Жүдо

(Жүдоч-с чиглүүлэгдэв)

Жудо буюу Жудо бөх (柔道) нь 1882 онд Каноо Жигороогийн анхлан зохиосон Японы цэрэг, байлдааны тулааны урлагийн нэг юм. Бие хамгаалах урлаг болон спортын төрөл ч болдог. Хоёр хүн хоорондоо золгон, мэх хийж өрсөлдөгчөө ар нуруугаар нь унагаах эсвэл хэвтээ барилдаанд тодорхой хугацаанаас дээш хугацаанд цэвэр дарж чадвал ялалт болдог.

"Өрсөлдөгчийнхөө хүчийг ашиглан ялалтад хүрэх" (柔よく剛を制す) гэсэн дотоод сэтгэлгээг чухалчлан үздэг.

Үндсэн ухагдахуун ойлголт нь:

  • Би, чи, бүгдээрээ сайн сайхан - "Өрсөлдөгчдөө хандаж талархал, хүндэтгэл үзүүлж хоорондоо итгэлцсэний үндсэн дээр бусдын төлөөх сэтгэлийг өөртөө төлөвшүүлэн, зөвхөн өөрөө биш бусад хүмүүст ч гэсэн сайн сайхан байх орчин бүрдүүлье"
  • Бүх чадлаа сайн сайхны төлөө - "Өөрийнхөө бүх хүчин чадлыг ашиглан бүх нийт нийгмийн төлөө сайн үйлс бүтээе" юм.

Дан ганц ялалтад хүрэхийн тулд бус өөрийнхөө дотоод сэтгэлийг ч гэсэн бялдаржуулах зорилготой.

Жүжицүгээс жүдо хүртэл

засварлах
 
Каноо Жигороо

12-р зуунаас эхлээд Японы самүрай нарын дунд Жүжицү хэмээх тулааны урлаг өргөн дэлгэрсэн байна. Жүжицүгээс нийтдээ 100 гаруй тулааны урлагийн урсгал бий болсон гэгддэг.

Мэйжигийн хувьсгал гарснаас хойш жүжицүгээр хичээллэдэг хүмүүс цөөрч ирсэн. Энэ үед 1882 онд Каноо Жигороо нь хэвтээ барилдаан болон атемивазаг голлодог Тэнжиншинёо, босоо барилдаан голлодог Китоо хэмээх жүжицүгийн 2 урсгал дээр тулгуурлан, өөрийнхөө Китоогийн туршлагаас "Тэнцвэр алдагдуулах" чадварын талаар нарийн боловсруулж гимнастик, бие заслын аргачлал, бие бялдаржуулалт, тулааны урлаг болгон, хүнийг боловсруулж хөгжүүлэх аргачлал боловсруулж "Жүдо" хэмээн нэрлэн, хуучин Токиогийн Шитая дүүрэгт орших Эйшо сүмд Коодооканг байгуулсан байна.

Коодоокан нь жүжицүгийн урсгал дунд цөөнх байсан. Коодоокангийн 4 эзний нэг болох Сайгоо Широо нь Японы Цагдаагийн ерөнхий газрын Тулааны урлагийн тэмцээнд аварга болсноор орон даяар Коодоокан жүдог хүлээн зөвшөөрсөн.

Дэлхий дахинд тархсан нь

засварлах

Жүдо нь 1964 оны Токиогийн Зуны олимпод анх удаа тэмцээний төрөл болон орсон. Эмэгтэйчүүдийн төрөл нь 1988 оны Сөүлийн Зуны олимпод нээлттэй төрөл, 1992 оны Барселоны Зуны олимпод албан ёсны төрөл болсон. Дэлхийн Жүдогийн Холбоонд нийт 187 орон багтдаг ба Төв штаб нь Сөүлд байдаг.

Мэхийн төрөл

засварлах

Коодоокан жүдод "шидэлт", "даралт", "атэмиваза" гэсэн 3 төрлийн мэх байдаг. Мөн Ката болон Рандори гэж бий. Каноо нь "атэмиваза" төрлийн мэхийг аюултай хэмээн тэмцээн болон рандоригийн үед "шидэлт", "даралт" төрлийн мэхийг л хэрэглэх болсон.

Тиймээс ч жүдо нь аюул багатай спортын төрөл хэмээгдэн дэлхий дахинд өргөн тархсан байна.

"Атэмиваза" төрлийн мэх нь орчин үед зэрэг нэмэх үеийн шалгалтад хүртэл хэрэглэгдэх нь ховор болсон учир жүдогоор хичээллэдэг хүн ч мэдэхгүй байх нь их. Мөн түүнчлэн зааж сургах дасгалжуулагч байхгүй байгаа нь бодит байдал юм.

