Жозеф Гиллемо (Франц: Joseph Guillemot, 1899 оны 10 сарын 1- 1975 оны 3 сарын 9) нь Францын хөнгөн атлетикч, 1920 оны Антверпены олимпын 5000 метрийн зайн гүйлтийн аварга юм.

Жозеф Гиллемо

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс:  Франц
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Жозеф Гиллемо
Төрсөн огноо 1899 оны 10 сарын 1
Төрсөн газар Франц, Ле Дора
Нас барсан огноо 1975 оны 3 сарын 9
Нас барсан газар Франц, Парис
 
Медалиуд
Зуны олимп
Алтан медаль – нэгдүгээр байр Антверпен 1920 5000м
Мөнгөн медаль – хоёрдугаар байр Антверпен 1920 10000м

Францын Ле Дорад төрсөн тэрээр Дэлхийн нэгдүгээр дайнд оролцож байхдаа ипритэд хордож, уушиг нь хүндээр гэмтжээ. Мөн зүрх нь төрөлхийн баруун талдаа байсан бөгөөд 160см өндөр, 54кг жинтэй, жижиг биетэй хүн байв. Ийм олон сул талтай боловч хүч авъяасаа дайчлан кросс гүйлтийн олон тэмцээнд түрүүлжээ.

1920 онд Гиллемо Францын армийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлэн, олимпод эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болов. Эхлээд 5000 метрийн зайд уралдсан бөгөөд уг төрөлд Финландын Пааво Нурми түрүүлэх хамгийн магадлалтай тамирчнаар нэрлэгдэж байсан юм.

Шигшээ уралдаанд Нурми өөрийн хүчтэй өрсөлдөгч болох Шведийн 3 тамирчныг ялахын тулд санаанд оромгүй тактик баримталж, дөнгөж 3 дахь тойргоос хурдаа нэмэн тасарчээ. Түүнээс хоцролгүй үлдэж чадсан нь зөвхөн Гиллемо байлаа. Гэвч эхнээсээ хурдаа нэмж хүчээ барсан Нурми сүүлээ ядран, сүүлийн тойрогт Гиллемо хурдаа нэмэн, сүүлчийн эргэлтэд түүнийг гүйцэхэд байраа хадгалж чадсангүй, сүүлдээ бараг шогшсоор Гиллемогоос 4 секундын дараа барианд орсон байна. Ийнхүү Гиллемо олимпын аварга болжээ.

Гиллемогийн оролцсон хоёр дахь төрөл болох 10000 метрийн зайн гүйлтийн шигшээ уралдаан Бельгийн хаан Альбертын хүслээр төлөвлөснөөсөө 3 цагийн өмнө эхэлсэн юм. Түүнийг өдрийн хоолныхоо дараа л дуулсан Гиллемо баахан идчихсэн байлаа. Түүгээр ч зогсохгүй уралдааны гутал нь алга болсны улмаас уралдааны замд 2 размер томдсон гуталтай гарав. Гэсэн ч тэрээр мөнгөн медаль хүртэж чадсан билээ.

Олимпын дараа Гиллемо кросс гүйлтийн тэмцээнүүдэд оролцож, 1922 онд түрүүлснээс гадна Францын багийг 1922, 1926 онуудад аваргын алдарт хүргэсэн байна. Харамсалтай нь тэрээр 1924 оны Парисын олимпод улсынхаа хөнгөн атлетикийн холбоотой тохиролцож чадаагүйн улмаас оролцох боломжгүй болжээ.

Тэрээр 2 зайд дэлхийн дээд амжилт тогтоож байв: 2000 м (5:34.8), 3000 м (8:42.2).

Өдөрт бүтэн хайрцаг тамхи татдаг байсан Гиллемо 75 насандаа Парис хотноо нас нөгчжээ.