Зугаацуулагч эмэгтэйчүүд

"Зугаацуулагч эмэгтэйчүүд"- (япон. 慰安婦, англи. Comfort women, орос. женщины для комфорта) - Дэлхийн хоёрдугаар дайны өмнө болон дайны үеэр эзлэгдсэн улс орон, нутаг дэвсгэрт Японы эзэн хааны армийн цэрэг, офицеруудад бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйчүүдийг хэлдэг байна. "Зугаацуулагч эмэгтэйчүүд" гэсэн нэр томъёо нь ийм эмэгтэйчүүдийг тодорхойлоход хэрэглэгддэг япон хэлний ianfu (慰安婦) гэсэн үгийн шууд орчуулга юм. Эмсийн хүрээлэнгүүдийг өөрсдөө "Зугаацуулах өртөө" гэж нэрлэдэг байв.

"Зугаацуулагч эмэгтэй" ярилцлага өгч байх үеэр.

Дэлхийн 2-р дайны үеэр Японы арми Солонгос, Хятад, Австрали, Бирм, Филиппин, Индонез болон бусад орны олон зуун мянган эмэгтэйчүүдийг Японы цэргүүдэд бэлгийн боолчлол дарамтад оруулсан байна. Үүний дотор ихэнх нь Солонгос эмэгтэйчүүд байжээ. Олон эмэгтэйчүүд хүчирхийлэл, байнгын бие, сэтгэл санааны дарамтын улмаас нас барж, амиа хорлосон байдаг юм. Дайны дараа Япончууд эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн явдлаа хүлээн зөвшөөрч бүрэн уучлалт гуйгаагүй, зохих нөхөн төлбөр хийгээгүй зэрэг нь Япон улсын нэр хүндийг хэдэн арван жилийн турш Ази тивд унагасан юм. 1990-ээд оноос хойш л Японы Засгийн газар албан ёсоор уучлалт гуйж, нөхөн төлбөр өгөх санал болгож эхэлсэн байна.

Эдгээр хэлмэгдсэн эмэгтэйчүүдийн ихэнх нь Солонгос, Хятад, Филиппин зэрэг эзлэгдсэн орнуудын иргэд байжээ. Цэргийн "эмсийн хүрээлэн"-д ашиглагдаж байсан эмэгтэйчүүд мөн Бирм, Тайланд, Францын Энэтхэг-хятад, Малай, Манж-го, Тайвань (тэр үед Японы хараат байсан), Голландын Зүүн Энэтхэг, Португалийн Тимор, Папуа Шинэ Гвиней (зарим холимог арьстан Япон), Папуа зэрэг орноос байжээ. Эмсийн хүрээлэнгүүд Япон, Хятад, Филиппин, Индонез, Малай, Тайланд, Бирм, Шинэ Гвиней, Хонг Конг, Макао, Францын Энэтхэг-хятадад байрладаг байв. Цөөн тооны Европ гаралтай эмэгтэйчүүд, голдуу Нидерланд, Австралиас 200-400 Голланд эмэгтэй, тодорхойгүй тооны бусад Европ эмэгтэйчүүд өртсөн байна.

Үүнд хохирсон эмэгтэйчүүдийн тооны талаарх тооцоолол янз бүр байгаа юм: ихэнх түүхчид, судлаачдын үзэж буйгаар тэднийг 50,000–200,000-ын хооронд хэлбэлздэг байна. Нарийн тоо байхгүй тул энэ талаарх маргаан өнөө хүртэл хэвээр байгаа ажээ.

Эмсийн хүрээлэнгүүдийг (англи. Comfort houses) анх цэргүүдэд бэлгийн хэрэгцээг хангах, дайны үеийн хүчингийн хэрэг, бэлгийн замын халдварт өвчний тархалтыг бууруулах зорилгоор байгуулжээ. Гэсэн хэдий ч, уг бэлгийн хэрэгцээ хангах газрууд эсрэг нөлөө үзүүлсэн юм. Хүчингийн гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлж, бэлгийн замын халдварт өвчний тархалтыг нэмэгдүүлсэн байна. Эхний хохирогчид нь Япон эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдний зарим нь сайн дурын ажил хийж байсан бол зарим нь хууран мэхлэх, хулгайлах замаар элсүүлсэн байна. Японы сайн дурынхны хомсдол, Японы нэр хүндийг хамгаалах хэрэгцээ шаардлагаас болж арми сүүлдээ Японы колони дахь эмэгтэйчүүдийг хүчээр татан оролцуулсан байна. Ихэнх тохиолдолд эмэгтэйчүүдийг сувилагч, үйлдвэрийн ажилчин гэх мэт хууран уруу татдаг байсан байна. Бусад нь дээд боловсролд ивээн тэтгэхээр амалдаг байжээ. "Зугаацуулагч эмэгтэйчүүд"-ийн нэлээд хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ.

