Каноо Жигороо (嘉納治五郎, 1860 оны 10 сарын 28 - 1938 оны 5 сарын 4) нь коодоокан жүдог үндэсдэгч, "Жүдогийн Эцэг" хэмээн нэрлэгддэг сурган хүмүүжүүлэгч, жүдочин юм.

Кано Жигороо

Намтар засварлах

Каноо овгийнхон нь удмаараа элит гэр бүл байв. Тухайн үед өвөг эцэг Жисакү нь архи үйлдвэрлэл, бага оврын хөлөгөөр тээвэр эрхлэн, түүгээрээ маш нэртэй байсан. Тэдний том охинтой гэр бүл болсон нь Жигороогийн эцэг Жироосакү байжээ. Жисакү нь Жироосакүд пүүсээ өвлүүлэх бодолтой байсан ч, Жироосакү нь Жисакүгийн хүү, өөрийнхөө хүргэн дүүдээ даатгаж, өөрөө худалдааны хөлөг онгоцны тээврийн пүүс байгуулан, Вадамисаки хэмээх усан боомт байгуулж, тухайн үеийн Самурайн засаглалын улс төрч Кацү Кайжюүгийн итгэлт түнш нь байжээ. Янаги Мүнэёшигийн хойд эх нь Жигороогийн эгч нь юм.

Жигороо нь Жироосакүгийн 3 дахь хүү болон төрсөн. Багын авъяаслаг тэрийг 13 настай байхад нь эцэг Жироосакү нь Мэйжигийн засгийн газарт уригдан нийслэл руу оржээ. Тэнд уран бичиг, англи хэл сурч 14-тэйдээ тусгай дамжаа болон, Кайсэй сургуулиудаар дамжин 1877 онд Токио дахь Эзэн Хааны их сургуульд (Одоогийн Токиогийн Их Сургууль) элсэн орсон. Тусгай дамжаа, Кайсэй сургуульд байхдаа сул биетэй байсны улмаас том, хүчтэй хүүхдүүдэд ялагдагддаг байв. Тиймээс хүчгүй байсанч гэсэн хүчтэй хүнийг ялж болдог жүжицүд суралцмаар байсан ч аав нь эсэргүүцэн зөвшөөрдөггүй байжээ.

Их сургуульд орсноор түүний хүсэл биеллээ олжээ. Гэвч тухайн үед соёлын хөдөлгөөн ид өрнөж, жүжицүгээр нэг их хүн хичээллэхгүй байсан тул, түүнд багш хайж олоход хэцүү байв. Арайхийн Тэнжиншинёо урсгалын жүжицүгийн багш Фүкүда Яносүкэг хайн олж шавь оржээ.

Фүкүда нь нас эцэслэж Тэнжиншинёо урсгалыг даан залгамжилсан Исо Тадатомо, түүнийг нас барсны дараа Китоо урсгалын жүжицүшийн Ийкүбо Цүнэтошигоос суралцсан.

1979 оны 7 сард Шибүсава Эйичигийн хүсэлтээр Асукасад байрлах Шибүсавагийн тусгай өргөөнд 7 сарын 3-наас Японд айлчлан ирээд байсан АНУ-ын 18 дахь Ерөнхийлөгч Улисс Симпсон Грантын өмнө жүжицүгийн үзүүлэн тоглолт хийж байсан байна.

Жүжицүгийн 2 урсгалаас төрөл бүрийн техникүүдийг боловсруулж, "Тэнцвэр алдагдуулах" чадварын онолтойгоо уялдуулан "жүдо"-г зохиосон байна. Их сургуулиа төгсөөд 1882 оны 5 сарын 5-нд, жүдогийн анхны дэвжээг Шитая дүүрэгт орших Эйшо сүмд босгож, Шоги, Игогийн зэрэг цолын системийг хэрэглэн, "Би, чи, бүгдээрээ сайн сайхан", "Бүх чадлаа сайн сайхны төлөө" зэрэг үгүүдийг уриа болгон Коодооканг байгуулсан байна.

Нөгөө талаас Гакүшюүин сургуулийн эрхлэгч, Токиогийн багшийн мэргэжлийн ахлах сургууль (одоогийн Цүкүбагийн Их сургууль), Хуучин 5-р ахлах сургууль (одоогийн Күмамотошийн Их Сургууль)-н захирал, хуучны Нада дунд сургуулийг байгуулах зэрэг сурган хүмүүжүүлэгчийн үйл хэрэгтээ ч гэсэн бүх хүчээ зориулж байсан байна. 1909 онд Япон улсаас анхлан Олон улсын олимпын хорооны гишүүн болж, 1911 онд Японы биеийн тамирын холбоог байгуулж, тэргүүн нь болов. 1912 онд Японы багийг дасгалжуулан анх удаа Стокхолмын зуны олимпын наадамд оролцов.

1936 оны Олон улсын олимпын хорооны хурлаар түүний оролцоотойгоор 1940 оны олимпын наадмыг Японд хийх болов. 1938 оны Олон улсын олимпын хорооны хурлаас харих замдаа (Ёкохама усан боомтод хүрэхээс 5 хоногийн өмнө) 77 настайдаа уушигны үрэвсэлээс болж энэ ертөнцийг орхижээ.

1978 оноос Каноо Жигороо Цомын тэмцээн зохиогдох болж, 2006 хүртэл 12 удаа зохиогдсон байна.

Цахим холбоос засварлах

  Commons: Каноо Жигороо – Викимедиа зураг, бичлэг, дууны сан