Желал ад-Дин (Алтан Орд)
Желал ад-Дин (Перс: جلال الدین خان ابن تقتمش; татар: Cäläletdin; казах: Jäleläddin; польш: Dżalal ad-Din) (1380–1412) нь 1411-1412 онд Алтан Ордыг захирсан хаан юм. Тэрээр Тохтамыш хааны Тагай бег хатнаас мэндэлсэн ахмад хөвүүн бөгөөд эцэг нь хаан ширээнээс зайлуулагдсны дараа дүү нарын хамт Москвагийн вангийн дэргэд гуйн амьдарч байгаад 1409 оноос Литва, Оросын хаад ноёдын дэмжлэгтэйгээр Алтан Ордын хаан суурины төлөө тэмцэж эхэлсэн. Түүнийг Оросын түүхэнд "Зелений Салтан Тохтамышевича" гэж бичдэг.
Намтар
засварлахМангудын Едигей тэргүүтэй ноёд Тугатөмөрийн угсааны Төмөрхүтлүгийг хаанд өргөмжлөн, Тохтамышыг зайлуулсны дараа 1399 онд Литва, Польшоос цэргийн тусламж авч Едигейн цэргийн эсрэг байлдаж ялагдсны дараа Тохтамыш Сибирь лүү зугтаж, хөвүүд нь Москвагийн вангийн ордонд хорогдон суув. Едигей нарын зүгээс тэднийг өгөхийг шаардсан ч, оросууд ирээдүйд ашиглахаар тооцон байлгаж, шаардлагыг эс тоов. Иймээс 1408-1409 онд Едигейгээр удирдуулсан цэргүүд оросын хотууд руу уулгалан довтлож байхад 1409 оны сүүлээр Тохтамышийн нэг хөвүүн Керим берди нь оросын дэмжлэгтэйгээр Сарай хотыг эзлэн, Болд хааныг хөөн түр зуур эзэгнэв. Едигей ноён оросын хотуудыг бүслэсэн цэргээ буцаан татаж Сарайг буцаан авч Керим бердийг зугтаалгав.
1410 онд Желал ад-Дин нарын татарууд Грунвальдын тулалдаанд Польш-Литвын талд байлдан гавьяа байгуулж, 1411 онд Литваас цэрэг-эдийн засгийн дэмжлэг авч Крымыг эзлэн, Сарай руу давшихад, Едигейтэй байлдаж байсан Төмөр хаан олигтой эсэргүүцэлгүй хотоос зугтав. Хорезмд Едигейн эсрэг байлдаж асан Төмөр хааны цэргүүд бүслэлтийг орхин буцаж Желал ад-Динтай байлдахаар Сарай руу давших зам зуур Тохтамышийн хүргэн эмир Газан гэгч Төмөр хаанаа алж, Желал ад-Динд бууж өгөв.
Ингээд 1412 онд Тохтамышийн хөвүүдийн ахмад Желал ад-Динийг хаанд өргөмжлөн, эмир Газаныг беглербег болгож, бүх цэргийг захируулав. Желал ад-Дины зарлигаар Кажулай ноёнд үлэмж тооны цэрэг захируулан Едигейг даруулахаар илгээсэнд ялагдав. Желал ад-Дин энэ зуур Астрахань, Казань, Крым, Сарайд өөрийн нэртэй зоос гарган, Москвагийн ван нэгдүгээр Василий, Тверийн ван Иван Михайлович нарыг алба татвараа төлөхийг шаардав. Энэ ёсоор 1412 оны 10 сарын 27 нд оросын хоёр ванг Сарайд ирэх үед Желал ад-Дин аль хэдийн нас барсан байв. Түүний үхлийн талаар мэдээ дутмаг ч, дүү нарынхаа аль нэгд алуулсан.
Өмнөх Төмөр |
Алтан Ордын Хаан 1411-1412 |
Дараах Керим берди |