Зэргийн тухай

засварлах

Жүдогийн цол зэрэглэл нь зэргээс эхлэн дан болон өгсдөг. Зэрэг болон дан нь Иго, Шооги (Япон үндэсний шатар)-д хэрэглэгддэг байсныг Каноо Жигороо нь анхлан тулааны урлагийн зэрэглэлд хэрэглэсэн байна. Орчин үед кэндо, каратэ зэрэгт хэрэглэгдэж байгаа нь жүдогоос эхлэлтэй юм.

1-р дан нь хар бүс гэдгээр нийтэд тархсан. Дээр үеээс жүдогийн бүсийг угаадаггүй байснаас бэлтгэл сургуулилт хийсээр удах тусам бүс нь хар болж ирдгээс хар бүс нь тухайн хүний хүч чадал, чадварын илэрхийлэл болсон байна.

※ 6-р дангаас дээших нь хар бүсээрээ байсан ч болно.
※ Эмэгтэйчүүд нь Япон дотроо бол бүс голоор 1/5 хэмжээний өргөнтэй цагаан зураастай байдаг. Олон улсын дүрэмд бол эрэгтэй эмэгтэй ижилхэн.

Нийтэд 10-р дан нь хамгийн дээд дан гэж яригддаг ч, Жүдог үнлэслэгч Кано Жигороо нь "Жүдо" хэмээх номдоо "1-р дангаас ахиулсаар 10-р дан хүрч, цаашид улам хүчирхэгжин дээшилж байвал 11, 12-р дан болж болно" гэж дээд хязгаар заагаагүй байдаг. Гэвч хараахан тийм тохиолдол гараагүй байгаа.
2006 он хүртэл Коодоокан жүдогийн 10-р дантай 15 жүдочин байдаг. 10-р дан авсан дарааллаар нь жагсаавал:
1935 Ямашита Ёшицүгү, 1937 Исогай Хажимэ, Нагаока Шюүичи, 1945 Мифүнэ Кюүзоо, Ийзүка Күнисабүроо, Самүра Кайчироо, Табата Шоотароо, Окано Ёшитароо, Шоорики Мацүтароо, Накано Шоозоо, Күрихара Тамио, 1984 Котани Сүмиюки、2006 Тайго Тошироо, Абэ Ичироо, Оосава Ёшими нар юм.
Мөн Олон Улсын Жүдогийн Холбооны 10-р дантай жүдочин нь Антон Гээсинк (Голланд), Чарльз Палмер (Англи) 2 л юм. Эмэгтэйчүүдээс 10-р дантай хүн хараахан байхгүй. 9-р дан Фүкүда Кэйко, түүний дараа 8-р дантай Нибоши Харүко нар л байгаа.

Коодоокангийн шүүлтийн дүрэм, Олон Улсын Жүдогийн Холбооны шүүлтийн дүрэм гэсэн 2 дүрэм бий.

  • Тэмцээний дэвжээ нь 8мх8м-с 10мх10м хүртэлх хэмжээтэй бөгөөд татами гэж нэрлэдэг байна. *Коодоокангийн дүрмийн дагуу бол 67, Олон Улсын Жүдогийн Холбооны дүрмийн дагуу бол 66 төрлийн "шидэлт"-ийн мэх, 29 төрлийн "даралт"-ийн мэхийг ашиглан ялалтын төлөө тэмцэлддэг.
  • Тэмцээн нь заагдсан хугацааны дотор явагдаж барилдааныг гартаа авсан хүн нь ялах ба хэн нэг нь "Иппон(цэвэр ялалт)" авсан тохиолдолд тэмцээн шууд дуусна.
  • Хэрвээ хэн нэг нь тэргүүлэх оноо аваагүй байгаа тохиолдолд нэмэлт цаг сунган барилдаж хэн түрүүлж оноо авсан (Алтан онооны дүрэм) нь ялдаг. Тэгээд ч хэн нь ч ялж чадахгүй тохиолдолд шүүгчийн шийдвэрээр ялагчийг тодруулдаг.
  • Тухайн тэмцээний дүрмээс хамаарч хайнцуулах ч тохиолдол байдаг.

Олимп зэрэг томоохон тэмцээнүүдэд 5 минут барилддаг.

Дагах барилдааны тухай

засварлах

Олимп болон ДАШТ зэрэгт 3-р байрын төлөөх барилдаан гаргахын тулд дүрмээр дагах барилдааныг бий болгодог. Үүнд нь шувтаргын барилдаанд ялагдсан бөхчүүд дундаас шөвгийн 4-т үлдсэн бөхчүүдтэй барилдсан бөхчүүд нь барилддаг юм.

Өрсөлдөгчөө хүч хурдын хувьд илт давуутайгаар шидэж, ар нурууны аль болох их талбайг татамид хүргэсэн бол "Иппон" болдог. Арай иппон гэж тооцохоор биш бол "ваза-ари", ваза-ари 2 удаа авсан тохиолдолд иппон болдог.

