Алексей Бурдуков

Алексей Васильевич Бурдуков (1883 онд Оросын хаант улсын Тобольск мужийн Боровая тосгонд төрсөн- 1943 оны 3-р сарын 13-нд ЗХУ-ын Сиблаг-т нас барсан) -Орос, зөвлөлтийн монгол судлаач. Монгол хэлний багш, Монгол дахь анхны зөвлөлтийн дунд сургууль зохион байгуулагчийн нэг.

Тариачны гэр бүлд 1883 онд төрсөн. Багад нь эцэг нас барж 12 настайд нь эх нь худалдаачин Я.Е.Мокины албанд өгч, улмаар түүнтэй хамт Монгол руу явж эхэлсэн ажээ. Монголд худалдааны цэгт ажиллаж байхдаа монгол хэл сурсан байна. Тэрээр "Бурдуков ба К" хоршоо байгуулж, Монголд анх удаа хоршооллын хэлбэрийг нэвтрүүлсэн юм. А.Бурдуков польшийн Монгол судлаач эрдэмтэн Владислав Котвич оросын Санкт-Петербургт амьдардаг болохыг мэдээд 1909 онд түүнд захидал бичжээ. Улмаар Владислав Котвич хариу бичиж холбоо тогтоогоод Алексей Бурдуковоос "Жангарын тухай туульс" хайж олж өгөхийг хүссэн байна. Тэр цагаас хойш Владислав Котвичийн хүсэлтээр монголын ардын аман зохиолын дээж, ховор гар бичмэлүүдийг цуглуулж эхэлсэн байна.

Тэрээр Владислав Котвичээр дамжин танилцсан Б.Я.Владимирцовт хээрийн судалгааны ажилд нь туслаж байжээ. Борис Владимирцов хэд хэдэн удаа Алексей Бурудуковынд очиж байжээ. Алексей Бурдуковын охин захидалдаа эцэг Алексей Бурдуков, Борис Владимирцов нар цаашид нөхөрлөж эхэлсэн гэж бичиж байжээ. Охины бичсэнээр Алексей Бурудуков тэрхүү Санкт-Петербургийн эрдэмтний шинжлэх ухааны үйл ажиллагаанд нь мөнгөөр ​​дэмжиж байсан байна. Алексей Бурдуков эрдэмтэдтэй харилцаж байсан нь түүний монгол судлаач болоход их нөлөөлсөн байна. Тэрээр олон тооны угсаатны зүйн материалыг эрдэмтдэд хүргүүлж байсан бөгөөд Оросын Эзэн хааны Шинжлэх ухааны Академид Буддын шашны дүрс, монгол малгайны цуглуулга, Владислав Котвичид дөрвөд үндэстний ахуйн эд зүйлсийн цуглуулга бэлэглэж байжээ. Тэрээр “Нива”, “Родина” сэтгүүл, “Сибирийн амьдрал”, “Алтай” сонинд Монголын амьдралын тухай өөрийн өгүүлэлээ нийтлүүлж байсан юм.

Дэлхийн нэгдүгээр дайн эхэлсний дараа дайчилгаагаар Ховд дахь оросын консулын газарт орчуулагчаар ажилласан байна. 1916-1923 онд тэрээр Оросын газарзүйн нийгэмлэгийн /ОГН/ сурвалжлагч гишүүн, 1923 оноос ОГН-ийн Зүүн Сибирийн салбарын гишүүн байв. Шинжлэх ухааныг дэмжсэний төлөө Оросын газарзүйн нийгэмлэг түүнд мөнгөн медалиа олгосон байна. Тэрээр барон Р.Ф.Унгернийн цэргүүдийн эсрэг тулалдаанд оролцсон гэдэг.

1921 оны гуравдугаар сард Улиастайгаас гэр бүлийнхээ хамт нууцаар гарч явсан. Барон Унгернийн цэргүүд ба Хатанбаатар Максаржавын хувьсгалт цэргийн хоорондох байлдааны бүсэд орж хэсэг хугацаанд үлдэж, орчуулга хийхэд тусалсан байдаг. Дараа нь Алексей Бурдуковын гэр бүл Эрхүү хотод суурьшжээ. 1926 онд Алексей Бурдуков худалдааны ажлаа орхин Ленинград руу нүүж, Дорно дахины институтэд ярианы монгол хэл зааж байжээ. 1935 онд түүнийг Монгол хэл, уран зохиолын тэнхимд шинжлэх ухааны дэд профессороор батламжилсан байна. 1938 онд тэрээр филологийн шинжлэх ухааны нэр дэвшигч хэмээх шинжлэх ухааны нэр хүндтэй цол хүртжээ. Тэрээр мөн Ленинградын Улсын Их Сургуульд хавсран багшилж байсан байна.

1930-аад оны эхээр түүнийг богино хугацаанд баривчилж суллаад 1941 оны 7-р сарын 2-нд түүнийг дахин баривчилжээ. Мөн оны 9-р сарын 22-нд Уралын цэргийн тойргийн Цэргийн шүүх Бурдуковт цаазаар авах ял оноогоод (РСФСР-ын Эрүүгийн хуулийн 58-1а зүйл) 1941 оны 11-р сарын 8-ны өдрийн хурлаар цаазаар авах ялыг нь хэлтрүүлж 10 жил хорих ялаар сольсон байна. Сүүлд хөдөлмөр эрхлэх хорих лагерьт 1943 оны 3-р сарын 13-нд өвчнөөр нас баржээ.

 

Энэ багшийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Холбоос

засварлах

https://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D1%83%D1%80%D0%B4%D1%83%D0%BA%D0%BE%D0%B2,_%D0%90%D0%BB%D0%B5%D0%BA%D1%81%D0%B5%D0%B9_%D0%92%D0%B0%D1%81%D0%B8%D0%BB%D1%8C%D0%B5%D0%B2%D0%B8%D1%87