Капаган хаан

Капаган хаан(Түрэг бичиг: 𐰴𐰯𐰍𐰣:𐰴𐰍𐰣‎, галиг: Qapaγan qaγan) (664-716) бол Хожуу Түрэгийн хаант улсын хоёрдахь хаан юм. Элтэрэс хааны дүү. 693-716 оны хооронд хаан сууринд сууж байсан.

НэрEdit

Капаган хааны нэрийг хятадын Тан улсын түүхэнд Мочуо (хятадаар: 阿史那•默啜; пиньинь: Āshǐnà Mòchuò) гэж бичдэг бол, Түрэгийн гэрэлт хөшөөнүүдэд нэрийг нь Бөгү(Түрэг бичиг: 𐰋𐰇𐰏:𐰴𐰍𐰣‎, галиг:Bögü qaγan)[1] гэж бичдэг. Капаган гэдэг нь Хаан сууринд суусны дараа авсан цол юм. Үгний утгийг Байлдан дагуулагч гэж тайлбарладаг.

ХаанчлалEdit

693 онд Элтэрэс хааныг таалал төгсөхөд түүний дүү Можо, хаан орыг залгажээ. Түүний хаанчлалын үед Түрэгийн хоёр дахь хаант улсын цэрэг улс төрийн хүчин чадал туйлдаа хүрэхийн хамт бууран доройтохын эхлэл тавигджээ. Умард Хятадын цэргийн хүчин болон эргэн тойрны овог аймгууд лугаа олон удаа амжилттай дайн хийж, газар нутгаа тэлжээ,

693-706 онд Капаган хааны цэрэг Шар мөрнийг (Хуанхэ) зургаан удаа гатлан Умард Хятадын нутаг руу гүн нэвтэрч байжээ. Хятадын цэрэг Түрэгийн довтолгоог олигтой эсэргүүцэн тулалдаж чадахгүй байлаа. Хатан хаан Ү Зэтянь, Капаган хаанд их хэмжээний дайны төлбөр өгч байнга их бэлэг сэлт илгээдэг байсан нь үнэн чанартаа алба барьсан хэрэг байв.

696-697 онд Киданыг эрхэндээ оруулснаар Хятадын цэрэг зүүн хойт зүг Хянганы өмнөд биеэр давших явдлыг зогсоож, улсынхаа дорнод хил хязгаарыг төвшитгөв. Мөн баруун зүгт цэрэг зэвсгээ хандуулж 701 онд хааны дүү Тардушын шад Могилян, 16 настай дүү Күльтегиний хамт цэрэг удирдан довтолж Чүйн овгуудыг эзлэн Түрэгийн захиргаанд авчээ.

703-706 оны үес Түрэг, Хятадын хооронд найрсаг харилцаа тогтоод байхад Уйгур, Киби, Сыгэ, Хунь овгийнхон Хятадад даган орсон байна.

Энэ үеэр Могилян, Күльтегин нар Байгал орчмоор нутаглаж байсан Байыркү овгийн бослогыг даржээ. Үүгээр Хэрлэнгийн эх Байгал нуур хүртэлх нутгийг эрхэндээ оруулав. Түрэг улсын умард болон өрнөд хил хязгаар нь 699-708 оны үед Тагнын уул, Алтай, Тарвагатай орчмоор байжээ. 709 онд Түрэгийн цэрэг Енисейн эхийг зорьж, тэр нутгийн Чик Азуудыг эзлэн аваад улмаар мэргэн Тоньюкукийн удирдлагаар Кыргизийг эрхэндээ оруулав. 710-711 онд Тюргеш нарыгялан дийлж Долоон гол орчмын нутгийг эзлэв. Тоньюкук буруудан бүхий Тюргеш нарыг мөрдөн явсаар Сыр-Дарьяа мөрнийг гаталж Тохарын улсын хил хязгаарт тулж очсон байна. Гэвч Самаркандын дэргэд Арабын цэрэгтэй тулалдах үед ар талаасаа тасран салсан Түрэгийн цэрэг ихээхэн хэмжээний гарз хохирол амсаж дөнгөн данган буцаж Алтайд хүрч иржээ (713-714). Тэндээсээ Бэйтин буюу Бешбалык хотыг бүслэн байлдсан их цэрэгтэй нийлжээ. Гэвч энэ довтолгоо амжилтгүй болж Түрэгүүд зургаан удаагийн тулалдаанд ялагдан бүслэлтээ орхихоос өөр замгүйд хүрчээ.

Капаган хаан нас өтөлж зан авир нь догширч, харьяат аймгуудаа харгислан дарлах нь нэн хэтэрснээс олон овог аймаг түүнд захирагдан дагахаа больж эхлэв. Түүнчлэн дайн байлдааны азгүй явдлуудаас үүдэн, дагаж орсон олон овог аймаг босож тэмцэх болжээ. Кидан нар салан тусгаарлаж Карлукууд бослого гаргасан ба Токуз Огузийн овгууд мөн тэднийг дагалдав. Токуз Огуз нар 5 удаагийн тулалдаанд дарагдсан ч тэдний бослого үргэлжилсээр байжээ. 716 онд Байыркү аймаг босон тэмцэж Туулын хөвөөн дэх Капаган хааны орд өргөөг дайрсан ба довтолгоог няцаасан ч хаан өөрөө отолтод орж алагдсан байна.

Гэр бүлEdit

Капаган хаан 7 хүүхэдтэй байсан.

  1. Инел хаан
  2. Тонга тегин (?-713)
  3. Мо тегин (зүүн гарын шад)
  4. Билгэ тегин (баруун гарын шад)
  5. Ашина Янвожи (?-715)
  6. Күчлүк Билгэ хатан (698-723), Ашидэ Хүлүтэй гэрлэсэн.
  7. Нэр нь тодорхойгүй охин, Аньдун дудуфугийн захирагч асан Гао Вэньжяньтай гэрлэсэн.
Өмнөх
Элтэрэс хаан
Хожуу Түрэг улсын хаан
693-716
Дараах
Инел хаан

ЭшлэлEdit

  1. Мэргэн гэсэн утгатай түрэг үг