Сүүлийн үеийн архивын баримтууд

засварлах

2007 оны 4-р сарын 17-нд Ёшиаки Ёшими, Хирофуми Хаяши нар Токиогийн шүүх хурлын архиваас Японы эзэнт гүрний цэргийн хүч хэргэлэж Хятад, Энэтхэг-хятадын хойг, Индонези дахь цэргийн фронт дагуу бүсэд янхны газрууд ажиллаж байсан тухай албан ёсны долоон баримт олдсон гэж зарласан байна. Эдгээр баримт бичгүүдийг анх дайны гэмт хэргийн Шүүх хурал дээр гаргаж ил болгосон юм. Тэдгээрийн нэгэнд дэслэгч өөрийгөө янхны газар зохион байгуулж, өөрөө ашигласан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж бичсэн байдаг. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Токкейтай гишүүд эмэгтэйчүүдийг гудамжинд баривчилж, эрүүл мэндийн албадан үзлэг хийсний дараа эмсийн хүрээлэнд байрлуулдаг байжээ.

2007 оны 5-р сарын 12-нд сэтгүүлч Тайчиро Кажимура 1944 онд Ява арал дахь Магеланг хотод биеийг нь хүчээр үнэлүүлсэн хэргийн нотлох баримт болгон Токиогийн шүүхэд ирүүлсэн Голландын засгийн газрын 30 баримт бичгийг олсон тухай зарлав.

2007 оны 9-р сард Өмнөд Солонгосын Засгийн газар Бае Жон Жү( Bae Jeong-ja) гэгчийг "Зугаацуулагч эмэгтэйчүүд"-ийг элсүүлэн ажилд оруулж байсан гэж Японы талыг баримтлан дэмжигч (chinilpa) гэж шийдвэрлэсэн байна.

2014 онд Хятад улс Квантуны армийн архиваас энэ асуудлаар 90 шахам баримт бичгийг гаргаж өгсөн байна. Хятадын үзэж байгаагаар эдгээр баримт бичиг нь дэлхийн хоёрдугаар дайны өмнө болон дайны үед Японы арми ази эмэгтэйчүүдийг фронтын янхны газруудад албадан ажиллуулж байсныг үгүйсгэх аргагүй нотолгоо болсон юм.

2014 оны 6-р сард Японы Засгийн газрын архиваас Францын Энэтхэг-хятад, Индонезид Японы эзэн хааны цэргүүд эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийлэлд өртөж, албадан бэлгийн боолчлолд оруулсныг баримтжуулсан шинэ албан ёсны баримт бичгүүдийг гаргасан байна.

2017 оны 11-р сарын 24-нд Өмнөд Солонгосын парламент 8-р сарын 14-ний өдрийг "Зугаацуулагч эмэгтэйчүүд" -ийн дурсгалын өдөр болгох шийдвэр гаргасан байна. (солонгос. 세계 위안부의 날).

Зугаацуулагч эмэгтэй байсан хүмүүс

засварлах

Голландын зүүн Энэтхэг

засварлах
  • Jan Ruff O'Herne (1923–2019)
  • Ellen van der Ploeg (1923–2013)

Солонгос

засварлах
  • Kim Hak-sun (1924–1997)
  • Song Sin-do (1922–2017)
  • Gil Won-ok (1928–)
  • Kim Bok-dong (1924–2019)
  • Lee Yong-soo (1928–)
  • Yoo Hee-nam (1927–)
  • Kim Kyung-soon (1926–2016)
  • Kim Soon-duk (1921–2004)

Тайвань

засварлах
  • Liu Huang A-tao (1923–2011)

Филиппин

засварлах
  • Rosa Henson (1927–1997)
  • Walterina Markova (1924–2005)