагдснаар Лидид дахин уугуул нутгийнхан хаант улсаа байгуулж чадаагүй ажээ.

Персийн эзэнт улс

засварлах

МЭӨ546 онд Ахаеменидийн хаан II Кир Сардис хот болон Лидийг эзэлж өөрийн эзэнт улсад нэгтгэжээ.

Грекийн эзэнт улс

засварлах

Македоний Александр III хаан Бага Ази дахь Персийн Сатрапийн улсыг байлдан дагуулжээ. Александрын эзэнт гүрэн түүнийг нас нөгчсөнөөр бутран унасан бөгөөд Лиди нутагт Селевкидийн улсын бүрэлдэхүүнд ёс төдий харъяалагдсан Атталидын улс бий болсон байна.

Ромын Лиди муж

засварлах

МЭӨ133 онд Ромчууд Лидийн нийслэл Сардист орж ирснээр Ромын Лиди муж бий болжээ. Эхэн үедээ Атталидийн улсын хаан нь Ромын тус мужийг захирагч хэмээх үүрэгтэйгээр Ромд харъяалагдаж байсан.

Эзэн хаан Диолектиан 296 онд дөрвөл шинэчлэл хийжээ. Энэ шинэчлэл нь Лидийг харьцангуй бие даасан сатрап маягийн Ромын муж болгон хувиргасан бөгөөд нийслэл нь Сардис хот болсон байна.

Византын эзэн хаан Гераклиус засаг захиргааны хуваарьт нь нилээд өөрчлөлт оруулсан байна.

Исламын шашинг Анатолид түгээх Селжүк түрэгүүдийн довтолгоо нь Лидийг бүхэлд нь Византийн бүрэлдэхүүнээс гарахад нөлөөлсөн байна. Загалмайтны анхны аян дайнаар Константинополь хотыг Түрэгүүдээс булаан авахыг оролдсон боловч амжилт олсонгүй. Гэхдээ энэ үйл ажиллагааг Никейд төвлөрсөн Византийн Үнэн алдартны шашинт "Грекийн эзэнт улс" үргэлжлүүлсээр байсан юм.

Исламын удирдлага дор

засварлах

Лиди нь 1390 онд Бейлик буюу шинэ Түрэгүүдэд эзлэгдэн Османы эзэнт гүрний бүрэлдэхүүн хэсэг болжээ. Османы Түрэгүүд энэ нутгийг Аедин муж хэмээн нэрлэх болж, улмаар өнөөгийн Туркийн хамгийн баруун хязгаарын муж болжээ.