Хуучин юүкоо, коока гэх бага үнэлгээнүүдийг ашигладаг байсан ч одоо хэрэглэхээ больжээ.

Олон улсын дүрэмд өрсөлдөгчийнхөө нуруу, 2 далыг хоёуланг нь эсвэл нэгийг нь дэвжээнд хүрэхээр дарж, өрсөлдөгчийнхөө хөлд бие эсвэл хөлөө хавчуулагдаагүй нөхцөлд 25 секунд болбол "Цэвэр ялалт - Иппон", 20-25 секунд бол "Ваза-ари" гэсэн үнэлгээ авдаг. Гэвч Коодоокан жүдогийн дүрэм нь арай хатуу буюу 30 секунд нь иппон, 25-30 хооронд бол "Ваза-ари" авдаг.

Боох мэх болон өчих мэхэнд өрсөлдөгч нь бууж өгснөө илэрхийлж шүүгчид ойлгогдохоор дэвжээг эсвэл өрсөлдөгчөө 2-3 удаа цохивол (майтта - японоор бууж өгье гэсэн үг) цэвэр ялалт болдог.

Өчих мэхний хувьд бууж өгснөө илэрхийлэх нь тухайн тамирчны эрх бөгөөд тохой, мөрөндөө хүнд гэмтэл авсан ч ялах итгэлтэй байгаа бол "майтта" хийхгүй байсан ч болно. Гэвч энэ нь цаашид барилдаж чадахгүй болох магадлал өндөр тул хийхгүй байхыг зөвлөж байна.

Боох мэхэнд өрсөлдөгч нь ухаан алдсан бол цэвэр ялалт болдог.

Хөдөө орон нутгийн барилдаан болон бага насны түвшинд боох мэх болон өчих мэх нь бүрэн байдлаар орсон байвал өрсөлдөгч нь "майтта" хийгээгүй байсан ч аюулгүй байдлыг харгалзан үзэж цэвэр ялалтыг өгдөг.

Дунд сургуулийн сурагч нар нь өчих мэх болон гурван талтаар боох мэх хийх нь хориотой. Бага сургуулийн сурагч нар нь өчих болон боох мэх аль аль нь хориотой.

  • 1924 он: Хэвтээ барилдаанд хүчээр татан орохыг хориглов
  • 1929 он: Японы Эзэн хааны нэрэмжит жүдогийн тэмцээнд шинээр шүүгч нь 3 хүн байх, төрх байдал, ёс жаяг, арга техник зэрэгд суурилсан "Барилдааны эрхийг гартаа авч явсан учир ялах" гэсэн үнэлгээ нэмэгдсэн.
  • 1951 он: Коодоокан жүдогийн тэмцээнийг шүүх дүрэм
  • 1955 он: Коодоокан жүдогийн тэмцээнийг шүүх шинэчлэсэн дүрэм, "ваза-ари" авсаны дараах "даралт" нь 25сек байх гэх мэт
  • 1961 он: Олон Улсын Жүдогийн Холбооны жингээр барилдах систем. 4 жин
  • 1967 он: Олон Улсын Жүдогийн Холбооны дүрэм зохиогдов. ОУЖХ-ны 6 жингийн систем
  • 1976 он: Зуны олимпын жүдогийн төрөлд "коока" үнэлгээг хэрэглэв.
  • 1977 он: ОУЖХ-ны 8 жингийн системтэй болсон.
  • 1982 он: Коодоокан жүдогийн тэмцээнийг шүүх дүрэм, бага насныханд зориулсан дүрэм
  • 1997 он: ОУЖХ-ны ерөнхий хурлаар өнгөт өмсгөл хэрэглэж болохыг зөвшөөрсөн.

Коодоокан жүдо

засварлах

Япон улсаас гаралтай жүдог Каноо Жигороо нь Коодоокан хэмээх нэртэй өргөөнд анхлан хичээллүүлж эхлүүлсэн байна. Тиймээс жүдо нь Японд ялангуяа коодоокан жүдо гэж нэрлэгдэх тохиолдол бий. Голчлон Япон дотор хэрэглэдэг дүрэм байдаг зэргээс ингэж ялгаж нэрлэх нь их. Жирийн жүдо ч гэж ойлгож болно.

Өмсгөл болох Кодооканыг өөрөөр "жүдоги" болон "кимоно" зэргээр нэрлэдэг. Цагаан болон цэнхэр өнгөтэй байна. Тамирчид жүдогиг маш хүндлэх журамтай байдаг ба энэ бол анхны мэдлэг байх ёстой гэж үздэг.Цэнхэр болон цагаан өмсгөл нь нарны гэрэл болон далай тэнгисийг харуулдаг

Мөн үзэх

засварлах

Цахим холбоос

засварлах
 
Wiktionary
Wiktionary: Жүдо – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  Commons: Жүдо – Викимедиа дуу дүрсний сан